“Синдромыг хавартай холбож болохгүй”

Хуучирсан мэдээ: 2019.03.20-нд нийтлэгдсэн

“Синдромыг хавартай холбож болохгүй”

Хавар болохоор хүний дархлаа суларч, аливаа өвчнөөр өвчлөмтгий болдог. Сэтгэцийн хувьд ч мөн адил. Үүнийг хаврын синдром ч гэж нэрлэдэг. Сэтгэцэд тулгамддаг асуудлын талаар, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Поликлиникийн эрхлэгч Д.Дэжидмаатай ярилцлаа.


-Яагаад хаврын синдром үүсдэг вэ?

-Хаврын улирлыг сэтгэцийн өвчлөлтэй холбож болохгүй. Хавар хүн бүрт ядаргаа, сульдалтын шинж тэмдэг илэрдэг. Энэ нь ажил, гэр бүлийн нөхцөл байдал, идэж, ууж байгаа хоол ундтай холбоотой. Сэтгэцийн өвчлөл нь хавар болон намрын улиралд сэдрэх хандлагатай байдаг. Үүнийг хүмүүс  хавар, намрын синдром ч гэж нэрлэдэг. Үнэндээ энэ нь дээр дурдсан ажил, гэр бүлийн байдал, хооллолттой холбоотойгоор үүсч буй ядаргаа, сульдаатай холбоотой юм.

-Ажил, гэр бүлийн уур амьсгал, хооллолт зэргээ зохицуулж чадвал хаврын синдромд өртөхгүй, сэтгэцийн хувьд ямар нэгэн асуудалгүй байж болно гэсэн үг үү?

-Ерөнхийдөө тэгж хэлж болно. Гэхдээ сэтгэцийн өвчин нь олон шалтгаантай. Гадаад болон дотоод шалтгаан бий. Удмын асуудал нь дотоод шалтгаандаа орно. Гадаад шалтгаанд ажиллаж байгаа орчин, нийгэмтэй дасан зохицол зэрэгтэй холбоотойгоор сэтгэцийн асуудал үүсдэг.

-Хэрхэн сэтгэл зүйгээ эрүүл байлгах вэ?  

-Ажил, амралтаа тэнцүү хуваарилж, зөв дадал хэвшүүлэх хэрэгтэй. Нийгэмтэй дасан зохицож чадахгүй, уурлаад, стресстэй яваад байвал олон асуудал үүснэ. Нойргүйднэ, ядарна, сульдана, уцаартай, юманд идэвхгүй болно. Тиймээс ядрах, сульдах болон дээрх шинж тэмдэг илэрвэл өөртөө анхаарал хандуулах хэрэгтэй. Үнэхээр унтаж чадахгүй, орчны дуу чимээ төвөгтэй санагдаад байвал сэтгэцийн эмчид хандаж болно.

-Стресс тайлах олон арга бий. Энэ бүхнээс өөрт тохирохыг яаж олох вэ?

-Амьсгалын дасгал, булчин сулруулах, хөгжим сонсох нь стресс тайлах түгээмэл арга. Мөн стресс үүсгээд байгаа зүйлийнхээ талаар ойр дотнын хүнтэйгээ ярилцах нь чухал. Сэтгэц эрүүл байвал бие эрүүл байна. Сэтгэц эрүүл байвал ажлаа хийж, амьдралаа аваад явчихна. Тиймээс өөрийн сэтгэл зүйтэйгээ ажиллаж, сэтгэцээ эрүүл байлгах хэрэгтэй. Энэ өвчнөөр өвчлөх үгүй нь хувь хүнээс шалтгаална. Эрүүл байя гэвэл өөртөө анхаар, ажил, амралтаа зөв хуваарил.

-Хаврын улиралд ямар шалтгаанаар өвчилсөн хүн танайхыг зорьж байна вэ?

-Стрессээс шалтгаалсан клиникийн тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо хавар эрс нэмэгддэг. Ядаргаа, сульдалттай хүн мөн архинд донтсон, архины тулгамдсан асуудалтай хүн, сэтгэцийн тулгамдсан асуудалтай буюу стресстэй байгаа хүн их ирдэг.

-Шар хадны эмнэлэгт эмчлүүлж байгаа хүнийг олон нийт сэтгэцийн хүнд өвчин туссан мэтээр ойлгодог. Гэтэл танайх стресстэй байгаа хүнд ч эмчилгээ үзүүлдэг. Энэ эмчилгээний талаар ярихгүй юу?

-Манай стрессийн шалтгаанд клиникт стресс тайлах сэтгэл заслын эмчилгээ, эмийн эмчилгээ, физик эмчилгээ хийдэг. Энэ бүхнийг тухайн хүний зовууриас шалтгаалан хийнэ. Манай тасаг 30 орны хүчин чадалтай ч маш урт дараалалтай, үйлчлүүлэгч олонтой байдаг. Энэ тасагт нэг хүн 10 хоногийн эмчилгээ хийлгэдэг.

СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ 2330 ХҮН ХЯНАЛТАД БАЙДАГ

-Сэтгэц  нь өвчилж байсан хүний өвчин хавар сэдрэх нь бий. Одоогоор танайд хэдэн хүн байнгын хяналтад байдаг вэ. Тэдний өвчин сэдэрсэн тохиолдолд яадаг вэ?

-Манайх 21 аймаг, дүүргүүдийн нэг, хоёрдугаар шатлалын эмнэлгээс ирж байгаа хүмүүст үйлчилдэг гурав дахь тусламж үйлчилгээний газар. Олон улсын өвчний ангиллын дагуу сэтгэцийн өвчтэй гэсэн онош тавиулж, энэ оношоор хяналтад байгаа зургаан дүүргийн 2330 хүн бий. Үүний ихэнхийг Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийнхэн эзэлж байгаа.

Хяналтад байгаа өвчтөний өвчин сэдрэнгүүт эмнэлэгт хэвтүүлдэг. Ингээд гарахдаа хяналтын эмчид эмнэлэгт хэвтсэн хуудсаа үзүүлж, эмчийн бичиж өгсөн эмийг цаг хугацаанд нь тогтмол ууж байх ёстой. Үүнд ар гэр, асран хамгаалагчийн үүрэг маш чухал. Ар гэрийнхэн нь өвчтөний эмийг цагт нь уулгахгүй, эмчид нь хянуулахгүй байвал өвчин сэдрэх магадлалтай.

-Сүүлийн үед хүмүүс сэтгэл зүйдээ их анхаардаг болсон. Үүнтэй холбоотойгоор сэтгэцээр өвчлөх тохиолдол сүүлийн үед нэмэгдэж байна уу, эсвэл багасч байна уу?

-Нийгмийн өөрчлөлттэй холбоотойгоор сэтгэцийн асуудал үүсч байгаа ч нэг, хоёрдугаар шатлалын эмнэлгийн үйлчилгээ чанартай явагдаж байгаа.

-Сэтгэцийн өвчний удамшил хэдэн хувьтай байдаг вэ?   

-Дотоод шалтгаант сэтгэцийн өвчин удамших хандлагатай байдаг. Тухайн өвчтөний дараагийн хэд хэдэн удмын үед ямар нэгэн байдлаар өдөөгдсөнөөр сэтгэцийн өвчин гарч ирдэг. Мөн удамшихгүй байх тохиолдол ч бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж