С.Баярцогтын дансны хуулгыг хэн АТГ-д өгсөн бэ?

Хуучирсан мэдээ: 2019.03.20-нд нийтлэгдсэн

VS

С.Баярцогтын дансны хуулгыг хэн АТГ-д өгсөн бэ?

Сангийн сайд асан С.Баярцогтын Швейцарь дахь дансны хуулгыг УИХ-ын дарга тэргүүтэй гишүүд болон УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нар авчирлаа гэх мэдээллийг олон нийтэд дэлгэсэн. УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы хувьд Швейцарь дахь айлчлалынхаа үеэр оффшор бүс дэх С.Баярцогтын таван ч дансны хуулгыг авчирсан гэсэн. Үүнтэй холбоотойгоор Сангийн сайд асан С.Баярцогт тайлбар өгсөн юм. Бид энэ удаагийн VS булангаараа Сангийн сайд асан С.Баярцогт, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна.


 

 

С.Баярцогт:
Сангийн сайд асан

-Энэ асуудлаар эрүүгийн хэрэг үүсч, мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа учраас нарийн зүйл ярих боломжгүй. Монгол Улсын төрийн байгууллага, хууль хүчний байгууллагууд Швейцарийн холбогдох байгууллагуудтай хамтран ажилласан үйл ажиллагааг нэг хүний хийсэн ажил мэтээр ойлгуулж, тайлбарлаж байна. Нөгөө талдаа Швейцарийн холбогдох байгууллагуудад буруу ойлголт төрүүлэх болов уу гэж төрд ажиллаж байсан хүний хувьд бодож байна. 2016 оны арванхоёрдугаар сард Байгаль орчныг хамгаалах хуульчдын холбооны дэд тэргүүн н.Туяацэцэг гэдэг хүний хүсэлтээр 2013 онд нээгдээд, 2014 онд хаагдсан миний оффшор данстай холбоотой энэ хэргийг АТГ-т нээсэн юм билээ. Тухайн үед н.Туяацэцэг гэдэг хуульч 9.2 сая ам.доллар орсон байна, үүнийг шалгах ёстой гэдэг асуудлыг тавьсан байдаг. Үүнтэй холбогдуулан зарим улс төрчдийн болон Швейцарийн тодорхой хувь хүмүүсийн оролцоотойгоор Швейцарийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргаж, Швейцарийн талд хандсан юм билээ. Энэ үйл явцтай холбогдуулан 2017 оны дөрөвдүгээр сард АТГ-аас прокурорын байгууллагаар дамжуулан Швейцарийн талд данстай холбоотой мэдээллүүдийг болон холбогдох бүх баримтыг Монголын талд өгөөч гэдэг асуудлыг тавьсан юм билээ. Швейцарийн холбооны улс болон Монгол Улс хоёр эрх зүйн харилцан туслалцах гэрээ байхгүй учраас өгөх үүрэггүй юм билээ. Энэ хэрэг нь албан тушаал, авлига, мөнгө угаасан хэрэг байж болзошгүй гэдэг үндэслэлүүдийг тавьсан. Дээрээс нь хэвлэл мэдээллээр гарсан учраас Швейцарийн холбооны улсын прокурорын байгууллага нь 2017 оны аравдугаар сард эрүүгийн хэрэг нээсэн байсан. Энэ нь Монгол Улсад эрх зүйн туслалцаа үзүүлэх, эсэх асуудлаар эрүүгийн хэрэг нээсэн. Үүний дараа холбогдох банк, данс нээгдсэн банкны хоёр менежерээс гэрчийн мэдүүлэг авсан байдаг. Би ч тухайн үед швейцарь өмгөөлөгч авсан. Банк болон гэрчүүдээс мэдүүлэг авах бүх хугацаанд миний өмгөөлөгчийг байлцуулсан. Энэ бүх материалыг Монгол руу явуулах Швейцарийн холбооны прокурорын байгууллагын шийдвэр 2018 оны арванхоёрдугаар сард гарсан. Хэрвээ эсэргүүцвэл Швейцарийн холбооны улсын Дээд шүүх, Давж заалдах шатны шүүх гээд гурван шатны шүүхээр явах боломжтой ч  бараг хоёр жил энэ процесс үргэлжилнэ. Үүний үр дүнд Монголд материал ирэхгүй ч байж болох нөхцөл байдал үүссэн байсан. Тэгээд  өмгөөлөгчтэйгөө зөвлөлдөөд  энэ материалыг Монгол руу явуулах хүсэлт тавьсан. Ингээд надад Швейцарийн холбооны улсын прокурорын байгууллагаас материалыг ирүүлсэн. Харин би бүх материалыг АТГ-т 2019 оны нэгдүгээр сарын 11-нд  өгсөн. Гэхдээ өмнө нь би энэ бүх мэдээллийг АТГ-т өгч байсан ч надад итгэхгүй, өөрсдөө Швейцарийн талын хуулийн байгууллагаар дамжуулж авахыг хүссэн байх.

Миний ойлгосноор УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы баатарлаг үйлсийн талаар бодоход дипломат шууданг задалж уншсан, эсвэл шуудан дамжуулж байгаа хүн нь энд ийм материал байгаа гэж тайлбарласан байх гэж бодож байгаа юм.  Швейцарийн тал ямар нэгэн улс төрчид, тэмцэгчдэд өгөх боломжгүй бөгөөд хуулийн байгууллага шалгаж, хуулийн байгууллага шалгасны дараа мэдээллээ өгнө. Дипломат шууданг маш сайн нууцалж, дипломат паспорттай хүнд өгөх ёстой байдаг.

Т.Аюурсайхан:
УИХ-ын гишүүн

-УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарийн холбооны улсад албан ёсны айлчлал хийсэн. Би айлчлалын бүрэлдэхүүний гишүүний хувьд, мөн УИХ дахь оффшорын эсрэг бүлгийн даргын хувьд олон нийтэд тодорхой мэдээлэл өгсөн. Швейцарийн холбооны улсын талаас Монголын талд С.Баярцогтын "Credit Suisse AG" банк дахь ам.долларын гурав, еврогийн хоёр, нийт таван дансны 2008 оны есдүгээр сарын 30-наас 2013 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэлх хугацааны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг Монголын талд хүлээлгэж өгснийг айлчлалын баг авч ирсэн. Энэ мэдээлэл холбогдох журмын дагуу ГХЯ-аар дамжиж, АТГ-т хүргэгдэж байгаа. Иргэн С.Баярцогтын нэр дээрх таван дансаар 2008 оны есдүгээр сарын 30-наас 2013 он хүртэл хийгдсэн гүйлгээ байна. “Оюутолгой”-н гэрээ 2009 оны аравдугаар сард хийгдсэн. Иргэн С.Баярцогт энэ хугацаанд Сангийн сайд, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан. Тиймээс өөр олон эзэн холбогдогчтой байж магадгүй. УИХ дахь Оффшорын эсрэг бүлэг ажиллаж, Швейцарийн холбооны улсын өмгөөллийн товчоо, холбогдох банканд удаа дараа хүсэлт илгээсэн. Тус улсын Гадаад хэргийн сайд 2018 оны дөрөвдүгээр сард манай улсад айлчлах үеэр нь биечлэн уулзаж, С.Баярцогтын дансыг Монгол Улсад хүлээлгэж өгөх хуулийн байгууллагууд ажлаа хийх боломжийг нь хангах чиглэлээр албан ёсны хүсэлт тавьж, араас нь хөөцөлдөж ажилласан. Таван дансанд орсон, гарсан гүйлгээ байгаа учраас лавшруулж шалгах шаардлага үүсч магадгүй. Өөр бусад эзэн холбогдогчийг тогтоож шалгаж ч магадгүй. Энэ бүхнийг манай талд гаргаж өгөх боломжтой гэдгээ илэрхийлсэн. Миний хувьд Швейцарийн холбооны улс ямар төрлийн баримт материал хүлээлгэж өгсөн бэ гэдэг талаар мэдээлсэн. Бусад мэдээллийн агуулгатай холбоотой асуудлыг мөрдөн байцаах ажиллагааны үед мэдээлэх нь хориотой. Хууль шүүхийн байгууллагууд хуулиа биелүүлж ажиллах энэ чиглэлд УИХ-ын зүгээс хяналт тавьж шахаж шаардаж ажиллана. 

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж