Н.Болд-Өрнөх: Цэнгэлдэхэд морио цоллуулахыг уяач бүр мөрөөддөг

Хуучирсан мэдээ: 2015.04.23-нд нийтлэгдсэн

Н.Болд-Өрнөх: Цэнгэлдэхэд морио цоллуулахыг уяач бүр мөрөөддөг

Н.Болд-Өрнөх: Төрийн наадмын хишиг хүртэж, цэнгэлдэхэд морио цоллуулахыг уяач бүр мөрөөддөг

Өмнөговь аймгийн Номгон сумын залуу уяач Н.Болд-Өрнөхтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Хүүхэд байхын л хурдан морины унаач хүү байсан бололтой? Тэр тухай яриагаа эхлэх үү?

-Тийм шүү, багадаа адуунд их хайртай хүүхэд байсан. Манай аавын ах, ээжийн эгчийнх морь малтай айлууд. Би ч амралт эхлэв үү үгүй юу л энэ хоёр айлд зуны өдрүүдийг өнгөрөөдөг байлаа. Миний авга ах Номгон сумын Алдарт уяач Зундуй байгаа юм. Харин нагац эгчийн нөхөр Өндөр Цэдэвийнх Хан уулын араар нутагладаг айл байсан. Нэгдэл нийгмийн үед амины хэдэн адуутай, түүгээрээ сайхан наадчихна. Анх би номхон хар морийг нь унаж, хөтлүүлж явсаар морь унаж сураад, хурдан хар морийг нь наадамд унадаг болсон. Үеийнхэнтэйгээ харьцуулахад хожуу морь унаж сурсан болохоор олон жил уралдаагүй ээ. Төдөлгүй морь хөтлөөч болсон доо. Тэгээд ч тэр үед одоо шиг наадам олон байсангүй. Жилдээ нэг л наадна. Хар морь айраг түрүү алдахгүй. Миний мэдэхийн нэг жилд хоёр ч аман хүзүү хүртэж байсан санагдана. Ингэж л тэр ахыгаа дагаж явсаар моринд хорхойтой болж, өдий хүртэл үнэнчээр зүтгэж явна. Харин манай авга ах Зундуйнх болохоор хурдан шарга адуунуудтай. Жилдээ нэг болдог наадамд айраг түрүү алдана гэж бас байхгүй дээ. Ах маань 13 настайгаасаа эхэлж морь уясан. Номгон сумандаа 60 гаруй түрүүтэй хүн дээ.

Үүнээс хэдэн жилийн дараа манайх хөдөө гарч амьдрах болсон. Тэр чинь 1990 он юм уу даа. Тэгэхэд аавын ах сумын наадамд дөрвөн айрагдаж, нэг аман хүзүүдсэн хүрэн азарга бэлэглэж, одоо төлүүдээр нь наадаж байна. Нэг жил найман хүрэн унага төрж би бүгдийг нь уяж байлаа шүү дээ. Анх 1997 онд морь уяж, хүрэн даагаа Номгон сумын наадамд аман хүзүүдүүлж байлаа.

-Хүрэн азарга хаанахын угшилтай адуу вэ? Адуу хэр цуглуулж байна?

-Манай ахын унаган адуу, Номгоны Хачигийн угшилтай. Зургаа, долоон жилийн өмнөөс Дундговь, Дорноговиос хэдэн сайхан адуу авсан. Одоо тэр Дорноговиос авчирсан адуунууд сайхан давхиж байна. Сүүлд Сүхбаатарын бараг бүх сумдаар явж адуу авлаа, хурдан байна. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас Мөнхтайван ахтайгаа явж, хоёр битүү үрээ авчирсан юм. Тэр авчирсан хээр үрээ Говьшанхын хурдад түрүүлж, энэ жил улсын наадмаар айргийн тавд хурдалсан. Харин тэрэнтэй цуг авчирсан халзан үрээ гурав түрүүлчихээд байна. Энэ жил Төв аймгийн Зуунмод хотын 100 жилийн ойн наадамд наймаар давхисан. Би тэр уралдаанд гурван үрээтэй очоод халзан үрээ найм, нэг үрээ есөд хурдалсан. Манай говийн адуу хурдан, говийн уяачид мундаг байна даа гэж даа гэж би боддог юм.

-Энэ жил та одтой байж төрийн наадмын хишиг хүртсэн. Тэр үеийг эргээд дурсвал?

-Үнэхээр баярлаад баршгүй юм болсон. Төрийн их баяр наадам, халхын том дошинд хэн хүссэн нь айраг түрүү хүртээд байдаггүй шүү дээ. Говьшанхын хурдад түрүүлсэн болохоор нь их урам орсон л доо. Тэгээд Мөнхтайван ахтайгаа ярьж байгаад улсад уралдъя гэж бодсон юм. Луу жил гарсаар наадмын өмнө аймгийн Алдарт уяач Цогбадрахын нэрэмжит наадам Элст багт болж, хээр үрээ түрүүлсэн нь энэ жилийн анхны наадам байлаа. Эндээс Хонгороор дайраад гурван үрээгээ ачаад, эхнэр, морины хүүхэдтэйгээ гурвуулхнаа гараад явсан. Хүн танихгүй, жаахан бэргэж байгаад, нэг давааны ард буутал Монгол улсын Алдарт уяач Даваанямын сунгаа нөгөөдөр нь болно гэнэ. Тэр сунгаанд хээр үрээгээ тавьтал түрүүлээд ирэхэд нь наадмаар юм дуулгах юм болов уу гэж бодсон. Тэр үед Монгол улсын Алдарт уяач Сандагдорж, Төв аймгийн Жамбага гэж алдартай уяачид харчихаад “Зүүн тийшээ сунгаад үз. Манай Донойн худгийн сунгаанд ингэж хурдалж байгаа адуу төрийн наадамд ордог л юм  даа” гэж хэлж билээ. Түүнээс цааш яваад Төв аймгийн Сэргэлэн сумын ар дээр Шийтэрийн зээрд азарганы нутагт очиж майхнаа босгоод Төв аймгийн Зуунмод хотын 100 жилийн ойд хоёр морио уралдуулчихаад, ганц хээр үрээгээ аваад Төв аймгийн Алдарт уяач Хэрлэнтэй нийлж “Ажнай” галд ирж буусан. Тэгэхэд Мөнхтайван ах маань хотод тосч авсан юм. Хүсэн хүлээсэн уралдааны өдөр ч боллоо. УИХ-ын гишүүн Ажнайн Бат-Эрдэнэ ахынд олуулаа зурагт үзээд сууж байлаа. Тогтож сууж үзэхэд бас л хэцүү юм билээ. Цагаан хөтлөөр гурваар гараад ирэхээр нь морь барианы газар руу “чавхадчихлаа”. Машинаар явах боломжгүй байсан болохоор гурван км хэртэй газар гүйгээд очтол цэнхэр хашаанд орчихсон байсан. Хангай дэлхийдээ мөргөчихөөд л гүйгээд очтол өөрөө бахардаад уначихсан./инээв/  Үнэхээр аз од гийсэн жил байлаа. Төрийн наадмаасаа хишиг хүртээд, цэнгэлдэхэд морио цоллуулахыг уяач бүр л мөрөөддөг шүү дээ.

-Улсын наадмаас айраг хүртээд ирэхэд нутгийн зон олон тань хэрхэн хүлээн авсан бэ?

-Нутаг ус, аавынхаа нэрийг гаргах сайхан юм билээ. Одоо ч техник хөгжөөд олон телевиз баяр наадмыг хөдөө орон нутагт шууд дамжуулчихаж байна. Айрагдлаа, утас хангинаад л эхэлж байгаа юм чинь. Манай галынхан, найз нар зурагтаар харчихаад аав дээр шууд яваад очсон гэсэн. Тэр үед аав хөдөө байсан болохоор мэдээгүй байж л дээ. Хэдэн уйлсан хүн ирэхээр нь гайхаад “юу болоо вэ?” гэтэл “таны хүү хээр үрээгээ улсад айрагдуулчихлаа” гэж. Ингэж л намайг очихоос өмнө баяраа эхэлчихсэн байсан хүмүүс дээ. /инээв/
Бид мялаалгынхаа наадмыг наймдугаар сарын 27-нд хийсэн. Сүүлийн хэдэн жил манай аймгаас төрийн хишиг хүртсэн уяач гараагүй байсан юм.

-Наадмын дараа хаагуур наадав?

-Дундговийн бүсэд дундуур давхисан.

-Анх битүү үрээ авч байлаа гэсэн. Морь танихдаа сайн бололтой?

-Тийм ээ, битүү үрээ Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Өндөр Чулуунаас авсан юм. Их олон хурдан адуутай Чулууны цуутай азарганы төл юм. Өмнө нь даага, шүдлэнд уясан ч тийм амжилттай болоогүй юм билээ. Адуу авахаасаа өмнө Сүхбаатарын Баяндэлгэрт нэг бор азаргыг хавар харсан ч Чулуун гуайн адуугаар дайрч явахдаа хээр үрээтэйгээ таарсан. Ингээд хээр, халзан хоёр үрээг авахаар болж үнэ тохироод авсан. Өгье гэсэн сайхан сэтгэл байсан болов уу. Ирээд л хэд хоногийн дараа Баян-Овоо суманд болсон наадамд хээр үрээ шууд түрүүлсэн. Энэ хоёр үрээг уяан дээрээс нь авсан юм. Би ер нь зүүн талаас авсан адуунуудаа өөрөө шинжиж авдаг. Хэд хэдэн морь авсан байгаа. Өнгөрсөн өвөл хоёр их морь авчирсан. Уулбаян сумын  бүдүүн Шагдар гэж хүний анхны “Их хурд”-д орсон хонгор азарга. Буурал уяачаас би хоёр битүү их морь авчраад, нэгийг нь хүн хоргоогоод байхаар нь урагшаа Ханбогд руу зарчихсан. Нөгөө нь хул нь энэ жил тав түрүүллээ. Өмнөговь аймагт аман хүзүүдэж, Номгон сумын хаврын наадмуудад хоёр, Хонгор нутгийн ойд нэг, бас нэг бүсийн наадамд нэг тус тус түрүүлсэн хурдан ажнай байгаа даа.

-Морь шинжих эрдмийг хэнээс суралцсан бэ?

-Багын л моринд дуртай хүүхэд байсан гэж хэлсэн дээ. Манай аав, ах нар адуу их сайн шинждэг хүмүүс. Энэ тухай одоо ч нутгийнхан ярьдаг юм. Аав маань надтай хамт морь уяж байна. Мэдээж аавын нөлөө зөвлөгөө их бий.

-Залуу уяач гэж өөрийгөө танилцуулсан.  Гэхдээ их олон айраг түрүүтэй бололтой?

-Нарийн тоолж байгаагүй. Олон жил морь уяж байна. Дээхэндээ медаль өгдөггүй байсан шүү дээ. Медаль өгч эхэлснээс хойшхийг тоолбол том жижиг наадмуудын 100-гаад медаль бий. Үүнээс энэ жил арван хэдэн адуу орууллаа. Энд сонирхуулахад би “Магнай хурд” галын уяач шүү дээ. Энэ жилийн наадмын айраг хүртсэн хээр үрээ Мөнхтайван ахынх, би уяач нь. Тайван ах бид сүүлийн хоёр жил уяа нийлээд  байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа.

-Та бүхэнд ч баярлалаа. Та бүгдийн ажил үйлс алтан тууртын босоо цагаан хийморь шиг үргэлж өөдөө байх болтугай.

"Тод магнай" сэтгүүл №36

Эх сурвалж: www.todmagnai.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж