Өмнөд Солонгосын шоу ертөнцийнхөн садар самуун, хар тамхины хэрэгт холбогдон урлагийнхан тэр аяараа донсолж байгаа билээ. Энэхүү дуулианы хүрээнд 2009 онд өөрийгөө боомилж нас барсан жүжигчин Жан Жа Ёны хэргийг дахин шалгах үүргийг тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин прокурорын байгууллагадаа үүрэг болгосон байна. Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт /2019.03.12/ албан ёсны вэбсайт дээр түүний хэргийг сэргээх шийдвэр тавигдсанаас хойш хэргийн үнэн мөнийг олохыг шаардсан нийт 600 мянган иргэний гарын үсэг цугларчээ.
Тухайн үед 30 настай байсан жүжигчин бүсгүй 2009 оны гуравдугаар сард өөрийнх нь менежер нь түүнийг нэр нөлөө бүхий урлагийнхан болон сэтгүүлчдийн цугларах үдэшлэгт очиж, тэдний заримтай нь бэлгийн харьцаанд орохыг тулгадаг байсан хэмээн бичээд Бундан дахь гэртээ өөрийгөө боомилсон байдалтай олдсон юм. Хэрэг гарснаас дөрвөн сарын дараа энэ хэрэгт холбогдуулан Ким гэх хүнийг баривчилж, бусдыг хүчээр бэлгийн харьцаанд орохыг шаардан айлган сүрдүүлж, заналхийлсэн гэх үндэслэлээр буруутган нэг жил хорих шийтгэл оноож байжээ. Мөн түүнтэй холбоотой 31 хүнийг хэрэгт холбогдуулан шалгаж байсан ч удалгүй цагаатгагдсан байна.
Бүсгүй амиа хорлохоосоо өмнө өөрийн ойр дотныхондоо 50 орчим захиа бичсэн байсан ба Ким түүнийг 100 гаруй удаа дээрх байдлаар дарамталж, янз бүрийн үдэшлэг, зугаа цэнгээний газар очиж нөлөө бүхий эрчүүдтэй дотно харьцаанд орохыг шаарддаг байсан тухайгаа бичсэн байв. Түүний захианд дурдсанаар Ким бусад эмэгтэй жүжигчдийг ч мөн энэ байдлаар дарамталдаг байж. Жа Ёны гэрээслэлийг өөрийн нүдээр харсан гэх түүний найз жүжигчин Юн Жи О өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт /2019.03.15/ иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хэвлэлийн хурал хийж, жагсаал зохион байгуулж, түүний үхэл жирийн үхэл байгаагүй гэж үзэж байгаагаа илэрхийлж, хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгөхийг хуулийнхнаас хүссэн байна. Тэрбээр гэрээслэл дээр нэр дурдагдсан 31 хүний дунд хэвлэл мэдээллийн салбарын нэр хүндтэй гурван хүн, нэг улстөрчийн нэр байсныг харж амжсан хэмээн мэдүүлээд байсан юм.
Эх сурвалж:KOREATIMES
Холбоотой мэдээ