Нео нацист үзэлтэн Аризонад хууль сахиулж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.18-нд нийтлэгдсэн

Нео нацист үзэлтэн Аризонад хууль сахиулж байна

“Minutemen” бүлгүүд олширч, Хилийн харуулын (Border Patrol) агентууд нэмэгдэж, цагаачлалын тухай шинэ хатуу хууль батлагдсан ч энэ нь Аризонагийн элсэн цөлд зэвсэгт бүлэг удирдаж байгаа нео-Нацист үзэлтэнд хангалтгүй санагдаж байгаа гэнэ. “J.T” хэмээх Жейсон Рэди (Jason Ready) асуудлыг өөрийн гарт авч хар тамхины “нарко-террористууд” болон хууль бус цагаачдын эсрэг тэмцэл өрнүүлэхээр шийдсэн гэнэ. Одоог хүртэл тэрээр цөөн тооны хэдэн хууль бус хил зөрчигчийг илрүүлээд Хилийн харуулынханд хүлээлгэж өгсөн байна. Тэд мөн усанд живсэн цогцос олоод эрх баригчдад мэдээлсэн байна.

Хэдий тийм ч Рэдигийн бүлэг маш их зэвсэглэсэн бөгөөд гагцхүү еврей бус цагаан арьстнууд л Америкийн иргэн байх ёстой, цагаан арьстай бус бусдыг нь “эвээр болон хүчээр” Америкаас хөөж гаргах ёстой гэж үздэг Үндэсний Социалист Хөдөлгөөнийг (дэлхийн хоёрдугаар дайныг өдөөсөн Германы Адольф Гитлерын нам) баримталдаг нь хуулийн байгууллагынхныг жийрхэхэд хүргэдэг байна. “Бид зүгээр суугаад засгийн газрын хүлээгээд байж чадахгүй. Өвөг дээдэс маань тэмцдэг байсан” гэж Рэди ярьж байна.

Энгийн иргэд хилийн харуулын ажилд туслалцаж дэмжиж, сайн дурын идэвхтнүүд болох “Minutemen” хөдөлгөөн сүүлийн жилүүдэд Аризонад газар авч байгаа. Янз бүрийн харуулын бүлгүүд явганаар, машинаар, мориор, онгоцоор хилийн харуул  сайн дураараа хийж, сэжигтэй үйлдлүүдийн талаар Хилийн Харуулын албанд мэдээлдэг бөгөөд тэд ихэвчлэн хууль сахиулах байгууллагуудад хүндрэл үүсгэдэггүй.

Харин өмнө нь Тэнгисийн цэрэгт алба хаасан, 37 настай Рэди бол өөр асуудал. Тэр болон түүний нөхөд цэргийн хувцсаар хувцаслаж, бие хамгаалах сум нэвтэрдэггүй хантааз өмсөж, гаазын маск авч явдаг бөгөөд автомат буунуудаар зэвсэглэсэн. “Нео-Наци” гэж хэлж байгаа нь доромжилж байна гэж үздэг ч тэрээр “Үндэсний Социалист Хөдөлгөөнийг” дэмждэг гэж ярьдаг. “Эд нар бол Нацист гэдгээ нуудаггүй хүмүүс. Тэд ханцуйн дээрээ хас тэмдэг зүүж явдаг” гэж Өмнөд Мужийн Хуулийн төвийн Тагнуул, мэдээллийн төслийн Марк Поток ярьж байна. Рэди бол Аризона мужийн захирагч Жан Брьювер энэ оны дөрөвдүгээр сард цагаачлалын эсрэг хуульд гарын үсэг зурахад хүргэсэн иргэдийн цухалдал, бухимдлын нэг илрэл. Шинэ хуулиар хуулийн байгууллагын ажилтнууд сэжигтэй хүмүүсээс биеийн байцаалтаа үзүүлэхийг шаардан, хэрвээ хууль бус цагаач бол албандан гаргах үүрэг хүлээсэн.

Гэвч мужийн захирагч хангалттай арга хэмжээ аваагүй бөгөөд Ерөнхийлөгч Обамагийн хил хамгаалах талаар авч байгаа арга хэмжээнд сэтгэл хангалуун биш байна гэж тэр ярьсан. Одоогийн байдлаар энэ бүлэгтэй холбоотой ямар нэг асуудал үүсээгүй байна. Гэхдээ зохих ёсоор бэлтгэгдээгүй зэвсэгт бүлэг хууль сахиулах гэж оролдох нь “ноцтой үр дагаварт” хүргэж болзошгүй бөгөөд өөрсдийгөө болон бусдыг эрсдэлд оруулж байна. Би тэднийг хамтарч ажилла гэж урихгүй. Үнэндээ үзэн ядалттай холбоотой ийм бүлгүүд оролцсоноос оролцоогүй нь дээр гэж тус нутгийн шерифф Пол Бабю ярьж байна.

Рэдигийнх шиг ийм харуулын бүлгүүд ажилд туслалцаж, хууль сахиулах арга хэмжээ авах гэж оролдсоны үр дүнд олон мянган офицерын ажил хөнгөвчлөгдөж байна  гэж хуулийнхан ярьж байгаа. Рэдигийн бүлэг Фениксээс өмнө зүг 50 миль зайд байдаг цөлд эргүүл хийдэг бөгөөд хар тамхи зөөгчид энэ оны дөрөвдүгээр сард тус бүсэд каунтигийн дэд шериффыг буудаж байсан ажээ.

Газрын менежментийн товчооны рейнжерүүд (зэвсэгт цагдаа нар) Рэдийгийн бүлгийг нэг удаа харуулд гараад явж байхад нь зогсоосон бөгөөд тэд ямар нэг хууль зөрчөөгүй, мөн дайсагнасан хандлагатай байгаагүй гэж Деннис Годфрей ярьж байна. Харуулын ажлыг олон нийтийн (улсын) газар нутаг дээр хийж байсан бөгөөд Аризона мужийн бууны тухай зөөлхөн хууль зөвшөөрдөг тул буу эзэмших хууль зөрчөөгүй байсан байна. Хилийн харуулын зэвсэгт сайн дурын бүлгүүд 2004-2005 оноос олноороо бий болсон нь Америкийн анхаарлыг татаж эхэлсэн юм. Ийм бүлгүүд асуудлыг өөрсдөө шийдвэрлэх гэж оролдоогүй л бол хуулийн байгууллагынхан, эрх баригчид тэднийг зөнд нь орхидог байна. Ийм харуулууд хуулийн байгууллагын хувьд нэмэлт нүд, чих болдог ч хууль сахиулах ажлыг мэргэжлийн хүмүүст даатгаж үлдээх нь зүйтэй гэж Хилийн Харуулын хэвлэлийн төлөөлөгч Омар Канделариа ярьж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж