"Улаанбурханаар өвчилсөн хоёр иргэн эмчийн хяналтаас гарсан” | News.MN

"Улаанбурханаар өвчилсөн хоёр иргэн эмчийн хяналтаас гарсан”

"Улаанбурханаар өвчилсөн хоёр иргэн эмчийн хяналтаас гарсан”

"Улаанбурханаар өвчилсөн хоёр иргэн эмчийн хяналтаас гарсан”

Дэлхий даяар улаан бурхан өвчний дэгдэлт өндрөө авах болсон. Манай улсад ч энэ өвчний дэгдэлт гарч болзошгүйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сануулж байв. Өнгөрсөн онд олон улсын хэмжээнд энэ өвчний 229.066 тохиолдол бүртгэгджээ.

Манай улсад он гарснаас хойш буюу энэ сард хоёр ч тохиолдол бүртгэгдсэний нэг нь эл вирус гадаад улсаас дамжин ирсэн анхны тохиолдол болохыг Эрүүл мэндийн яамнаас өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, энэ сарын 6-нд “Оюу толгой” компанийн Энэтхэг Улсын инженер улаан бурхан өвчнөөр өвдсөнийг тусгаарлах арга хэмжээ авч, шинжилгээ авсан байдаг. Үүнээс дөрвөн хоногийн дараа /2019.03.09/ энэхүү халдварын хоёр дахь тохиолдол Говьсүмбэр аймагт бүртгэгдсэн юм. Тус аймгийн харьяат дунд сургуулийн сурагч 13 настай хүү улаанбурхан өвчнөөр өвдсөнийг Эрүүл мэндийн яамнаас ажлын хэсэг байгуулан ажиллаж, шуурхай арга хэмжээ авсан. Иймд хүн амын дунд улаанбурхан өвчлөл дахин дэгдэж, цар хүрээгээ тэлж болзошгүй гэх битүүхэн айдас хүмүүсийн дунд бий. Иймд энэ төрлийн халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа талаар Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс тодрууллаа.

-Зүүн Өмнөд Ази болон ОХУ, Хятадад улаан бурхан өвчний дэгдэлт өндөр байгаа. Манай улсад энэ өвчний хоёр тохиолдол бүртгэгдлээ. Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар ямар арга хэмжээ авч байна вэ?

-Улаан бурхан өвчний тархалт Зүүн өмнөд Азийн бүсийн Энэтхэг, Тайланд, Бангладеш, Номхон далайн баруун бүсийн Филиппин, Малайз, БНХАУ, Европын бүсэд Украин, Гүрж, Серб, Итали болон ОХУ, БНХАУ-д дэгдлээ. Энэ нь вакцинжуулалтад хамрагдах боломжгүй, нэн ядуу иргэд болон дүрвэгсдийн дундаас өвчний вирус анх дэгдсэн.  Манай улсанд өнгөрсөн онд энэ өвчний тохиолдол нэг бүртгэгдсэн.  Гэхдээ энэ нь батлагдаагүй, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лабораторийн шинжилгээгээр ийм дүгнэлт гаргасан.  2019 он гарснаар Оюутолгой компанийн ажилтан Энэтхэг улсын иргэн улаан бурхан өвчнөөр өвдсөн анхны тохиолдол гарсан. Бид тус улсын иргэнийг тусгаарлаж, өвчний  голомтод очиж ариутгалын арга хэмжээг шуурхай авлаа. Мөн энэ өвчний хоёр дахь тохиолдолд Говь сүмбэр аймагт гарч 13 настай хүү өвдсөн байсныг өвчтөнийг тусгаарлан эрчимжүүлсэн эмчилгээ хийж, аймгийн удирдлага, холбогдох байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулж өвчний голомтыг халдваргүйжүүлсэн. Товчхондоо, дээрх хоёр өвчний голомтыг устгаж, аюулгүй болгосон гэсэн үг. Улаанбурхан өвчин нь агаар дуслын замаар дамждаг вирусын гаралтай.

-Өвчний голомтыг устгаж, аюулгүй болгосон гэдэг нь  дээрх хоёр хүн эдгэрсэн гэсэн үг үү?

-Тийм. Өвчин бүрэн эдгэсэн. “Оюутолгой” компанийн ажилтан Энэтхэг улсын иргэн ажлаа үргэлжлүүлж байна. Говьсүмбэр аймгийн харьяат 13 настай хүү хичээлдээ явж байгаа. Түүний тухайд  өвчний үе шат нь хөнгөн байсан. Эмчилгээ хийж эхэлснээс хойш 10 хоногийн дотор өвчтөнүүд бүрэн эдгэсэн. Товчхондоо, дээрх хоёр өвчний голомтыг цомхотгож, аюулгүй болгосон гэсэн үг. Улаанбурхан өвчин нь 14 хоногт эдгэдэг. Агаар дуслын замаар халдварладаг энэ вирусээр халдварлаж, өвчин хүндэрсэн л бол зайлшгүй эмчид хандах шаардлагатай. Харин өвчний хөнгөн үе шатад эмчээс зөвлөгөө авч гэрээр эмчилгээ хийж эдгээх боломжтой. Ингэхдээ заавал тухайн өвчтөнийг тусгаарлах хэрэгтэй. Орон сууцанд амьдардаг иргэд аль нэг өрөөндөө тусгаарлаж болно. Монгол гэрт амьдардаг хүмүүс гэр бүлийн гишүүнээ мөн л тусгаарлах арга хэмжээ авах хэрэгтэй. Яаж тусгаарлах вэ гэдгийг гэр бүлийн гишүүд ярилцаж шийдэж болно. Ингэхдээ гаднаас хүн оруулахгүй байх нь чухал.

-Улаанбурханаар өвдсөн 14 настай хүүгийн биеийн байдал ямархуу байсан бэ?

– Хүүд үзлэг хийхэд улаанбурхан өвчнөөр өвдсөнөөс хойш 10 хонож байсан. Бие дээрх гөвдрүүт тууралт нь хүндрээгүй, хатсан байдалтай байсан. Хүү 2009 онд анх вакцин хийлгэснээс хойш дахинд вакцинд хамрагдаагүй, дархлаа нь суларснаас болж улаан бурхан туссан байх магадлалтай. Энэ төрлийн өвчнөөр тусах эрсдэл томуу, томуу төст өвчнөөс зургаа дахин өндөр байдаг. Халдварын нууц үе нь 9-11 хоног юм. Энэ үед хүүхэд болон насанд хүрсэн иргэн өндөр халуурч, нүд нуухдах төдийгүй толгой нүүрний хэсгээс бие хүртэл улаан гөвдрүү гарч эхэлнэ. Өвчин хүндэрвэл хатгаа болох, хоолой боох буюу ларингит /1990-ээд оны үед монголчууд энэ өвчнөөр маш их өвдөж, олон хүүхэд нас барж байсан/, цаашлаад мэдрэлийн системд нөлөөлж  дүлийрэх, хараагүй болох, саа тусах аюултай. Түүнчлэн жирэмсэн эмэгтэйн хүүхэд зулбах өндөр эрсдэлтэй төдийгүй цаашлаад амь насаа алдаж болно. Гэхдээ монголчууд улаан бурхан тусахгүй байх боломжтой. Үүнээс эрүүл мэндээ хамгаалах хамгийн гол зүйл нь урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдах ёстой. Ингэснээр аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх эрсдэл багасч, дархлааг дэмжинэ. Манай улс улаан бурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг 1974 онд хийж эхэлснээс хойш есөн удаа нэмэлт дархлаажуулалт хийсэн байдаг.

Улаанбурханы вакцинжуулалтад 1994 оны аравдугаар сард 218 мянган хүүхэд хамрагдсан бол 2016 онд онд зургаан сартайгаас таван нас хүртэлх 347 мянган хүүхэд мөн 18-30 насны 550 мянган хүнийг дархлаажуулсан.

-Нэмэлт дархлаажуулалт болон товлолын вакцины ялгаа нь юу вэ?

-Хүн амын тодорхой зорилтод бүлгийг нэмэлт дархлаажуулалтын вакцинд хамруулдаг. Тухайлбал, дархлаа нь суларсан, “улаан бурхан” өвчнөөр өвдөж болзошгүй гэж үзсэн иргэдэд үнэ төлбөргүй тарилга хийдэг. Мөн товлолын вакцинд хамрагдаж хамрагдаж чадаагүй хүүхдүүд нөхөн дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Вакцин нь биологийн гаралтай учраас эрүүл мэндийн ямар нэгэн эмгэг /ханиад хүрсэн, халуурах нүд өвдөх, хамраас нус гоожих/ илэрсэн тохиолдолд хийдэггүй. Иймд товлолын вакцинаас хоцрох тохиолдол бий. Товлолын вакциныг өдөр бүр харьяа дүүрэг, сумын өрхийн эмнэлэгт хийлгэж болно. Ингэхдээ эрүүл байх шаардлагатай. Ерөнхийдөө товлолын, нэмэлт дархлаажуулалт болон нөхөн дархлаажуулалтын вакциныг үнэ төлбөргүй хийдэг. Харин сайн дурын вакцинжуулалтад тухайн иргэн 10 мянган төгрөгөөр аливаа өвчний эрсдэлээс  эрүүл мэндээ хамгаалах боломж нь нээлттэй.

-Улаанбурханы эсрэг вакцинжуулалтыг зөвхөн ХӨСҮТ-д л хийж байгаа нь хангалтгүй гэж шүүмжлэх боллоо?

-Улаанбурханы өвчлөлөөс сэргийлэх тарилгыг зөвхөн ХӨСҮТ-д хийгээгүй. Аймаг орон нутгийн сум, нийслэлийн есөн дүүргийн өрхийн эмнэлэгт хийлгэж болно. Товчхондоо, дархлаажуулалтын 543 цэгт дээрх дурдсан вакцинжуулалт хийж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ёоххххх 2019-03-20 203.217.138.1

Ямар тэнэг гарчиг вэ. Эдгэсэн гэж бичээч. Хяналтаас гарсан гэдэг чинь зугтсан гэсэн үг биз дээ. Харьцангуй мэргэжлийн гэж боддог сайт маань иймэрхүү хүн төөрөгдүүлсэн мэргэжлийн бус юм бичээд байхаар яанам бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж