"Боинг компаниас үргэлжлүүлж онгоц авах эсэх талаар ярих эрт байна"

Хуучирсан мэдээ: 2019.03.19-нд нийтлэгдсэн

"Боинг компаниас үргэлжлүүлж онгоц авах эсэх талаар ярих эрт байна"

"МИАТ" ХХК-ийн зүгээс хоёрдугаар сарын 1-ний өдөр АНУ-ын Боинг компанийн үйлдвэрээс  “737 -Max -8” маркийн дундын зайн онгоцыг ашиглалтад хүлээн авсан.  Үүнээс сар гаруйхны дараа Этиоп Улсын иргэний агаарын тээвэрт ашиглаж байсан "737-Мах-8" загварын агаарын хөлөг осолдож, олон хүний амь эрсэдсэнээр ихэнх улс орнууд тус компанийн онгоцноос татгалзан, тус онгоцны нислэгийг олон улсад түр хугацаагаар зогсоогоод байгаа юм. "МИАТ" компанийн зүгээс үйлдвэрлэгч Боинг компанийн төлөөлөлтэй өнгөрсөн хугацаанд дээрх асуудлын талаар ярилцсаар иржээ. Энэ талаар тус компанийн Нислэг, үйлдвэрлэл эрхэлсэн Тэргүүн дэд  захирал Н.Ганболдтой цөөн хором ярилцлаа.

-Монгол Улсын хувьд энэ ондоо багтаад “Толуй хаан” буюу Боинг 737 -Max -8 онгоцноос гадна энэ төрлийн гурван онгоцыг түрээсийн гэрээгээр ашиглана гэж байсан. Цаашдаа тус компаниас онгоц авахаа болих уу, аль эсхүл өөр компанийн онгоц ашиглах уу?

-2011 онд "МИАТ" компани Боинг компанитай гэрээ байгуулж, нэг B767-300, хоёр B737-800 онгоцыг худалдан авах гэрээ зурсан. Энэ онгоц нь 2016 онд орж ирэх байсан ч B767-300 онгоцыг худалдаж аваад санхүүгийн хүнд байдалд орсон. Үүнээс хойш шууд худалдаж авах бус түрээсийн шугамаар агаарын хөлөг авахаар болсны эхний онгоц нь 737 -Max -8” юм. Гэрээний хоёр дахь онгоц тавдугаар сард, гурав дахь онгоц аравдугаар сард үлдсэн ганц онгоц дараа жилийн хоёрдугаар сард орж ирэх байсан. Онгоц үйлдвэрлэгч Боинг компанийн зүгээс Азийн бүс нутгийн хэмжээнд 737 -Max -8 онгоцыг ашиглаж байгаа бүх агаарын тээврийн компаниудын төлөөлөлтэй видео хурал хийж байна.

Өнгөрсөн баасан гаригт хуралдахдаа тус компаниас хэдийгээр онгоцны нислэг эргэж сэргээх, ингэхдээ юу хийх вэ гэдэг талаар ярьж байсан. Харин өнөөдрийн хурлаар нисэх багийн сургалттай холбоотой авиа компаниуд юу хийх ёстой үүн дээр Боинг компани ямар дэмжлэг үзүүлж ажиллах, техник үйлчилгээний бичиг баримтууд ямар өөрчлөлтүүд оруулах талаар ярилаа. Мэдээж үүнтэй холбоотой зардал мөнгөний асуудал болон Боинг компани үйлдвэрлэгч гэдэг утгаараа авиа компаниудаа яаж дэмжиж ажиллах талаар санал солилцож байна. Хурлууд төлөвлөгдөөд явж байгаа учраас шууд Боинг компаниас үргэлжлүүлж онгоц авна, авахгүй гэж ярих эрт байна.

Аялал жуулчлалын улирал эхлэх гэж  байна. Удахгүй хоёр онгоцны түрээсийн гэрээ нь дуусаад буцна гэж сонссон. Онгоцны ачааллуудыг хэрхэн тэнцвэржүүлэх вэ?

-Тавдугаар сарын 30-ны өдөр гэхэд B-737-700, арванхоёрдугаар сарын 15-нд 737-800 онгоц буцна. Бид нарын төлөвлөгөөгөөр МИАТ компани зуны нислэгээ долоон онгоцоор хийнэ. 3-4 сардаа зургаан онгоцоор саадгүй нислэг үйлдэнэ. Ямар нэгэн байдлаар нислэг цуцлахгүй, хойшлуулахгүй бүгд хуваарийн дагуу явна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. 737 -Max -8 онгоцны асуудал дөрвөн сардаа багтаад шийдэгдчих байх гэж харж байна.

Хэрэв 737-Max -8 онгоцны асуудал зургадугаар сар хүртэл эцэслэн шийдвэрлэгдэхгүй бол нөөц төлөвлөгөө юу байна?

Энэ асуудал үнэхээр шийдвэрлэгдэхгүй зургадугаар сар руу орох юм бол мэдээж онгоц дутагдах асуудал үүснэ. Хэрэв тийм зүйл тулгарвал одоо ашиглаж байгаа түрээсийн онгоцнуудын хугацааг сунгах  эсхүл өөр онгоц богино хугацаагаар авчрах зэргээр асуудлыг шийднэ.

-“Толуй хаан” агаарын хөлөг хоёрдугаар сард анх ирснээсээ хойш ямар улс руу нислэг үйлдсэн бэ? Нислэгийн үед ямар нэгэн хүндрэл тулгарч байсан тохиолдол бий юу?

-Иргэний нисэхээс тавьдаг шаардлагын хүрээнд үзүүлэх нислэг хүмүүсийн хэлж заншсанаар туршилтын нислэгийг Хонг-Конг руу хийсэн. Үндсэндээ хоёрдугаар сарын 5-аас эхлээд олон улсын нислэгт гарсан. Бангкок, Москва Берлин руу  ниссэн, нислэгийн үед ямар нэгэн асуудал үүсч байгаагүй.

лон улсад зарим компани Боинг 737 Max 8 загварын онгоцыг тодорхойгүй хугацаагаар ашиглахгүйтэй холбогдуулан Боинг компаниас нөхөн төлбөр нэхэмжлээд эхэлсэн байна. МИАТ компанийн хувьд энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

Өнөөдөр МИАТ компани хохирлоо гэж ярих эрт байна. Нислэг хэзээ сэргэх үү тэр үед нь  өнгөрсөн хугацаанд компанийн хэмжээнд олох байсан орлого алдагдал зэргээ эцэслэж гаргана. Гэхдээ үүнийгээ урьдчилаад түрээсийн компаниуд болон Боинг компанид мэдэгдсэн байгаа.

-Та ярианы эхэнд Боинг компанийн зүгээс дэмжлэг санал болгож байгаа гэсэн. Тэр нь чухам ямар дэмжлэг юм бэ?

Азийн бүс нутгийг хариуцсан Боинг компанийн захирал Азийн орнуудаар тойроод уулзалт хийгээд явж байна. Маргааш 14.00 цагаас Боинг компанийн дарга МИАТ дээр ирж уулзана. Тэр үеэр өөрсдийнхөө талаас тавьж байгаа асуудлуудаа ярилцахад эцсийн биш юм аа гэхэд эхний ерөнхий шийдлийн хариунууд гарах болов уу гэж харж байна. Зөвхөн онгоцтой холбоотой асуудлыг Боинг компанитай яриад байх биш онгоцыг түрээсэлсэн түрээсийн компаниудтай  ярьж байгаа.  Түрээсийн гэрээний дагуу  бүх үйл ажиллагаа  явагдана. Түрээслэгч компани болох “Аволон” компанийн хоёр төлөөлөгч гуравдугаар сарын 28-ны өдөр манай дээр ирэхээр болсон. Уулзалтууд төлөвлөгдөөд явж байгаа учраас бүх мэдээ мэдээлэл шинэчлэгдээд ямар үр дүнд хүрэх вэ гэдэг эцэс  сүүлд нь харагдана.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж