“Швейцарын тал С.Баярцогтын дансны мэдээллийг гаргаж өгсөн нь үнэн”

Хуучирсан мэдээ: 2019.03.19-нд нийтлэгдсэн

“Швейцарын тал С.Баярцогтын дансны мэдээллийг гаргаж өгсөн нь үнэн”

“Швейцарын тал С.Баярцогтын дансны мэдээллийг гаргаж өгсөн нь үнэн”

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан УИХ-ын даргыг Швейцарт айлчлах бүрэлдэхүүнд багтсан билээ. Уг айлчлалын хүрээнд Швейцарын банкны данснаас иргэн С.Баярцогтын гүйлгээний хуулгыг авчирч ирснээ мэдээлсэн. Энэ талаар тэрбээр мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарын холбооны улсад албан ёсны айлчлал хийсэн. Би айлчлалын бүрэлдэхүүний гишүүний хувьд мөн УИХ дахь оффшорын эсрэг бүлгийн даргын хувьд олон нийтэд тодорхой мэдээллийг өгсөн. Гэвч миний өгсөн мэдээллийг үгүйсгэсэн, мушгин гуйвуулсан мэдээлэл гарч байна. Энэ мэдээллийн талаар ойлголтгүй, үүрэг оролцоогүй, хийсэн ажилгүй хүмүүсийн худал мэдээллээс үүдэж ташаа мэдээлэл явсан учраас энэ мэдээллийг хийж байна.

УИХ-ын даргын хийсэн айлчлалын бүрэлдэхүүн өнгөрсөн баасан гарагт нутагтаа ирсэн. Швейцарын холбооны талаас Монголын талд С.Баярцогтын  "Credit Suisse AG" банк дахь ам.долларын гурав, еврогийн хоёр, нийт таван дансны 2008 оны есдүгээр сарын 30-2013 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэлх хугацааны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг Монголын талд хүлээлгэж өгснийг айлчлалын баг авч ирсэн. Энэ мэдээлэл холбогдох журмын дагуу ГХЯ-аар дамжиж АТГ-т хүргэгдэж байгаа. Миний өнөөдрийн авсан мэдээллээр уг баримт АТГ-т хараахан очоогүй байна. Тиймээс энэ ажлыг түргэтгэхээр ажиллаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллийг хүргэж байгаа гол зорилго нь чухал ач холбогдолтой мэдээлэл дарагдахаас сэргийлэх үүднээс хийсэн.

Иргэн С.Баярцогтын нэр дээрх таван дансаар 2008 оны есдүгээр сарын 30-наас 2013 он хүртэл хийгдсэн гүйлгээ байна.  “Оюутолгой”-н гэрээ 2009 оны аравдугаар сард хийгдсэн. Иргэн С.Баярцогт энэ хугацаанд Сангийн сайд, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан. Тиймээс өөр олон эзэн холбогдогчтой байж магадгүй.  Төр нийгэмд хуулийн хяналтыг тогтоох зорилгоор сэтгүүлчид, олон нийтийн анхааралд хүргүүлэх зорилгоор  мэдээллийг хийсэн. Хуулийн байгууллага уг асуудлыг бүрэн гүйцэт шалгах боломжийг нь олгох ёстой. Ингэхийн тулд нөлөөллөөс ангид байлгах хэрэгтэй гэж би үзэж байна.

Хуулийн байгууллагын жирийн мэргэжилтнийг хүртэл улс төрийн дарамт шахалтад оруулдаг болсон. Зарим хэргийг нуун дарагдуулж, цаашлаад зохиомол хэрэг гаргаж ирдэг. Би хийсэн мэдээллээ цагаа олсон, зөв мэдээлэл хийсэн гэдэгтэй улам итгэлтэй болж байгаа.

Швейцарын холбооны улсаас иргэн С.Баярцогтын бүх гүйлгээний мэдээллийг хүлээлгэн өгсөн. Энэ бол АТГ, прокурорын байгууллагуудтай хийсэн албан ёсны харилцааны үндсэн дээр Монголын талд хүлээлгэн өгсөн. Хуулийн байгууллага хуулиа биелүүлэхэд бидний зүгээс улс төрийн дэмжлэг үзүүлэх ёстой. Энэ утгаар УИХ дахь Оффшорын эсрэг бүлэг ажиллаж, Швейцарын холбооны улсын өмгөөллийн товчоо, холбогдох банканд удаа дараа хүсэлт илгээсэн. Тус улсын Гадаад хэргийн сайд 2018 оны дөрөвдүгээр сард манай улсад айлчлах үеэр нь биечлэн уулзаж, С.Баярцогтын дансыг Монгол Улсад хүлээлгэж өгөх хуулийн байгууллагууд ажлаа хийх боломжийг нь хангах чиглэлээр албан ёсны хүсэлт тавьж, араас нь хөөцөлдөж ажилласан. Дээрх мэдээллийг ил болгоход төрийн бус байгууллагуудаас мөн идэвх санаачлагатай ажилласан. Ялангуяа Байгаль орчны төлөөх хуульчдын холбоо анхнаас нь маш идэвхтэй оролцож ирсэн. Би УИХ-ын дарга Швейцарын холбооны улс руу айлчлах айлчлалын бүрэлдэхүүнд орох саналаа өөрөө тавьсан. Хоёр зорилгоо хэлсэн, С.Баярцогтын дансны асуудлаар холбогдох албаны хүмүүстэй уулзах зорилготойгоор явах хүсэлтээ илэрхийлж, УИХ-ын дарга ойлгож, дэмжсэн.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, О.Баасанхүү нар оффшорын эсрэг үйл ажиллагаанд хуруу байтугай, хошуу нэмэрлэж байгаагүй хүмүүс, тэд  буруу мэдээлэл өгсөн байна лээ. Тэд айлчлалын бүрэлдэхүүнд ямар ч үүрэггүй, үр дүнгүй яваад ирсэн нь асуудлаас хол хөндий байгаа нь харагдаж байна. Татвар төлөгчдийн мөнгийг хий хоосон үрдэг, маш их айлчлалаар явдаг.  Тийм учраас энэ асуудлыг мэдэхгүй байх нь аргагүй. УИХ-ын нэр бүхий гишүүдийн мэдээлэл дээр үндэслэн би энэ мэдээллийг хийж байна.

Энэ мэдээлэл УИХ-ын даргын айлчлалын хөтөлбөрт байхгүй. Гэхдээ Швейцарын холбооны улсын банкнаас иргэн С.Баярцогтын нэр дээрх дансны дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн. Таван дансанд орсон гарсан гүйлгээ байгаа учраас лавшруулж шалгах шаардлага үүсч магадгүй. Өөр бусад эзэн холбогдогчийг тогтоож шалгаж  ч магадгүй. Энэ бүхнийг манай талд гаргаж өгөх боломжтой гэдгээ илэрхийлсэн. Миний хувьд Швейцарын холбооны улс ямар төрлийн баримт материалыг хүлээлгэж өгсөн бэ гэдэг талаар мэдээлсэн. Бусад мэдээллийн агуулгатай холбоотой асуудлыг мөрдөн байцаах ажиллагааны үед мэдээлэх нь хориотой. Хууль шүүхийн байгууллагууд хуулиа биелүүлж ажиллах энэ чиглэлд УИХ-ын зүгээс хяналт тавьж шахаж шаардаж ажиллана. Тус айлчлалын үеэр ажил хэргийн уулзалтуудыг зохицуулж хийсэн учраас айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Б.Пүрэвдорж, О.Баасанхүү нар мэдэхгүй байгаа.

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Айлчлалын бүрэлдэхүүнд багтсан гишүүд дээрх мэдээллийг үгүйсгээд байхад та үнэн гэж хэлээд байгаа нь ямар учиртай юм бэ. Энэ мэдээлэл 14 хоногийн өмнө ГХЯ-д ирсэн байсан гэсэн. Та болон айлчлалтай огт холбоогүй ирсэн баримтыг өөртөө хамаатуулж яриад байгаа юм биш үү?

Айлчлалын бүрэлдэхүүнд багтсан гишүүд ямар ч мэдээлэлгүй, үүрэггүй явсан хүмүүсийн ташаа мэдээлэл. Энэ мэдээллийг би хэрэв олон нийтэд дэлгээгүй байсан бол цаашид дарагдахыг үгүйсгэхгүй гэдгийг энэ үйл явцаас харж байна. ГХЯ-нд 14 хоногийн өмнө С.Баярцогтын оффшор данстай холбоотой мэдээлэл ирээгүй гэдгийг албан ёсоор хэлье. Айлчлалын бүрэлдэхүүнд явсан хүмүүсээр дамжиж гуравдугаар сарын 15-ны өглөөний МИАТ-ын онгоцоор ирсэн. Яг одоо  ГХЯ дээр байгаа мэдээллийг би саяхан авсан. Асуудлын гол нь хэндээ биш үр дүн болоод Монголд ирсэн нь  чухал.

-Та тус баримтын гүйлгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юм уу?

-Гүйлгээний нарийн мэдээлэл нь мөрдөн байцаах ажиллагааны нууц учраас мэдээлэл өгөх эрхгүй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж