Наурыз - хаврын “төрсөн өдөр” | News.MN

Наурыз – хаврын “төрсөн өдөр”

Наурыз – хаврын “төрсөн өдөр”

Наурыз – хаврын “төрсөн өдөр”

Казак түмний үндэсний баяр болох Наурызын баяр гуравдугаар сарын 22-ны өдөр тохиодог. Тус баярыг угтан Улаанбаатар дахь Баян-Өлгий аймгийн Залуучуудын холбоо Монголын залуучуудын холбоотой хамтран өнөөдөр /2019.03.20/ “Казах ёс заншлыг сурталчлах өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Тус өдөрлөгт зориулж Казах үндэсний гэрийг тусгайлан барьснаас гадна хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдийг Наурыз көже, идээ будаагаар дайлж, Казах ардын дуу, доомборын аялгууг сонирхуулсан юм.

Энэ үеэр Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Б.Ербулантай Наурызын баярын утга учрын талаар хэсэг хөөрөлдлөө.

-Наурызын баярын утга учрын талаар яриагаа эхэлье?

-Юуны өмнө удахгүй болох Монгол Улсын нийт иргэд тэр дундаа Баян-Өлгий аймгийнхандаа, казах түмэндээ Наурыз баярын мэндчилгээ дэвшүүлж, айл бүрт эрүүл энх, аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе. Наурызын баярыг өнө эртнээс дэлхийн олон оронд тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ баярын хувьд шашинтай огт холбоогүй. Цэвэр ёс заншлын шинжтэй баяр юм л даа. Жил болгоны гуравдугаар сарын 22-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр өдөр, шөнө тэнцдэг. Ингээд гуравдугаар сарын 23-наас өдөр уртасч эхэлдэг. Тэгэхээр казах түмэн Наурызын баярыг нарны баяр, хаврын баяр гэж бэлгэшээдэг. Тиймээс хаврын эхний өдөр, шинийн нэгэн гэж тэмдэглэж ирсэн түүхэн уламжлалтай. Хавар болж, өдөр уртассанаар мал төллөж, цагаан идээ элбэг дэлбэг болж, шинэ ногоо цухуйж, амьтад ичээнээс гарна. Өдөр уртассанаар дэлхий дээрх амьд амьтан болгон эрч хүч авдаг.

-Мон­голчуудын Цагаан сартай адилхан гэж ойлгодог. Нау­рыз гэдэг үгийн утгын тухайд тайлбар хэлэхгүй юу?

-Наурыз бол хаврын “төрсөн өдөр” гэсэн үг. Казахын ард түмэн Наурыз тохиож буй энэ өдрийг “Улыстын Улы Күны” гэж нэрлэдэг. Энэ нь нийтээрээ хүндэтгэх тэнгэрийн ивээлт өдөр буюу “Зон олны алдарт өдөр” гэсэн утга илэрхийлдэг. Казах түмэн Наурызын баярыг тэмдэглэхдээ амьдралын үндэс болсон байгаль орчноо хайрлан хамгаалах үйлстэй холбохын зэрэгцээ ахас дээдсээ хүндэтгэн, багачууд хүүхдээ энхрийлж, төрөл төрөгсөд, хамаатан садантайгаа ёс төртэй золгодог зон олон юм.

Тэмдэглэж буй арга хэлбэрийн хувьд үндсэндээ монгол түмний Цагаан сарын баяртай яг адилхан. Өөрөөр хэлбэл, нүүдэлчин ард түмний хувьд өглөө эртлэн босч, ахмад настай хүмүүстээ очиж золгон, хүндэтгэл үзүүлдэг. Айл болгон тас таркан буюу идээ засна. Гэрт орж ирсэн хэнийг чбай сайхан дайлж, цайлаад гаргадаг уламжлалтай. Наурызын өдөр ямар ч хүнийг гомдоохгүйгээр аль болох баярлуулах ёстой. Тухайн айлд ирсэн хүн баян чинээлэг, ядуу зүдүү ч байж болно. Хүн болгоныг сайхан дайлна. Учир нь, тухайн зочилж ирсэн хүнийг дагаж, тэр айлд буян орж ирнэ гэж бэлгэшээдэг юм. Буянтай хүн орж ирж байна гэсэн утгаар хүндэтгэж, хүлээн авдаг. Энэ өдөр хэн нэгэнд муу үг хэлэх, архи дарс уухыг хатуу цээрлэж, аль болох сайн сайхныг хүссэн, ерөөлийн үг хэлдэг уламжлалтай Энэ сайхан уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор өдөрлөг зохион байгуулж байна.

Дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 300 сая гаруй хүн Наурыз баярыг өргөн тэмдэглэн өнгөрүүлдэг байна. 2010 оноос эхлэн Таджикистан, Азербайжан, Афганистан, Казахстан, Кыргызстан, Иран, Туркменистан, Турк зэрэг орны төлөөлөгчдийн өргөн барьсан хүсэлтийн дагуу НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дэх хуралдааны үеэр Наурызыг Олон улсын баяр болгон баталжээ. Юнеско  2012 оны есдүгээр сарын 30-нд Наурыз баярыг Дэлхийн халдашгүй соёлын өвд бүртгэсэн байна.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-20 202.9.45.52

Казакын ард түмэндээ баярын мэнд хүргэж,сайн сайхныг хүсэн ерөөе. Сайхан баярлаарай.Танай нэгэн өрхөд орж идээнээс чинь амсаж үзэхсэн дээ.Танай киз билүү тэрч их гоё шүү.халх нутгийн өвөөгөөс…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж