"Би АТГ-т Швейцараас ирүүлсэн 700 гаруй хуудас материал хэвлэж өгсөн"

Хуучирсан мэдээ: 2019.03.19-нд нийтлэгдсэн

"Би АТГ-т Швейцараас ирүүлсэн 700 гаруй хуудас материал хэвлэж өгсөн"

"Би АТГ-т Швейцараас ирүүлсэн 700 гаруй хуудас материал хэвлэж өгсөн"

Сангийн сайд асан С.Баярцогт оффшорын асуудлаар дөнгөж сая сэтгүүлчдэд тайлбар өглөө.

Тэрбээр мэдээллийн эхэнд "Хоёр зүйлийг би онцгой тайлбарлах ёстой гэж үзсэн учраас өнөөдөр та бүхэнтэй уулзаж байна. Нэгдүгээрт, Монгол Улсын төрийн байгууллагууд, хууль хүчний байгууллагууд Швейцарын холбогдох байгууллагуудтай хамтран ажилласан үйл ажиллагааг нэг хүний гавъяа мэтээр ойлгуулж, тайлбарлаж байна. Нөгөө талаар, Швейцарын холбооны улсын холбогдох байгууллагуудад буруу ойлголтыг төрүүлж, цаашид үйл ажиллагаа явуулахад нь хүндрэл учруулах зүйл ажиглагдаж байна гэж Монгол Улсын төр, засгийн байгууллагуудад олон жил ажилласан хүний хувьд би тэгэж харж байна. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийхдээ энэ мэдээллийг ирүүлсэн мэтээр тайлбарлаж, хэрэгт нэр холбогдсон хүмүүс аль болохоор ирүүлэхгүй байх тал дээр нь ажиллаж байна гэдэг тайлбарыг өгсөн учраас би энэ хоёр зүйлийг бодиттой, баримттай няцаах үүднээс өнөөдөр та бүхэнтэй уулзаж байна.

2016 оны арванхоёрдугаар сард Байгаль орчныг хамгаалах хуульчдын холбооны дэд тэргүүн н.Туяацэцэг гэдэг хүний хүсэлтээр 2013 онд нээгдээд 2014 онд хаагдсан миний оффшор данстай холбоотой энэ хэргийг АТГ-т нээсэн юм билээ. Тухайн үед н.Туяацэцэг гэдэг хуульч 9.2 сая ам.доллар орсон байна, үүнийг шалгах ёстой гэдэг асуудлыг тавьсан байдаг. Үүнтэй холбогдуулан зарим улстөрчдийн болон Швейцарын тодорхой хувь хүмүүсийн оролцоотойгоор Швейцарын хэвлэл мэдээлийн хэрэгслээр гаргаж, Швейцарын талд хандсан юм билээ. Энэ үйл явцтай холбогдуулан 2017 оны дөрөвдүгээр сард АТГ-гаас прокурорын байгууллагаар дамжуулан Швейцарын талд данстай холбоотой мэдээллүүдийг болон холбогдох бүх баримтыг Монголын талд өгөөч гэдэг асуудлыг тавьсан юм билээ. Швейцарын холбооны улс болон Монгол Улс хоёр эрхзүйн харилцан туслалцах гэрээ байхгүй учраас өгөх үүрэггүй юм билээ.

Энэ бол албан тушаалын хэрэг байна, авлигатай холбоотой хэрэг байж магадгүй гэсэн үндэслэлүүдийг тавьж, мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээд сурталчлагдсан учраас яг зохих ёсныхоо дагуу Швейцарын холбооны улсын прокурорын байгууллага нь 2017 оны аравдугаар сард Эрүүгийн хэрэг нээсэн юм билээ. Энэ нь Монгол Улсад эрхзүйн туслалцаа үзүүлэх үү үгүй юу гэдэг Эрүүгийн хэрэг нээсэн. Үүний дараагаар холбогдох банкнуудаас материалууд авч, мөн миний данс нээсэн байсан банкны хоёр менежерээс гэрчийн мэдүүлгүүд авч үүнийгээ бүгдийг нь цуглуулсан. Тухайн үед би Швейцарт өмгөөлөгч авсан. Өөрөө ирж оролцох боломжгүй бол өмгөөлөгч авах нь зүйтэй гэдгийг зөвлөсөн. Энэ бүх явцад банкнаас авсан мэдээлэл, гэрчийн мэдүүлэг авсан бүх тохиолдолдоо намайг төлөөлж байсан өмгөөлөгчийг оролцуулсан. Ингээд хамгийн сүүлд бүх материалуудыг нэгтгэж Монгол руу явуулах Швейцарын холбооны прокурорын байгууллагын шийдвэр 2018 оны арванхоёрдугаар сард гарсан. Үүнийг та бүхэн эсэргүүцэж болно. Хэрвээ эсэргүүцвэл Швейцарын холбооны улсын Эрүүгийн шүүх, Дээд шүүх, Давж заалдах шатны шүүх гээд гурван шатны шүүхээр явах юм байна. Тэгвэл дахиад бараг хоёр жил энэ процесс үргэлжилнэ. Үүнийхээ үр дүнд Монголд материал ирэхгүй ч байж болох ийм л нөхцөл байдал үүссэн. Энэ бүх үйл явцад би өмгөөлөгчтэйгөө холбогдож зөвлөлдөж байсан. Надаас АТГ 2017 онд гэрчийн мэдүүлэг авсан. Энэ үеэр би өөртэй байсан холбогдох бүх материалыг гаргаж өгсөн.

Тэрбээр үүний дараа холбогдох баримтыг сэтгүүлчдэд үзүүлсэн юм.

Ингээд намайг  2019 оны нэгдүгээр сарын 11-нд өөр асуудлаар АТГ гэрчийн мэдүүлэг авах үед нь би хэлсэн. Швейцарын холбооны улсын Прокурорын газраас материал наашаа өгүүлэх гэж байгаа юм билээ гэдгийг хэлээд манай өмгөөлөгч надаас үүний эсрэг эсэргүүцэл гаргах уу гэхээр нь би эсэргүүцэл гаргах шаардлагагүй, харин миний өгсөн мэдүүлэг болон материалуудыг баталгаажуулаад энэ хэрэг хурдан хаагдана, надад бол ашигтай гэсэн.

Би Т.Аюурсайхан гишүүний баатарлаг үйлсийн талаар тайлбарлая. Миний ойлгосноор дипломат шуудан гэдэг бол тухайн улсын Элчин сайдын яамны Консулын газар бүх дипломат шуудангаа лацдаад дипломат паспорттай хүнээр өгч явуулдаг. Түүнээс биш ямар нэгэн банкнаас бус юм. Банк бол хэнд ч, хэзээ ч материал өгөхгүй, зөвхөн тухайн дансны эзэмшигчийн хүсэлтээр материал гаргаж өгнө. Нөгөө талдаа тухайн улсынхаа шүүх Прокурорын байгууллагын шийдвэрийн дагуу материал гаргаж өгнө.
Т.Аюурсайхан гишүүн дипломат шуудан зөөж авч ирж байхдаа задалж уншсан, эсвэл дипломат шуудан өгсөн хүн нь энэ дотор С.Баярцогт гэдэг хүнтэй холбоотой дансны хуулга, материал байгаа гэж хэлсэн болов уу гэж бодож би байна.

Би нэгдүгээр сарын 11-нд АТГ-т Швейцарын холбооны улсын нааш нь ирүүлэх гэж байгаа бүх материал манай өмгөөлөгчөөр дамжуулаад надад түрүүлээд ирчихсэн. Та нарт байгаа юу гэж асуухад АТГ байхгүй гэж хэлсэн. Энэ материалаа өгч болох уу гэхээр нь өгөлгүй яахав. Учир нь эдгээр материал миний ярьсан зүйлийг баталгаажуулж байгаа учраас би бүгдийг нь өгсөн. 700 гаруй хуудас материалыг хэвлэж өгсөн. Бүрэн эхээрээ одоо надад байна” гэлээ.

Энэ хэрэг дээр эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэхийн тулд 2017 оны аравдугаар сарын 16-нд Швейцарын холбооны улсын прокурор хэрэг нээсэн байгаа юм. Наашаа явуулсан материалуудаа  “Ийм ийм материалууд явууллаа шүү” гээд үзүүлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл дансны хуулгуудтай холбоотой материал, дээрээс нь банкны хоёр менежерийг байцаасан гэрчийн мэдүүлгийн материалуудыг Монголын талд өгье, та нар эсэргүүцэл үзүүлэх үү гэж хандсан байгаа юм. Хамгийн сүүлийн шийдвэр нь 2018 оны арванхоёрдугаар сарын 17нд гарсан.

Швейцарын тал ямар ч материалыг шууд хүсэлт тавьсан улстөрч, үнэхээр шударга тэмцэгч байсан өгөхгүй. Энэ бүх материалыг яаж өгөх үү гэхээр тодорхой хууль хүчний байгууллагууд эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад шүүхээр оруулж байгаад үүнийгээ өгдөг. Энэ бүх процесс жил гаруй үргэлжилсэн. Энэ хугацаанд АТГ, прокурорын байгууллага Швейцарын талтай хамтарч ажилласан байх гэж би  бодож байна. Би АТГ-т дээрх материалыг өгсөн гэдгээ баталгаажуулахын тулд та бүхэнд мэйлээ харуулъя. Би 2019 оны нэгдүгээр сарын 11-нд АТГ-т өөрийнхөө гар утсаа барьж ороод “Миний өмгөөлөгчөөс 49 мэйл ирсэн. Энэ хэрэгтэй холбоотой материалууд энэ байна” гээд үзүүлсэн. Ингээд АТГ Хэвлэж авсан. Өөрөөр хэлбэл, АТГ хоёр сар хагасын өмнө надаас энэ материалуудыг авсан гэсэн үг.

Би өөрт байгаа материалуудаа гаргаж өгсөн ч манайхан итгэхгүй байсан. Дээрээс нь Швейцарын холбооны улсаас ирсэн материалыг гаргаж өгсөн. Албан ёсоор АТГ, прокурорт ирээгүй учраас мэдээллүүд нь гарахгүй байсан. Азаар Т.Аюурсайхан гишүүн авч ирсэн юм шиг байна. Үүнд нь  би маш их баяртай байна.

АТГ, прокурор, Гадаад харилцааны яам энэ талаар мэдээллүүд хийх байх. Байгаль орчныг хамгаалах хуульчдын холбооны дэд тэргүүн н.Туяацэцэг, цэнхэр үст эмэгтэй хэн билээ тэдний гаргасан материал бүгд хуурамч гэдгийг Швейцарын тал хэрэг үүсгээд шалгах явцдаа тогтоож энэ материалдаа ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, 2017 онд н.Туяацэцэг, цэнхэр үстэй эмэгтэй нар Швейцар яваад ирсэн гээд гаргасан материал бүгд хуурамч гэдгийг нотолсон. Миний АТГ-т гаргаж өгсөн материал Швейцараас ирсэн материалтай бүрэн нийцэж, батлагдах учраас оффшортой холбоотой хэрэг удахгүй бүрэн дүүрэн шийдэгдэж, хаагдана гэдэгт би итгэлтэй байна. Энэ дотор гэмт хэрэг үйлдсэн ямар ч асуудал байхгүй. Үүнийг АТГ, прокурорын байгууллага удахгүй эцэслэх байх” гэж бодож байна” гэсэн юм.

Үүний дараа нь сэтгүүлчдэд сонирхсон асуултдаа хариулт авав.

 -УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан таны нэр дээр ам.долларын гурав, еврогийн гурав буюу нийт таван дансны хуулга авчирсан гэдгийг хэлсэн. Таван данс гэдэг нь үнэн юм уу?

 -Байгууллагын болон хувь хүний нууц гэж байдаг. Тэрийг Т.Аюурсайхан гишүүн мэдээд ярьж байгаа бол ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн байна гэсэн үг. Хоёрдугаарт, дансны хувьд маш олон мэт харагдаж байгаа нь ямар учиртай вэ гэхээр жишээ нь бид Хятад явах гэж байгаа бол төгрөгийн дансны хажуугаар юанийн данс нээдэг. Хэрэв европ руу явах гэж байгаа бол еврогоор гүйлгээ хийх учир еврогийн данс нээж таарна. Тийм учраас данс нь олон юм шиг харагдаад байгаа юм. Шалгагдаж байгаа хэрэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг би ярихгүй. Хамгийн гол нь Т.Аюурсайхан УИХ-ын гишүүний өндөр нэр хүнд дээрээс нь УИХ-ын даргыгаа хүртэл оролцуулан нэр хүндийг нь ашиглан буруу мэдээлэл иргэдэд түгээж байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл. Шударга ёс, оффшорын эсрэг тэмцлээ хийх хэрэгтэй. Гэхдээ энэ бүхний хуулийн хүрээнд хийх ёстой юм.

-Т.Аюурсайхан гишүүний авч ирсэн гээд байгаа баримт нь таны үзүүлсэн баримттай яг ижилхэн үү?

 -Яг л үүний нэг хувилбар нь.

-Тантай холбоотой оффшор дансны асуудлыг явуулахад УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил сайд байхдаа замаас нь албан бичгийг нь задлаад уншдаг байсан гэж  ярьсан нь үнэн үү?

 -Тэгж ярьсан учраас би энэ бүхнийг баталгаажуулж байгаа юм. Энэ үйл явдал хэзээ эхэлсэн бэ гэхээр 2017 оны дөрөвдүгээр сарын 21-нд АТГ, хоёр сарын дараа прокурор Швейцарын холбооны улс руу албан бичиг явуулсан. Швейцарын холбооны улсад хоёр сар болсон. Яагаад хоёр сар болсон бэ гэхээр энэ бүх материалыг нь Герман хэл рүү орчуулсан юм байна лээ. Нөр их ажил хийсэн юм шиг байна лээ. Энэ ирсэн бүх материал, гэрчийн мэдүүлгүүд нь бүгд Герман хэл дээр байгаа.

Орчуулгын техник хэрэгсэл сайжирсан Т.Аюурсайхан гишүүн өөрөө харсан байж магадгүй, эсвэл манай консул энэ дотор тийм материал байгаа шүү гэдгийг нь хэлснийг нь  Т.Аюурсайхан өөрөө их мэдээлэлтэй хүн болох гэж эсвэл өөрөө хөөцөлдөж олж ирсэн мэт сэтгэгдэл төрүүлэх гэсэн юм болов уу гэж бодож байгаа. Маш амархан үгүй гэдэг нь батлагдана.

-Дансаар орж гарсан мөнгө нь хууль бус биш учраас та ийм итгэлтэйгээр хэлж байна уу?

 -Би анх 2013 онд энэ асуудал илрэхэд буюу 2013 оны дөрөвдүгээр сарын 03-нд Дэлхийн бараг бүх хэвлэлээр гарсан. Яагаад гэвэл би өөрөө гуравдугаар сарын 31-нд Олон улсын Эрэн сурвалжлах байгууллагын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч хоёртой нь уулзсан. Таны нэр дээр оффшор компани байна, энэ талаараа тайлбар өгөөч гэсэн. Би очоод тайлбарласан. Найзуудтайгаа хамтраад хувьцааны бизнес хийх гээд өмнө нь нээж байсан. Дараа нь би Сангийн сайд болсон. Үүнийгээ ашиглаж чадаагүй хямрал болсон. Бүх мөнгөө татсан гэж хэлээд би ирээд ажлаа сайн дураараа өгсөн. Яагаад гэвэл би энэ талаар хөрөнгө оруулалтын мэдээлэлдээ бичээгүй учраас ёс зүй хүлээх нь зөв гэж үзсэн. Энэ бүх асуудлаа би АТГ-т өгчихсөн. АТГ ганц л зүйл хийж чадаагүй. Юу гэхээр Швейцараас материал авчраад С.Баярцогтын өгсөн материал, Швейцараас ирсэн материал хоёр таарч байна уу үгүй юу гэдгийг нотолж чадаагүй. Яагаад гэвэл өмнө хүсэхэд нь Швейцарын тал өгөөгүй юм билээ. Өгөхийн тулд бүтэн жилийн турш тэнд   эрүүгийн хэрэг үүсгэж, банкнаас материалуудыг нь авч, холбогдох хүмүүсээс нь гэрчийн мэдүүлэг авсны дараагаар  прокурор руу өгье гэдэг шийдвэр гаргасан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
153
ТэнэглэлТэнэглэл
19
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж