Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээн Осака хотод болж байна.
Хаврын тэмцээний 10 дахь өдрийн барилдаан энэ цагт өндөрлөж, их аварга Хакүхо М.Даваажаргал Тамаваши Б.Мөнх-Оргилоор даваагаа ахиуллаа. Харин аварга Какүрюү М.Ананд сэкивакэ Такакэшод ялагдан тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээ рүү шилжив.
Манай бусад бөхчүүдээс маэгашира Ичиножёо А.Ичинноров озэки Такасүгээр ес дэх даваагаа авсан бол Чиёошёома Г.Мөнхсайхан зургаа, Дайшёохо Ч.Шижирбаяр дөрвөн даваатай боллоо.
Хаврын тэмцээнийг их аварга Хакүхо М.Даваажаргал 10 даваатай ганцаараа тэргүүлж байгаа бол маэгашира Ичиножёо А.Ичинноров, Аияама нар есөн даваа, нэг унаатай удаалж байна. Озэки цолтнуудаас Гоэйдо, Такаясү найман даваатай болсон бол Гүржийн бөх Точиношин зургаан даваатай болжээ.
Жюүрёод барилдаж буй манай бөхчүүдээс Араваши Э.Дөлгөөн найман даваа, хоёр унаатай болсон бол Кирибаяма Б.Лхагвасүрэн, Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар зургаа, Миторюү Б.Төрболд тав, Азүмарюү С.Тодбилэг дөрвөн даваа аваад байна.
Осака хотын сүмогийн ордонд болж буй Хаврын тэмцээн маргааш 11 дэх өдрөө үргэлжлэн явагдана.