Далай ламын хойд дүрийг Хятадын хуулийн дагуу тодруулах ёстой

Хуучирсан мэдээ: 2019.03.20-нд нийтлэгдсэн

Далай ламын хойд дүрийг Хятадын хуулийн дагуу тодруулах ёстой

Далай ламын хойд дүрийг Хятадын хуулийн дагуу тодруулах ёстой

Түвдийн шашны тэргүүн дээрхийн гэгээн Далай лам Түвдийн бослогын 60 жилийн ойг тохиолдуулан даваа гаригт /2019.03.18/ "Ройтерс" агентлагт ярилцлага өгсөн юм. Энэ үеэр тэрбээр өөрийнхөө хойд дүрийг Энэтхэгээс тодрох тухай цухас дурдсан байна.

Ярилцлагын үеэр өдгөө 83 настай Далай лам “Хятад улсын хувьд дараачийн Далай ламыг тодруулах асуудал маш чухал зүйл. Тэд энэ хэрэгт надаас ч илүү санаа зовж суугаа. Намайг нас барсны дараа та бүхэн хоёр Далай лам харах болно. Нэг нь эрх чөлөөт Энэтхэг оронд тодорно. Харин нөгөө нь Хятад улсын тодруулсан хэн ч хүндэлдэггүй, хэн ч шүтдэггүй хоёр дахь Далай лам. Ингээд Хятад улсад дахин нэг санаа зовних асуудал нэмэгдэнэ. Ийм зүйл л болох болно” хэмээн хэлжээ.

Түүний ярилцлага "Ройтерс" дээр гарсны маргааш Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Жэн Шуан хэвлэлийн хурлын үеэр Далай ламын хойд дүрийг тодруулах асуудалд хариулт өгсөн байна.

“Далай ламын хойд дүрийг тодруулах нь шашин зан үйл, ёс заншлын цогц арга хэмжээ. Хятад улс шашны эрх чөлөөт бодлоготой улс. Хойд дүрийг тодруулах үйл явцыг бид холбогдох хууль дүрмийн дагуу хүндэтгэн хамгаалах ёстой. Энэ дүрэм журам, уламжлал нь хэдэн зуун жилийн өмнөөс мөрдөгдөж ирсэн. Одоогийн 14-р Далай лам ч мөн тэрхүү түүхэн ёс заншил, зан үйлийн хүрээнд тодорсон. Тиймээс Дараагийн Далай ламыг илрүүлж, залах ажил түүхэн зан заншил, шашны уламжлалт  зан үйлийг дагахаас гадна хууль дүрэмд нийцэж буй ба Хятадын төв засгийн газраар баталгаажуулах ёстой” хэмээн Жэн Шуан мэдэгдсэн байна.

Хятадын засгийн газар 2007 онд Шашны хэрэг эрхлэх газар байгуулжээ. Энэхүү байгууллага нь Далай ламын хойд дүрийг тодруулах үйл явцыг зохион байгуулж, хяналт тавьдаг байна. Уг байгууллагаас гаргасан журмын хоёрдугаарт зааснаар “Далай ламын хойд дүрийг тодруулах явц нь үндэсний эв нэгдлийг хамгаалан, шашны хоорондын болон нийгмийн эв нэгдлийг бэхжүүлж, Түвдийн шашны хэв журмыг сахисан байхаас гадна гадны улсын ямар нэгэн хувь хүн, албан байгууллагын хараа хяналтнаас ангид байх ёстой” гэсэн байдаг аж.

Түвдийн шашны тэргүүн 14-р Далай лам 60 жилийн өмнө буюу 1959 оны эхээр Хятадын дэглэмийн эсрэг бослого нь бүтэлгүйтсэний дараа эх орноосоо дүрвэн Энэтхэг улсад цагаачилж ирээд, Дарамсала хотод суух болсон билээ. Үүнээс хойш тэрбээр Түвдийн түүх соёл, ёс заншлыг хадгалж үлдэхийн төлөө тууштай тэмцэж байгаа ба Хятад улс түүнийг салан тусгаарлах үзэлтэн хэмээн буруушаадаг юм.

Эх сурвалж: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж