Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, дүүргүүдийн удирдах албан тушаалтан болон гадаад харилцааны асуудал хариуцсан ажилтнуудад зориулсан сургалтыг Гадаад харилцааны яам нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгууллаа.
Сургалтыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нээж, Монгол Улсын гадаад харилцааны салбарын өнөөгийн байдал, хэрэгжүүлсэн томоохон арга хэмжээ, хүрсэн үр дүн, цаашдын зорилтын талаар товч мэдээлэл хийв.
Энэхүү арга хэмжээнд анх удаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан оролцсон бөгөөд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ тэрээр гадаад харилцааны асуудал хариуцаж буй ажилтан бүр эрхэлсэн ажилдаа хариуцлагатай, санаачилгатай, үр бүтээлтэй хандахын чухлыг онцлон тэмдэглэв.
Түүнчлэн гадаад харилцааны нэгдсэн зохицуулалт, байгууллага хоорондын шинжтэй гэрээ, гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, иргэдийн эрх ашгийг хамгаалах, консулын алба болон дипломат ёслол зэрэг асуудлаар ГХЯ-ны холбогдох газар, нэгжийн удирдлага мэдээлэл хийж, оролцогсдын сонирхсон асуултад хариулав.
Засгийн газрын 2013 оны 169 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд болсон энэхүү сургалтад нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагын 90 гаруй ажилтан оролцлоо.
Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
Холбоотой мэдээ