Монгол татварын “диваажин” болох уу | News.MN

Монгол татварын “диваажин” болох уу

Монгол татварын “диваажин” болох уу

Монгол татварын “диваажин” болох уу

Эдийн засгийн тэргүүний ажилтан Г.Хонгортой ярилцлаа.


-УИХ-ын ээлжит бус чуулганаар Татварын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх гэж байна. Энэ хуулийн төсөлд амьдралаас хол ямар зүйл заалтууд байна вэ?

-Энэ хуулийн төслийг хэлэлцэхтэй холбогдуулан миний бие тодорхой санал шүүмжлэл дэвшүүлж байна. Ер нь төрийн хууль тогтоомжийг боловсруулж батлахын тулд иргэдийн идэвхтэй оролцоог хангах ёстой. Энэ үүднээс Баянзүрх дүүргийнхээ иргэдийнхээ санал бодлыг сонсож, “Цайны уулзалт” зэрэг хэлэлцүүлгүүд зохион байгуулсан. Тиймээс тойргийнхоо иргэдийн санал хүсэлтийг бас давхар дайж байгаа юм.

Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай болон Хувь хүний орлогын албан татварын хуулийн эцсийн зорилго, гарах эерэг үр дүн, ач холбогдол нь мэдээж хэрэг эдийн засгийн өсөлтийг урт болон дунд хугацаанд хэрхэн хангах вэ, нийгэм эдийн засгийн томоохон зорилтуудыг хэрхэн дэмжих вэ, иргэдийн амьжиргааг хэрхэн сайжруулах вэ зэрэгт чиглэгдсэн байх ёстой.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувьд одоогийн хүчин төгөлдөр хуулиар гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компанийн үйл ажиллагааны орлого, ноогдол ашиг зэрэгт 20 хувийн татвар оногдож байгаа. Одоо хэлэлцэх гэж байгаа хуулийн шинэчилсэн төсөлд эдгээр татварын хэмжээг бүгдийг нь бууруулж, 5 хувийн татвар болгох гэж байгаа нь тун ойлгомжгүй байна. Тухайлбал, ААНОАТ-ын хуулийн төслийн 20.2.5, 20.2.6 гэсэн заалтууд батлагдвал нэгдүгээрт, төсвийн орлого нэлээд хэмжээгээр буурах сөрөг үр дагавартай гэж үзэж байна. Хоёрдугаарт, дунд болон урт хугацаанд, манай өнөөдрийн түүхий эдийн хавсарга болсон эдийн засгийн бүтцээсээ яалт ч үгүй бид хүссэн ч, хүсээгүй ч салж, оронд нь нэмүү өртөг шингэсэн аж үйлдвэрлэлийн гүн боловсруулалт хийсэн бүтээгдэхүүн гаргадаг цаг үе ирэх нь тодорхой. Тэр цаг үед манай үндэсний аж үйлдвэрийн компаниудад маш ярвигтай, хүнд бэрхшээлтэй тулгарч, гадны үндэстэн дамнасан том  компаниудтай өрсөлдөх чадваргүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ийм 5-хан хувийн татвартай нөхцөлд, Монголын компанитай хамтарсан хөрөнгө оруулалттай компани байгуулахын оронд 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд шууд дангаараа орж ирээд, манай баялаг дээр суурилаад үйл ажиллагаа явуулаад, 5-хан хувь төлөөд, 95 хувийг аваад явчих байхгүй юу, маш энгийнээр хэлэхэд.

-Бага татварын бодлогоор гадаадын хөрөнгө оруулалтыг татахаар тооцоолсон байж болох юм?

-Одоо дэлхий дээр шавхагддаг нөөц баялаг жилээс жилд багасаад явж байгаа. Боловсруулъя, уул уурхайн салбарт чинь үйл ажиллагаа явуулъя, шинэ тоног төхөөрөмж авчиръя, хөрөнгө оруулъя гэсэн гадаадын хөрөнгө оруулагч улам л олширно. Өнгөрсөн 20 жилд бид гадаадын хөрөнгө оруулагчдыг хүрээд ирээч ээ гээд гуйж, урин залдаг байсан бол дараагийн 20 жилд энэ дэлхий ертөнц огт өөр болно. Өөрсдөө хаалга цохиод танайх руу орж ирье гэсэн чиг хандлагатай болно. Монгол Улс бол маш их байгалийн баялагтай, хүн ам багатай, хоёр том зах зээлтэй, улс төрийн хувьд эрсдэл багатай. Тиймээс ирээдүйн хөгжлийн төлөв байдлыг, макро түвшнийг урьдчилан харж байж, түүнд нийцсэн татварын орчин бүрдүүлэх ёстой юм. Гэтэл манайхан өөрийн дотоодын эрх ашгийг уландаа гишгээд байна. Одоо энэ татварын шинэ хуулийн өөрчлөлтөөр дотоодын компаниуд 10 хувийн татвар, гадны компани болохоор 5 хувь төлөхөөр байна. Хожмын өдөр энэхүү 5 хувийн татварыг дахин өөрчилж 10, 20 хувь болгоно гэдэг ч бараг л боломжгүй зүйл.

-Бусад улс орнуудын хувьд ямар туршлага байдаг вэ?

-Дотоодын татварын бааз суурийг хамгаалах, бэхжүүлэхийн тулд уул уурхайн салбарын гадаадын хөрөнгө оруулалттай компанид өндөр татвар тогтоох нь дэлхийн улс орнуудын хувьд байдаг нийтлэг бодлого. Хуулийн төслийн үзэл баримтлал дээр энэ тухай тодорхой дурдсан байсан. Гадаадын үндэстэн дамнасан корпорациудыг илэрхий дэмжсэн хуулийг батлуулах гээд байна. Энэ нь үндсэндээ манайд татварын диваажин шиг юм үүсгэж байгаа байхгүй юу. Бидэнд үр шим нь ирдэггүй, хамаг өрмийг нь гадныхан авч, улс орны эдийн засгийн, аж үйлдвэрийн бодлого огт хэрэгжихээргүй байна. Энийг би тэгж харж байна. Ямар ч чанарын өөрчлөлт авчрахгүй, одоогийн татварын хуулиа дордуулаад байгаа байхгүй юу.

“Х” тайлан тушаадаг компаниудыг ашигтай ашиггүй ч байсан  татвар төлөхөөр тусгаж өгч байгаа юм билээ. Үүнд иргэд их шүүмжлэлтэй хандаж байна. Та ямар бодолтой байна вэ?

-Жижиг аж ахуйн нэгжүүд яагаад “Х” тайлан тушааж байгаа вэ? Угаасаа эдийн засгийн, бизнесийн орчин таатай биш учраас зээл олддоггүй, зээлийн дарамт өндөр, зээлийн хүү өндөр, шинэ техник технологи хийхээр хөрөнгө мөнгө байхгүй зэрэг олон хүчин зүйлс байна. Эдгээрийн улмаас жижиг компаниуд үйл ажиллагаа явуулъя гэсэн эрмэлзлэлээр дүүрэн ч цааш явъя гэхээр таг зогсчихдог. Гэтэл төрөөс нэмэр болж чадахгүй байж, нэрмээс болгон жил бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх буюу 320 мянган төгрөг төлөхөөр болж байна. Ямар ч үйл ажиллагаа явуулж орлого олоогүй байж татвар төлөх болчихоод байна. Энэ нь Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдөхөөр байгаа юм. Иргэн хүн яагаад “Х” ч гэсэн тайлан тушаадаг компанийн гэрчилгээ тамга эзэмшиж болохгүй билээ? Иргэн хүн компани эзэмших эрхтэй. Байгуулаад байж байг л дээ.

-Лицензийн “наймаа”-г цэгцлэх чиглэлээр татварын ямар өөрчлөлт оруулахаар тусгасан байна вэ?

-Одоо лиценз наймаалах байдал нэлээн нарийссан хэлбэр лүү орж байна. Лиценз нь нөгөө компанидаа хувьцаа болон санхүүгийн хэрэгсэл болж очиж байна. Эндээс эцсийн эзэмшигч гэдэг ойлголт гарч ирж байгаа юм. Одоогийн хуулиар лиценз шилжихэд 30 хувийн татвар ногдуулдаг. Шинэ хуулиар 10 хувь болж байна. Лицензийн татвар авахын тулд татварын алба нь эцсийн эзэмшигчийг олж тогтоох шаардлагатай болоод байгаа. Эцсийн эзэмшигчийг олж тодорхойлоход хэцүү. Яагаад гэхээр Монголын хувь хүн ч юм уу, аж ахуйн нэгж лицензээ гадаадын нэг компанид шилжүүллээ. Тэр компанийн толгой компани нь Хонконгод бүртгэлтэй. Хонконг компани нь цаашаа Сингапур, Виржинийн арал гээд явсаар байгаад хамгийн эцсийн эзэмшигч хувь хүн ч юм уу, компани, эсвэл тэтгэврийн сан ч юм уу гэдэг нь тодорхой бус. Хувьцаагаар нь мөшгисөөр эцсийн эзэмшигчийг олчихлоо гэхэд энэхүү эцсийн эзэмшигч маань эцсийн дүндээ эргээд манайд татвар төлөх үү, үгүй юү гэдэг нь бас эргэлзээтэй асуудал. Яагаад гэхээр бусад улс оронтой байгуулсан Монгол Улсын давхар татварын гэрээ бий. Тийм гэрээний ард ороод нуугдчих юм бол бид нөгөө лицензийн татвараа олж авч чадахааргүй болно. Ийм овжин… Манайд ямар ч ашиггүй, бид эцсийн эзэмшигчийг хайгаад явж байх ямар шаардлага байна. Шилжүүлэхийн тулд эхлээд татвараа хурааж авах хэрэгтэй, гүйцээ. Эцсийн эзэмшигчийг хайж олох тухай утгагүй хуулийн зохицуулалт. Ер нь манай улсын эрх ашигт нийцэхээргүй зүйл заалт.

-Өмнө нь үйл ажиллагааны орлого гэж байсан. Хуулийн төсөлд хувьцаа, үнэт цаас, санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсны орлого гэж тусад нь тодорхойлсон байна?

-Тусад нь тодорхойлсон хэдий ч тухайн орлогоос татвар авахын тулд эцсийн эзэмшигч гэдэг зүйл заалт орж ирсэн. Өөрөөр хэлбэл, ерөнхий утгаараа Монгол Улсын хүчин төгөлдөр татварын хууль эрх зүйн орчинд татвараас зайлсхийх боломж бүрдэж байгаа.

Татварын өрийг өвлүүлэх тухай цоо шинэ ойлголт орж иржээ. Ээж, аавын төлөөгүй татварын өрийг хүүхэд нь төлнө гэсэн ойлголт уу?

-ААНОАТ-ын тухай хуулийн төслийн 56.1.1-д байгаа юм. Та нар энэ компаниас ашиг шим хүртдэг гэр бүлийн гишүүн мөн л бол татварын өрийг хариуцна гэсэн утга бүхий зүйл заалт. Түүнийгээ бүр угалзлуулаад, хүн ойлгоход хэцүү болгосон. Би татвар төлөгч, анхдагч этгээд. Татвар төлөгч анхдагч этгээд байхгүй болоход хоёрдогч этгээдээс татварыг авна. Хоёрдогч этгээд гэдэг нь чамтай хамааралтай хүнийг хайна гэсэн үг. Хуулийн 54, 55, 56 дугаар зүйл заалтуудын санаа нь энгийн мөртлөө маш хэцүү заалтуудтай. Хуулийн төслийн эдгээр заалтууд манай хөрсөнд, өнөөгийн бодит амьдралд нийцэхгүй гэж үзэж байна. Ер нь татварын хууль маш энгийн, ойлгомжтой, хоёрдмол санаа агуулаагүй байдлаар найруулж бичих ёстой. Гэтэл тэр хуулийн зүйл заалтыг уншиж ойлгоход маш хэцүү байна. Зүгээр орчуулга аваачаад хийчихсэн юм шиг. Ийм байдлаар хууль тогтоомж боловсруулж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Ямар ч хуулийг уншихад энгийн, ойлгомжтой байх хэрэгтэй.

-Татварын суутган төлөгч гэсэн ойлголт анхаарал татаж байна. Та бодлоо хуваалцахгүй юу?

-Татварын суутган төлөгч гэдэг ойлголтын талаар зайлшгүй хөндмөөр байна. Хувь хүний орлогын албан татвар дээр татвар төлөгчийн өмнөөс өөр этгээд татварын суутган хийдэг практикийг халах цаг нь болсон гэж үзэж байна. Ингэснээр иргэн хүн татварын байгууллагатай жинхэнэ утгаар татварын харилцаанд орж, улмаар татварын хөнгөлөлт чөлөөлөлт, буцаан авалт зэрэг асуудлаа хуулийн хүрээнд шийдвэрлэдэг болно. Гэтэл өнөөдөр амьдрал дээр ямар дүр зураг харагдаж байна? Би нэг байгууллагад хөлсөөр ажил хийгээд, 100 мянган төгрөг авах гэхэд тухайн байгууллагын нягтлан шууд 10 хувийг хувь хүний орлогын албан татвар гэж суутгадаг. Суутгасан, суутгуулсан хоёр этгээдийн аль нь ч энэхүү харилцаанд төдийлөн ач холбогдол өгдөггүй. Энэхүү байдал нь татварын талаарх иргэдийн соён гэгээрэлд, иргэдийн санхүүгийн боловсролд сөрөг нөлөө үзүүлдэг гэхэд хилсдэхгүй ээ. Тэр 10 хувийн ХХОАТ-ыг байгууллагын нягтлан биш, орлого хүлээн авагч иргэн Дорж өөрөө төлөх ёстой. Жилийн эцэст бүх олсон орлогоо тодорхойлоод, орлогоосоо зарлагаа хасаад, хөнгөлөлт чөлөөлөлтөө бүгдийг нь авсны дараа би ийм татвар төлөх юм байна гээд, тухайн жилийн санхүүгийн түүхээ татварын албаны цэнхэр дэвтэр дээрээ баталгаажуулж бичүүлдэг болох. Тэр түүх нь тухайн татвар төлөгчийн ажил орлоготой гэдгийн баталгаа нотолгоо болж, банк санхүүгийн байгууллагатай ипотекийн зээлийн харилцаанд ороход маш чухал ач холбогдолтой. Ийм байдлаар татвар төлөгч иргэний санхүүгийн бие даасан хараат бус байдлыг нь татварын байгууллага баталгаажуулж өгөх үндсэн үүрэгтэй байх ёстой. Иргэнээс татварыг заавал хураах, болохгүй бол хамаарал бүхий гэр бүлийн гишүүдээс нь ч хамаагүй гэсэн чиг хандлагыг хуульчилбал иргэн хүний төр засгаа дээдлэх хүндэтгэх хандлагыг доройтуулах эрсдэлтэй. Тиймээс үүнийг залруулах хэрэгтэй болов уу.

-Татварын байцаагчтай холбоотой зүйл заалт авлигыг өөгшүүлэх вий гэсэн шүүмжлэл байна?

-Татварын байцаагч бол төрийн албан хаагч. Ажил хийж байгаа хүн алдаа гаргана. Ажлын алдаа гаргангуут тухайн татварын байцаагчийг төрийн албанаас халах хүртэл арга хэмжээ авах хуулийн заалт орсон. Гадаадын компани, татвар төлөгчид татварын улсын байцаагч акт тавьдаг. Акт нь хүчингүй болвол байцаагч өөрөө хариуцлага хүлээж, ажлаасаа халагдах хүртэл эрсдэлтэй. Тэгэхээр татварын байцаагч татварын акт дүгнэлт гаргахаас аль болох зайлсхийх хуулийн зохицуулалт төсөлд тусгагдсан. Энэ бол татварын албыг хүчгүйдүүлсэн зүйл заалт гэж үзэхээр байна. Магадгүй авлигын таатай хөрс суурь, үр дагаврын нөхцөл бүрдэж болзошгүй эрсдэлтэй байна.

-УИХ-ын ээлжит бус чуулганаар энэ хуулийн төслийг энэ чигээр нь баталчихвал ямар сөрөг үр дагавар гарна гэж үзэж байна вэ?

-Монгол Улсын эдийн засаг, иргэдэд маань халтай, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн орчныг дордуулсан хууль болно. Татварын байцаагч, эдийн засагчид ч халтай. Үндэсний компаниуддаа ч хохиролтой. Хүмүүс энэ хуулийн төслийн хэлэлцүүлэгт олигтой оролцоогүй, ойлгоогүй байна. Мэргэжлийн хүн ч энэ хуулийн төслийг ойлгохгүй байна. Айхтар нарийн, адармаатай байдлаар бичсэн байна. Тиймээс Монгол Улсынхаа язгуур эрх ашгийн төлөө УИХ дахь ард түмнээс сонгогдсон элч нар энэхүү асуудалд холч мэргэн ухаанаар хандаасай гэж би хүсч байна.

-Аливаа зүйл хоёр талтай. Энэ хуулийн төсөлд авууштай, амьдралд нийцэхээр ямар зүйл заалт байв?

-Эерэг зүйлс байна аа. Сайжруулсан, хоёрдугаар зэрэглэлийн, техникийн чанартай зөндөө олон авууштай зүйл заалт байна. Эрсдэлтэй татварыг урьдчилж хурааж авах, татвар төлдөггүй хүмүүстэй хариуцлага тооцох, татвар ноогдох орлогын төрлүүдийг илүү тодорхой болгосон. Ер нь татвар ногдуулах, хураах, татвар төлөгч гэж хэн бэ гээд дэвшилттэй зөндөө олон зүйл бий. Гэлээ гэхдээ үндэсний язгуур эрх ашиг, улсын эдийн засагт эерэг нөлөө авчрах уу гэдэг дээр учир дутагдалтай, одоогийн хуулиас дордуулсан байгаа учраас шүүмжлэлтэй хандаж байна.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-20 172.56.28.216

Ediin zasgiin terguunii ajiltan gej shagnal bas baidgiin mu

Avatar

Anchin 2019-03-20 202.126.89.183

Manaihan dandaa gadnii gar khol bolj khuuli gargakh yum.

Avatar

Зочин 2019-03-20 202.179.17.61

Иймд хувь иргэн өөрөө заавал орлогоо тайлагнаж татвараа төлөхөөр хуулинд тусгавал аж ахуйн нэгжид хүндрэлгүй хувь иргэнд татвар төлөх соёлд суралцаж хэвших давуу талтай болох улмаар тайлан тушааж татвар төлснөөр хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах хуулиа судлахад дөхөмтэй болно. Одоогоор иргэд ХХОАТ хуулиа бараг мэддэггүй. Энэ нь орлогоо тайлагнадаггүй байдлаас болдог байх.

Avatar

Зочин 2019-03-20 202.179.17.61

Санал нэг байна. Асуудлыг маш зөв хөндсөн байна. Ялангуяа тэр татварын суутган төлөгч гэдэг дээр санал бүрэн нийцэж байна. Амьдрал дээр аж ахуйн нэгж хувь иргэнд орлого олгосны төлөө бараг татвараар шийтгүүлдэг. Хувь иргэн 10 хувийн татвараа бараг суутгуулдаггүй. Хэрэв суутгуулах бол үнээ нэмнэ эсвэл ажил үйлчилгээгээ хийхгүй гэдэг энэ нь аж ахуйн нэгжид дарамттай өмнөөс нь татварыг нь төлөх эрсдэл үүсгэдэг. Хэрэв төлөхгүй бол татварын торгуульд орно.

Avatar

Зочин 2019-03-20 66.181.161.7

Zowoo zow

Avatar

Зочин 2019-03-20 202.9.43.109

Маш зөв.

Avatar

Зочин 2019-03-20 202.9.43.109

Машзөв асуудал байнаа

Avatar

Зочин 2019-03-20 202.21.106.119

Maash zuv. Tom gadaadyn XO nart NOAT bolon busad tatvaraas todorhoi hugatsand chulooloh heregtei

Avatar

Зочин 2019-03-20 202.126.89.6

Iim humuus l darga bld bgaam l daa.

Avatar

zochin 2019-03-20 103.57.92.170

tor zasag orlogo oloh bolomjiin olgoj ogohgui baij joohon amjilttai yavaa salbar huvi hunruugee dandaa tatvariin daramt shahaltaar dairj baidag avsan ter tatvaraa jiduuchid dee huvaagaad ogj baigaa bizdee etssiin etsesd neg dargiin ambiits tednariin toloo bid ajilj amidraad baigaan muu

Avatar

иргэн 2019-03-20 43.228.129.167

Гарч болох эрсдлүүдийг зөв тусгасан бна. Тэр суутган төлөгч гэдгийг нээрээ л халчихмаар байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж