Хэнэггүй монгол араншин

Хуучирсан мэдээ: 2015.04.23-нд нийтлэгдсэн

Хэнэггүй монгол араншин

Хэлсээр сануулсаар байтал хэргээр зөрж байгаа мэт аашилдаг нь монголчуудын хэнэггүй, хээгүй нь дэндсэнийх гэлтэй. Хаврын хаварт гал, усны гишуун зовлонд нэг биш хүн нэрвэгддэг ч түүнээс сургамж авч байгаа юм үнэндээ алга. Ус цаг уурын хүрээлэн болоод Онцгой байдлын газраас цаг агаар болон нөхцөл байдлын мэдээллийг тухай бүрт хүргэж, анхааруулга, сануулга гаргах нь олонтаа. Ойрын өдрүүдэд  тал хээр нутагт гарсан түймрийн гамшгийн талаар хангалттай шуугилаа. Түймрээс болж хүний амь эрсдээгүй нь сайн хэрэг. Гэвч орон гэрээ галд хайлуулж, мал ахуйгаа түймэрт хуйхлуулсан айл өрх дөч гараад явчихлаа. Гал түймрийн аюул хэлж биш хийсч ирдэг нь үнэн. Үеийн үед тал нутгийнхан түймэрт өртдөг нь ч бас үнэн. Тиймээс ч туршлагатай малчид хаврын хаварт гал түймрээс урьдчилан сэргийлэх үүднээс гэр болон малын хашаа, хороогоо тойруулан цараа /зарим нутагт зээг гэдэг/ татах, түймэр ойртох үеэр тогоо хөмөрч галын эрчийг тойруулах зэргээр энгийн хэрнээ авралт арга саам хэрэглэдэг байсныг дунд үеийнхэн бол мэдэж байгаа. Харин залуу малчид маань түймрийн сургаар гэр орон, мал ахуйгаа хамгаалах талаар бодолцох нь бүү хэл эсэн мэнд зутаж гарснаа их юманд тооцож байна. Хоттой хонь, уяатай унаагаа чигт нь орхичихоод галд хуйхлуулсан малчдыг баалах гэсэндээ бус дэндүү болчимгүй, болгоомжгүй үйлдэлд нь харамссандаа ийн бичиж байна. “Түймэр нөмрөн ирэхээс урьтаж тэнгэрийн хаяа улайн, утаа үнэртэхээс эхлээд олон шинж тэмдэг илэрдгийн дээр  үхэр мал, нохой хүртэл төрөлх адгуус зөнгөөрөө мэдэрдэг. Түймэрт өртжээ гэхнээ уруудаж бус сөрж давдаг юм. Айхавтар ширүүн галаас салхи сөрөн зүтгэсэн адуу мал амьд үлдэх нь бий” хэмээн өвөө маань захидагсан. Ийм байтал хотныхоо амыг нээж амжаагүй харамсалт явдлыг залуугийн харгай гээд орхилгүй, дараа дараагийн гашуун зовлонд санамж сэрэмж болгох нь зөв болов уу. Хоточ банхар нь ганцаар амьд үлдээд харласан хот, шатсан гэрийн бууриа манан гасалж байсан нь уяа дээс, хаалт хашилтгүйнх байхыг үгүйсгэхгүй. Тиймээс малчдаа сайн мууд бэлтгэх, анхан шатны мэдлэгтэй болгох нь юунаас чухал байна.

“Анхан шатны тусламж амь настай дүйдэг” гэсэн үг бий. Зөвхөн малчид ч гэхгүй хот суурийн газрынхан ч болзошгүй аюул тулгарахад амь нас, үр хүүхэд, ар гэрийнхнээ авраад үлдэх чадвартай юу. Баянгол дүүргийн 16 дугаар байранд хазайлт үүссэн хэрэг гарлаа. Хэрвээ байшин нурсан бол яах вэ гэсэн ёрлосон мэт асуулт асууя. 240 хүнээс хэд нь өөрийгөө болон хайртай дотно хүмүүсээ аврах мэдлэг, дадалтай байсан бол. Газар хөдлөлт, цунами гэхчилэн гал усны аюулд үе үе автдаг газарт бол хүмүүстээ аюулын үед өөрсдийгөө аврах арга саам заадаг төдийгүй шаардлагатай айл өрх бүр олс дээснээс эхлээд гарын доорх багажтай байдаг гэнэ. “Манай улсад бол айл болгон  3-5 метр олс гэртээ хадгалчихад л аврагдах боломжтой доо” америкт суудаг найз маань хуучилсан нь санагдана. Аялж зугаалж яваад голын  усанд нэгнээ урсгачихсан тохиолдол олонтаа гардаг. Тэгвэл ийм үед ч олс бүхнээс чухал ажээ. Сэлж чадахгүй байж араас нь үсэрч нэгийг хоёр болгосноос олс шидэхэд ямар ч тэвдсэн хүн олсыг  бариад авдаг байх жишээтэй.

Гол мөрний мөс нимгэрч, цөн түрж эхэлсэн тул зам товчлох, цаг хугацаа хожих зорилгоор голын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг олонтаа сануулсан. Гэтэл ганцхан өдрийн дотор л гэхэд усанд унасан, мөс цөмөрсөн хэрэг хэд хэдэн газарт гарчээ. Тухайлбал: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумаас Мөрөнгийн чиглэлд явж байсан ХӨВ 29-24 улсын дугаартай Land 80 загварын автомашинтай зургаан  хүн Дэлгэрмөрөн  голд цөмөрчээ. Таван эрэгтэй, нэг эмэгтэй зорчигчид машинтайгаа усанд цөмөрч, машиныхаа дээр гарч зогсон амь дүйж байхад нь аврагч нар аварчээ. Тэдгээр хүмүүс  Бүрэнтогтох суманд семинарт оролцоод буцаж явсан  байна. Машиныг нь татан гаргаж,  Мөрөн суманд авчирсан. Мөн нийслэлийн Багануур дүүргийн тавдугаар хороо, Баянгол амралтын газрын орчим Хэрлэн голд морьтой хүн мөсөнд цөмөрсөн хэрэг өчигдөр гарчээ.  Иргэн М /25 настай,эр/ Хэрлэн голыг морьтой гатлах гэж байхад мөс цөмрөн мориноосоо унаж,  голын дунд хэсэгт бага хэмжээний мөсөн дээр тогтож байсныг олсоор канал татаж хамгаалалт хийн эсэн мэнд  гаргасан байна.

Хэнэггүй нь дэндсэн  монгол араншин зам тээврийн ослын үед олонтаа илэрдэг. Дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн мэдээллээр Улаанбаатар хотноо зам тээврийн осол хэргийн 332 дуудлага иржээ.   Тэдгээрийн 248 нь зам тээврийн ослын дуудлага байсан бөгөөд ослын есөн хэрэг  бүртгэгдэж  11  хүн хүнд хөнгөн гэмтэж, нэг хүн нас баржээ. Баянзүрх дүүргийн нутаг Шархадны зам, Ээж хайрханы зургадугаар гудамжинд  гарсан ослын үед нэр хаяг нь тодорхойгүй нэгэн эмэгтэй өөд болсон бөгөөд  эмэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон жолооч хэргийн газраас зугтан одсон байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө  BSB  төвийн урд замд марк дугаар тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 57 настай эрэгтэй Ж-г мөргөж хэргийн газрыг орхиж явсан  байх жишээтэй.

Ийнхүү зам тээврийн осол хэрэг үйлдчихээд хохирогчид туслахгүй зугтах тохиолдол мэр сар гарч байгаа гэнэ. Зам тээврийн осол үйлдчихээд осол хэргийн газрыг орхиж байгаа нь санаатай гэмт хэргийн шинж чанарыг агуулж хүлээлгэх хариуцлага хүндэрдэг, илэрдэггүй осол хэрэг гэж байдаггүйг Замын цагдаагийн газраас анхааруулсаар байгаа юм.

Энэ мэтчилэн хэлж бус хийсч ирдэг гамшиг, байгалийн эрсдлийн өмнө бид хэр бэлтгэлтэй байгаагаа бодох цаг болжээ. Хэнэггүй нь дэндсэн монгол араншингаа гээж, хийсээд ирсэн гамшгийг хохирол багатай туулах дадлыг хүн бүрт эзэмшүүлэх хэрэгтэй байна.

М.СУРА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж