"Газар нутагт нь халдахыг завдвал авсанд нь хийгээд буцаана"

Хуучирсан мэдээ: 2019.03.19-нд нийтлэгдсэн

"Газар нутагт нь халдахыг завдвал авсанд нь хийгээд буцаана"

"Газар нутагт нь халдахыг завдвал авсанд нь хийгээд буцаана"

Шинэ Зеландын Исламын шашны хоёр сүмд Австрали гаралтай, арьс өнгөний үзэлтэн эр зэвсэгт халдлага үйлдэж, 50 хүний аминд хүрсэн ба халдлагын үйл явцыг фэйсбүүк сүлжээгээр шууд дамжуулсан нь дэлхий нийтийг цочроогоод байгаа билээ. Олон нийтийн сүлжээний фэйсбүүк хуудас энэ халдлагын 1,5 сая орчим бичлэгийг устгасан гэдгээ зарлаж, Instragram, Twitter, Youtube сувгууд ч уг бичлэгийг автоматаар устгаж байна.

Гэтэл Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган энэхүү эмгэнэлт үйл явдлын бичлэгийг гуравдугаар сарын сүүлээр болох парламентын сонгуулийн сурталчилгаандаа ашигласан нь маш олон хүний дургүйцлийг хүргэж байгаа юм. Тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдэд сонгогчидтой уулзахдаа уг бичлэгийг хэд хэдэн удаа үзүүлж, газар нутгаа алдахгүй байхыг Исламын шашинтнууддаа уриалж, энэ удаагийн халдлага ганц хүний хийсэн хэрэг биш гэж үзэж байгаагаа онцлоод газар нутагт нь санаархсан, халдахыг завдсан хэнийг ч болов өршөөхгүй гэдгийг сануулжээ.

 “Бид энэ нутагт мянган жил амьдарсан. Бурхны хүсэлтээр дэлхий ертөнцийн төгсгөл хүртэл бид амьдарсаар байх болно. Тэд нар Истанбулыг Константинополь болгож чадахгүй. Тэдний өвөг дээдэс энд ирээд, буцахдаа авсанд ороод буцсан. Тэд өвөг дээдэс шигээ санаа өвөрлөж ирэх юм бол бид ч бас адилхан болгоод буцаана” хэмээн хэлсэн байна.

Учир нь гэмт этгээд халдлага үйлдэхээсээ өмнө 74 хуудас бүхий тунхаг бичиг шиг зүйл тараасан байсан ба тэндээ Эрдоганыг заналхийлсэн байжээ. Тунхаг бичигт “Турк улсыг эртний дайсан гээд Эрдоганыг тэдний удирдагч учир амийг нь хөнөөнө. Туркуудыг Босфоны хоолой руу шахан гаргаж, Европчууд эртний Константинополь хотыг сэргээх хэрэгтэй” гэж бичсэн байж.

Халдлага үйлдэгч нь өмнө дэлхийн олон орноор тойрон аялж байсан нь нотлогдсон ба Турк улсад хоёр ч удаа очихдоо сар гаруй хугацааг өнгөрүүлж, загалмайтны шашны түүх дурсгалуудыг үзэж сонирхсон байсан нь энэхүү халдлагыг маш эртнээс бодож төлөвлөсөн төдийгүй Эрдоганыг зүгээр ч нэг сүрдүүлээгүй үнэхээр хөнөөхөөр завдаж байсныг илтгэж байгаа юм.

Эрдоганы энэ үйлдлийг сонгогчдын анхаарлыг өөр зүгт сарниулж, үндсэрхэг үзлийг нь сэргээж, сэтгэлийг нь хөөргөх аргаар олон санал авах гэсэн оролдлого гэж ажиглагчид дүгнэж байна. Учир нь түүнийг гарснаас хойш тус улсын эдийн засаг доройтож, ард иргэдийн амьдрал хүндэрсэн учир сонгогчдын түүнд итгэх итгэл буураад байгаа ажээ.

Эх сурвалж: GUARDIAN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж