Эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг дээшлүүлэх, хөгжихөд дэмжлэг үзүүлэх, тэдний амьдралын чанарыг сайжруулах чиглэлээр хүмүүнлэгийн ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын Монголын төлөөлөгчид болох “Улаанбаатар Зонта” болон “Улаанбаатар Сороптимист” клубууд сайн үйлсийн ажиллагаандаа хамтран ажиллахаар боллоо.
“Зонта интернэйшнл” нь клуб дэлхийн 67 оронд 1,200 гаруй клубтэй, 33,000 гаруй гишүүнтэй бөгөөд шинэ мянган гарснаас хойш гэхэд л 37 улс оронд 2 сая эмэгтэйчүүдийг хамарсан эмэгтэйчүүдийн боловсрол, ахуй амьдрал, хөдөө аж ахуйн болон жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр олон арван төсөл хэрэгжүүлж, бизнесийн чиглэлээр мэргэжил эзэмшүүлэх, мастерын зэрэг олгох сургалтын 7,000 ам.доллар хүртэлх тэтгэлгийг 12 хөтөлбөрийг, 32 бүс нутагт 1,000 ам.долларын тэтгэлгийг жил бүр, докторын зэрэг олгох сургалтын 9.7 сая ам.долларыг 71 орны 1,114 эмэгтэйд олгосон байна. Түүнчлэн залуу эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, манлайллыг нэмэгдүүлэх чиглэлээр 54 орны 692 эмэгтэйд 765 мянган ам.долларын тэтгэлэг олгож, сурагч оюутнуудыг ирээдүйд бэлтгэх зорилгоор “Зэт” клуб болон “Алтан Зэт” клубыг зохион байгуулж, төрөл бүрийн хөтөлбөрүүдэд хамруулж байна.
Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг аянд дуу хоолойгоо нийлүүлж, энэ чиглэлээр нийгэмд өөрчлөлт авчрах, ийм үйлдлээс урьдчилан сэргийлэх, өмгөөлөн хамгаалах чиглэлээр 1999 оноос хойш 42 улс оронд 5.5 сая ам.долларын өртөг бүхий төслийг хэрэгжүүлээд байна.
Монголын эмэгтэйчүүд 2004 оноос эхлэн “Зонта”-чуудын эгнээнд элсэж, “Зонта” олон улсын байгууллагын санд 70,5 сая төгрөг, 32 мянган долларын татвар, хандив төвлөрүүлж, 62 сая төргөг, 30 мянган долларын төсөл, хөтөлбөрийг Монголдоо хэрэгжүүлсэн байна.
“Улаанбаатар Зонта” клуб нь олон арван эмэгтэйчүүд, охидын амьдралын чанарыг сайжруулах, амьдрах ухаанд суралцахад нь дэмжлэг үзүүлэн ажилладгаас гадна захын хорооллын цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд болон өсвөр насны охид, оюутнуудад эрүүл ахуйн, хотын соёлд суралцах, зөв төлөвшүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах зэргээр ажлуудыг зохион байгуулдаг.
Харин “Сороптимист” олон улсын байгууллага нь дэлхийн 126 оронд 3000 гаруй клубтэй бөгөөд нийт 4 холбоотой. Монгол улсад анх 2000 онд Баруун өмнөд Номхон далайн “Сороптимист” холбооны гишүүн болж “Улаанбаатар Сороптимист” байгуулагдсанаас хойш 2005 онд “Дархан Сороптимист” клуб, 2012 онд “Эрдэнэт Сороптимист” клуб, 2018 онд “Амгалан Сороптимист” клуб тус тус байгуулагдсан
“Улаанбаатар Сороптимист” клуб нь нийгэмд эрх тэгш байдлыг дэмжих, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх, тогтвортой амьдралын баталгаагаар хангах зорилгоор эмэгтэйчүүд, охидын манлайлал ба практик чадварыг хөгжүүлэн тэдний амьдралыг сайжруулах бололцоог бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаагаа явуулдаг.
Өнгөрсөн хугацаанд өөрсдийн нөөц бололцоо, хэрэгцээнд тулгуурлан "Соропт-Хонь", "Сахиурын байр", "Жодоо модоо хайрлая", Хавдартай хүүхдэд туслахуй", ”Эрүүл шүд", "Усаа хэмнэе", "Нэмнээ", “Ном хандивлая", “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусалъя", өсвөр насны охидод зориулсан "Шүүдэр"төв, “Хүрэхүй”, “Эко цэцэрлэг”, “Нэхмэлчин охид” зэрэг олон арван төслийг амжилттай санаачлан хэрэгжүүлсээр ирсэн.
Түүнчлэн хүний эрх, жендерийн асуудлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг бууруулах олон улсын жил бүрийн аянд нэгдэж, Хүчирхийллийн Эсрэг Үндэсний төв болон холбогдох бусад төрийн бус байгууллагатай хамтран төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулж, идэвхитэй оролцож байна.
Зорилго нэгт, сайн үйлсийн төлөө сэтгэл нэгт бүсгүйчүүд даян дэлхийн эмэгтэйчүүдийн төлөөх хүмүүнлэгийн ажилд хувь нэмрээ оруулж, олон улсуудын байгууллагуудын үйл ажиллагааг Монголынхоо охид эмэгтэйчүүдийн төлөө хэрэгжүүлэхээр ийнхүү харилцан хамтран ажиллахаар боллоо.
Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, “Зонта интернэйшнл” байгууллагын “Шар сарнай” өдрийг тохиолдуулан “Улаанбаатар Зонта клуб “Эрүүл агаар, эрчимтэй хөдөлгөөн” явган аялал зохион байгуулж, “Улаанбаатар Сороптимист” клубын гишүүд нэгдлээ.
А.ТУЛГА
Холбоотой мэдээ