Монголын уран сайхны “Говийн зэрэглээ” киноны Арслан, “Мөнгөн буйл” киноны Содном, “Загийн алим” киноны жолооч, “Хэцүү даалгавар” киноны декан, “Би нисэх дуртай” киноны лүглэгэр эр, “Гарын таван хуруу” киноны хөрш зэрэг дэлгэцийн олон бүтээлээрээ алдаршсан тайз, дэлгэцийн урлагийн нэрт мастер, найруулагч, жүжигчин, сурган хүмүүжүүлэгч Г.Доржсамбуу агсны мэндэлсний 70 насны ой тохиож байна. Тэрээр 1949 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд мэндэлжээ. Нэрт найруулагч, жүжигчин агсны дурсгалыг хүндэтгэх нэгэн арга хэмжээг уран бүтээлчид зохион байгуулахаар болсон байна.
Улсын драмын эрдмийн театраас “Бид мартахгүй” төслийн хүрээнд Г.Доржсамбуу агсны “Тэнгэр мэднэ” дурсамж хүндэтгэлийн тоглолт маргааш/2019.03.22/ тус театрын байранд болно.
Г.Доржсамбуу найруулагч 1981-1991 онд Улсын багшийн дээд сургуулийн Кино-драмын тэнхимд Жүжиглэх ур чадварын багшаар амжилттай ажиллаж, УГЖ Ш.Алтанцэцэг, УГЖ С.Лхагвасүрэн, УГЖ С.Өлзийхүү, УГЖ Л.Дэмидбаатар, УГЖ И.Одончимэг, УГЖ Ж.Оюундарь, УГЖ У.Уранчимэг, УГЖ Д.Хүрэлхүү зэрэг 100 гаруй уран бүтээлчдийг төрүүлж гаргасан нь Монголын кино урлагийн ертөнцөд өөрсдийн орон зайгаа эзэлж, уран бүтээлээрээ түүчээлэн байна.
Г.Доржсамбуу нь 1966-1994 онд тус Улсын драмын театрт жүжигчин, ерөнхий найруулагч, театрын даргаар ажиллан, Л.Ванган “ЭЗЭД” жүжгийн Гант, А.Папаян “ЦАГ ӨӨР БОЛЖЭЭ” жүжгийн Эдуард, Б.Брехт “ЭХИЙН СЭТГЭЛ” жүжгийн Дэвид зэрэг 20 гаруй жүжгийн гол болон туслах дүрийг бүтээж, Ч.Чимэд “ХҮНИЙ САНАА”, Д.Мягмар “НАЙРЫН ШИРЭЭНИЙ НУУЦ”, Г.Ибсен “НОРА” зэрэг дэлхийн болон үндэсний 30 гаруй жүжгийг найруулан тавьж байсан театрын нэрт зүтгэлтэн юм.
“Тэнгэр мэднэ” дурсамж хүндэтгэлийн тоглолтын хөтөлбөр: /2019.03.22 УДЭТ/
- 13:00 цагт гэрэл зургийн үзэсгэлэн
- 13:30 цагт “Арслан” цомын шагнал гардуулах ёслолын ажиллагаа
- 14:00 цагт “Тэнгэр мэднэ” дурсамж хүндэтгэлийн тоглолт.
Холбоотой мэдээ