ММСУХ-ны лого бүхий хөшөө сүндэрлэв

Хуучирсан мэдээ: 2015.04.23-нд нийтлэгдсэн

ММСУХ-ны лого бүхий хөшөө сүндэрлэв

Өдгөөгөөс 20 жилийн өмнө буюу 1995 онд Төв аймгийн Баянжаргалан сумын Сайн хөөтийн адуун чулуу хэмээх газарт адуучны отрын бор гэрт Монгол улсын Манлай уяач Галын Баттөмөр, ММСУХ-ны анхны тэргүүн Галбадрахын Пунцагбалжир агсан, түүхийн ухааны доктор, сэтгүүлч А.Баярмагнай, Монгол улсын Тод манлай уяач, Хөдөлмөрийн баатар Д.Даваахүү,  Монгол улсын Алдарт уяач Энэбишийн Ганбат нарын таван хүн ММСУХ гэдэг их айлыг үүсгэн байгуулах тухай ярилцаж, улмаар тэр жилийн тавдугаар сарын 25-ны өдөр анхдугаар хурлаа зохион байгуулж байсан түүхтэй.

ММСУХ 20 жилийн ойдоо зориулан холбооны логог зэсээр товойлгон цутгасан чулуун суурь бүхий дурсгалын хөшөө бүтээлгэсэн бөгөөд 2015 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр тулгын чулуу тавигдсан тэр газарт мөнхөллөө.

Хөшөөний  нээлтэд ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, үүсгэн байгуулагч МУ-ын Тод манлай уяач, Хөдөлмөрийн Баатар Д.Даваахүү, МУ-ын Манлай уяач Г.Баттөмөр, Б.Содномцог, Дэд тэргүүн Ц.Туваан, Ажлын албаны дарга Ч.Сарангэрэл, НМСУХ-ны тэргүүн, М.Мөнхбаясгалан болон Ц.Баянжаргал, Ж.Баттулга, Я.Болдбаатар, Ц.Энхбат, Б.Саранхүү, Ц.Жамбалсүрэн нарын тэргүүлэгчид, “Нялгын хурд” МСУХ-ны тэргүүн Г.Бямбадорж, сум орон нутгийн удирдлагууд оролцлоо.

Улаан тууз хайчилсны дараа лам нар ном хурж хөшөөг шүншиглэн, морин хуурын эгшгэнд уртын дуучид ая дуугаа өргөсөн юм.

“Монгол уяач-3000” зөвлөгөөн боллоо

ММСУХ-ны  бодлого, үйл ажиллагааг танилцуулах, салбар холбооны үйл ажиллагаатай танилцан гишүүд, уяачдын санал бодлыг сонсох зорилготой “МОНГОЛ УЯАЧ-3000” зөвлөгөөнийг өнгөрсөн жилүүдэд 21аймагт  зохион байгуулсан билээ.

Аймгуудад явагдсан “МОНГОЛ УЯАЧ-3000” зөвлөгөөний үр дүнг Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн цаашид сумдад зохион байгуулах тухай шийдвэрийг гаргасан юм.

ММСУХ-ны түүхт 20 жилийн ойн хүрээнд сумдын “МОНГОЛ УЯАЧ-3000” зөвлөгөөнийг анх тулгын чулуу тавигдаж байсан Төв аймгийн Баянжаргалан сумаас эхлүүлэх чиглэлийг МУ-ын Их хурлын дэд дарга, ММСУХ-ны Ерөнхийлөгч Миеэгомбын Энхболд өгсний дагуу 2015 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр зохион байгууллаа.

Тус зөвлөлгөөнд ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, Дэд тэргүүн Ц.Туваан, МУ-ын Тод манлай уяач, Хөдөлмөрийн баатар Д.Даваахүү, МУ-ын Манлай уяач Г.Баттөмөр, МУ-ын Тод манлай уяач Б.Содномцог, Ажлын албаны дарга Ч.Сарангэрэл, НМСУХолбооны тэргүүн М.Мөнхбаясгалан, Тэргүүлэгч гишүүн Ц.Баянжаргал, Ж.Баттулга, Я.Болдбаатар, Ц.Энхбат, Б.Саранхүү, Ц.Жамбалсүрэн нар болон сум орон нутгийн удирдлага, “Нялгын хурд” МСУХ-ны тэргүүн Г.Бямбадорж, уяачдын төлөөлөл нийт 150 гаруй хүн оролцсон юм.

“Монгол уяач-3000” сумын зөвлөгөөнд оролцогсдод ММСУХ-ны Ерөнхийлөгч Миеэгомбын Энхболд илгээлт хүргүүлж, амжилт хүссэн. Мөн Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн сүүлийн жилүүдэд хийж хэрэгжүүлсэн ажлууд болон цаашид төлөвлөсөн ажлынхаа талаар товч мэдээлэл хийж, орон нутгийн уяачид санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, харилцан санал солилцон цаг үеэ олсон өндөр ач холбогдолтой боллоо.

“Уяачийн алдар” одонгоор шагналаа

ММСУХ-ны Тэргүүлэгчдийн хурлаар үндэсний хурдан морины уралдааныг хөгжүүлэх үйлсэд идэвх зүтгэл гаргаж, орон нутагтаа холбооны бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажилд хувь нэмэр оруулсан морины зүтгэлтэнд олгох “Уяачийн алдар” одонг бий болгохоор шийдвэрлэсэн юм.

Төв аймгийн Баянжаргалан суманд зохион байгуулсан “Монгол уяач-3000” зөвлөгөөний үеэр сумандаа олон жил хурдан морины хөгжлийн төлөө идэвх зүтгэлтэй ажилласан Лежнайн Доржбат, Гончигравжаагийн  Дүүрэн, Чогсомжавын Батцэсэм, Бадарчийн  Цогтсайхан, Гүрийн Бямбадорж нарын таван хүн “Уяачийн алдар” одонгоор шагнууллаа.

ММСУХ-ны Ажлын алба

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж