
Сирид иргэний эрх байхгүй бөгөөд хүний эрхийг сахидаггүй. Ингэж долдугаар сарын 16-нд хэвлэгдсэн хүний эрхийн «Human Rights Watch» байгууллагын илтгэлд өгүүлжээ. Сирийн засгийн эрх Башар Асадад очсоны 10 жилийн ойд зориулан уг илтгэлийг тус байгууллагаас гаргажээ.
Бага Асад нь эцэг Асад шигээ дарангуйлагч бөгөөд засгийн эрхэнд гарахдаа хүний эрхийг Сирид сайжруулна гэж амлаж байсан амлалтаа биелүүлээгүй гэж уг байгууллага үзлээ. «Human Rights Watch» байгууллагын үзэж байгаагаар Асад энэ салбарт ганц ч шинэчлэл хийгээгүй ба өөрийн захиргааны хаягаар ирж буй шүүмжлэлийг үгүйсгэдэг гэнэ.
Асад 2000 онд ерөнхийлөгчийн суудлыг эцгээсээ залгамжлан аваад засгийн үйл ажиллагааг ил тод болгож ардчиллын замаар явна гэсэн билээ. Гэвч түүний тэвчээр дэндүү богино байлаа. Удалгүй хүний эрхийн төлөө тэмцэгчид, сэтгүүлчид болон улс төрийн хоригдлуудаар шоронгоо дүүргэж ирсэн гэж тус байгууллага онцлов. Асад интернэтэд хязгаарлалт хийж эхэлсэнд нь «Human Rights Watch» дургүйцэж байна. Facebook ба You Tube зэрэг нэртэй сүлжээнүүдийг агуулгад дэглэм шүүлт хийдэг болсон байна.