Явган зорчигчид ногоон гэрлээр алхах эрх олго

Хуучирсан мэдээ: 2019.03.20-нд нийтлэгдсэн

Явган зорчигчид ногоон гэрлээр алхах эрх олго

Явган зорчигчид ногоон гэрлээр алхах эрх олго

Улаанбаатар хотод өнөөдөр явган зорчигч ногоон гэрлээр алхах эрх алга. Түгжрэл сааруулах нэрийн дор хотын захиргаанаас гаргасан журам нь автомашинтай иргэдэд давуу эрх олгосны зэрэгцээ тээврийн цагдаа нь хөдөлгөөн зохицуулах нэрийн дор явган зорчигчийн ногоон гэрлээр гарах эрхийг ч хязгаарлаж байна. Үнэмшихгүй бол тээврийн цагдаагийн автомашины хөдөлгөөнд хийж буй зохицуулалт, жолооч нарын ногоон гэрлээр уулгалан дайрч буй үйлдлийг нэг ажаарай.

Явган зорчигч ногоон гэрэл ассан үед гарцаар алхаж явахад л автомашин дохиогоо ч өгөлгүй давхиад ороод ирнэ. Энэ үед хүүхэд битгий хэл насанд хүрэгчид ч сандарч байгаа юм. Таяг тулсан ахмад настнууд гүйхээрээ нэг болно. Зарим жолооч энэ үйлдлийг хараад маасайтал инээх нь ч бий.

Дээр нь ногоон гэрэл асчихаад байхад замын цагдаа нь явган зорчигчдыг гарцаар гаргадаггүй. Өнөөх л төмөр хүлэгтнүүдэд явах дохио өгч, эрээн модоо савчуулна. Ийм үед осолтой, аваартай ч гэмээр үйлдлүүд анзаарагдана. Хүлээж цөхөрсөн явган зорчигчид ногоон гэрэл асангуут алхах эрхээ эдэлж давшилдаг бол замын цагдаа нь жолооч нарт явах дохиог үргэлжлүүлэн өгсөөр л байдаг. Хэрэв энэ үйлдлээс болж явган зорчигч автомашинд мөргүүлвэл хэн нь буруудаж хариуцлага хүлээх вэ? Ногоон гэрэл ассан үед тээврийн цагдаагийн дохиогоор хөдөлгөөнд оролцсон жолооч хариуцлага хүлээх үү, эсвэл тээврийн цагдаагийн дохиог үл тоосон явган зорчигчийн хохь болох уу. Аль эсвэл ногоон гэрлээр явган зорчигчийг гаргалгүй, тээврийн хэрэгсэлд давуу эрх олгосон цагдаагийн буруу юу.

Ийм нэг ойлгомжгүй дүрмийг цэгцлэхгүй бол явган зорчигч давуу эрх эдэлнэ гэх Замын хөдөлгөөний дүрэм Монголд лав хэрэгжихгүй болсоор удлаа.

Нөгөө талаас тээврийн цагдаа нь явган зорчигчоо хүндэтгэж, ногоон гэрлээр гарах эрхийг нь олгохгүй байхад жолооч нарт энэ эрхийг сануулаад ч нэмэр алга. Дунд хуруу л үзүүлж байна.

Яагаад өнөөдөр гарцаар, ногоон гэрлээр алхаж явсан явган зорчигчийг мөргөж гэмтээсэн осол гардаг вэ гэдгийн хариулт ч энэ л болов уу.

Дээр нь 2016 оны аравдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн зарим уулзвараар автомашин ногоон гэрлээр баруун гар тийш эргэх журмыг цуцлахгүй бол жолооч, тээврийн цагдаа нарт явган зорчигч давуу эрхтэй гэх дүрэм суухгүй нь. Улаанбаатар хотын хэмжээнд гэрлэн дохионы зохицуулалттай 142 уулзвар байгаагаас 52 уулзварыг дээрх журмаар зохицуулж байна. Гэвч уулзваруудын нэвтрэх чадвар сайжирч, дуу чимээ багасч, түгжрэл саарсангүй. Харин ч стресс болж, уур бухимдлаа бие биедээ гаргаж, зам дээрээ барилцаж авах нь холгүй аашлах энүүхэнд.

Уг нь Улаанбаатар хотын автомашины түгжрэлийг сааруулъя гэвэл ядаж л ногоон гэрлээр явган зорчигч давуу эрх эдэлнэ гэх дүрмээ хэвшүүлээд, тээврийн цагдаа, жолооч хоёр нь тэдэнд хүндэтгэлтэй ханддаг болчихвол наанадаж ойлголцлын зөрүү гарахгүй болно.

Автомашинтай хүн бүр давуу эрх эдлэх юм шиг дүрэм журмыг мөрдүүлдгээс болж, явган зорчигч ногоон гэрлээр гарах эрхгүй болтлоо шахагдах боллоо. Ийм тохиолдолд түгжрэлийг сааруулна гэдэг лөөлөө. Хүн бүр л автомашинаа унаад хөдөлгөөнд оролцохыг илүүд үзнэ.

Жил ирэх тутам тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсээр Улаанбаатар хотын хэмжээнд 600 мянга хол давсан нь түгжрэлийг нэмэгдүүлж байна гэж албаныхан ярьдаг ч жолооч нарт давуу эрх олгох хууль, журмыг мөрдүүлдэг нь эргээд түгжрэлд нэрмээс болж байгааг анзаардаг хүн ховор. Тэр бүү хэл хүүхэд багачууддаа гарцтай газраар ногоон гэрлээр гарах нь аюулгүй гэж сургах атлаа автомашинаараа шүргээд өнгөрөх нь энүүхэнд үйлдэл үзүүлж айлгах нь бишгүй.

Түүнчлэн гэрлэн дохио бүрийн улаан, ногоон, шар гэрлийн асах минут харилцан адилгүй байна. Зарим авто зам дахь гэрлэн дохионы ногоон гэрэл асахгүй, зөвхөн улаан гэрэл асдаг юм уу гэмээр удах нь бий.

Ерөөс хөдөлгөөнийг зохицуулж байгаа дүрэм бүхэн нь зөвхөн автомашинтай хөдөлгөөнд оролцож байгаа жолоочийн эрхийг хангахад л чиглээ юу гэмээр байх болжээ.

Өөрөөр хэлбэл, эдгээр зүйлүүдээ эргэн нягталж, стандартад нь нийцүүлэхгүй бол мөдхөн гарцаар явган зорчигч гарахгүй гэх дүрэм үйлчилж эхлэхийг байг гэх газаргүй нь.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХөөрхөнХөөрхөн
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж