“Eurovision” хөгжмийн наадмын 2014 оны ялагч, дэлхийн шоу бизнесийн ертөнцөд Кончита Вурст нэрээрээ алдаршсан, Австрийн дуучин Томас Нойвирт саяхан өөрийн шинэ уран бүтээл болох “Hit me” дуугаа гаргажээ. Урт хар үс, өтгөн хар сахлаар өөрийн гадаад төрхийг тодорхойлсон трансжендер дуучин Кончита энэ удаагийн уран бүтээл дээрээ огт өөр дүр төрхийг бүтээсэн байна.
Тэрбээр шинэхэн дууныхаа бичлэг дээр урт үсээ тайран, цайвар үс, сахалтай эрийн дүрээр гарч ирсэн нь дуу хөгжим сонирхогчдын сонирхлыг ихэд татаж байгаа аж. Энэ тухайгаа Кончита “Би сахалтай эмэгтэйн дүрээр Eurovision тэмцээнээс эхлээд хангалттай амжилтад хүрсэн. Энэ удаад би огт өөр хүнийг бүтээхээр шийдсэн” хэмээн ярьжээ.
Кончита Вурст өнгөрсөн жил өөрийгөө ХДХВ-ДОХ-ын халдвартай гэдгээ зарласан ба байнга эмнэлгийн хяналтад байдаг аж. Өдгөө 30 настай уран бүтээлч Кончита өөрийн бэлгийн чиг хандлага болон эдгэршгүй өвчнөө үл хайхран олны өмнө гарсан нь, өөртэй нь ижил асуудалтай олон хүнд урам зориг өгч, бусдын доромжлол тохуурхлыг даван туулах итгэл найдвар болж байгаа гэж үздэгээ илэрхийлж байжээ.
Эх сурвалж: DAILYMAIL
Холбоотой мэдээ