Байнгын хороо: Гурван зээлийн хэлэлцээрийг хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2019.03.19-нд нийтлэгдсэн

Байнгын хороо: Гурван зээлийн хэлэлцээрийг хэлэлцлээ

Байнгын хороо: Гурван зээлийн хэлэлцээрийг хэлэлцлээ

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр /2019.03.19/ хуралдлаа. Тус хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд байгуулсан нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар хэлэлцэж, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал бол Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцлээ. Мөн энэ талаарх санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд, асуулт тодруулга авлаа.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-Энэ хэрэгжих төслүүд аль, аль аймгуудын ямар, ямар чиглэлд санхүүжилт олгохоор байна вэ?

Ажлын хэсэг:

-Азийн хөгжлийн банкны 40 сая ам.долларын хүрээнд хүнсний ногооны хангамжийг сайжруулах чиглэлээр аймгуудаа судалж байна. Эцсийн байдлаар аймгуудаа сонгоогүй, энэ долоо хоногт эцсийн шийдвэр гарах байх.

Үүний дараа байнгын хорооны хуралдаанаар  Монгол Улсын Засгийн газар болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэж, мөн холбогдох байнгын хороонд санал дүгнэлтээ хүргүүлэхээр боллоо. Ийнхүү хэлэлцээрүүдийн талаарх санал дүгнэлтийг холбогдох байнгын хороонд шилжүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Ингээд байнгын хорооны хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэхүү хуулийн төсөл нь тендерийн асуудлыг цэгцлэх, төрийн худалдан авах ажиллагааг нэгтгэх зэрэг олон чухал асуудлыг тусгасан өөрчлөлтийг Засгийн газар болон УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир нарын гишүүд өргөн барьсныг нэгтгэсэн байна. Тиймээс хуулийн төслүүдийг нэгтгэж, Засгийн газрын хууль суурь болгож нэгтгэсэн гэдгийг ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол гишүүн танилцуулсан юм. Хуулийн хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны тусгай агентлагтай болох юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийт 23 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байсан бөгөөд энэ удаад 24 дэх нь болж буй.  Хуулийг өөрчлөх гол шаардлага нь  тендерийн шалгаруулалтад авлига, хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашиглах, ашиг сонирхлын зөрчил үүсгэх, тэгш эрхтэйгээр өрсөлдөх боломжийг хязгаарласан. Чанаргүй бараа, ажил, үйлчилгээг дэмжих нөхцөлийг таслан зогсоохын тулд  хуульд өөрчлөлт оруулахаар болсон. Үүний тод жишээ нь Тендер зохион байгуулах, үнэлгээний комиссын үнэлгээ, тендерт ялагдсан компани нь шүүхдэж, төрийн худалдан авах ажиллагааг гацаадаг байдал нийтлэг үзэгдэл болсон.  Жишээ  нь, зөвхөн 2018 онд л гэхэд төрийн худалдан авах ажиллагааны 30 хувийн санхүүжилтийг олгож, үлдсэн 70 хувь нь буцаагдсан байдаг.  Тиймээс хэрэв тендерт оролцсон компани маргаан үүсгэхээр бол тендерийн үнэлгээний нэг хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг байршуулах зэрэг хариуцлагын асуудлыг нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгажээ. Тендерт оролцогч  талуудын зүгээс уг хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Худалдан авах ажиллагааны газрыг эргэн сэргээх зайлшгүй шаардлага байгааг онцолж буй. Өөрөөр хэлбэл,  яам, агентлагууд  бодлого гаргах биш  тендер зохион байгуулах ажилд ихэнх цагаа зарцуулдаг болсон учраас дээрх агентлагийг сэргээн ажиллуулахыг хүсч байгаа юм.

Түүнээс гадна хуульд дотоодын худалдан авалтыг тусгайлан оруулж байгаагаараа онцлог гэлээ.

Ийнхүү хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүд асуулт, тодруулга авсны дараа зарчмын зөрүүтэй зарим заалтаар санал хураасан юм. Үүний дараа хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэх хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжсэн юм.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж