-Мобиком Корпораци МҮХАҮТ-аас шалгаруулсан 2014 оны “ТОП-100 Аж ахуйн нэгж”-ийн жагсаалтад 4 дүгээр байрт шалгарлаа-
2015 оны 4 дүгээр сарын 22, Улаанбаатар хот-Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Монгол Улсын үүрэн холбооны анхдагч бөгөөд манлайлагч оператор Мобиком Корпорацийн 2014 онд улсын төсөвт оруулсан хувь нэмэр, амжилт бүтээлийг үнэлж, Монгол Улсын “ТОП 100 аж ахуйн нэгж”-ийн жагсаалтад 4 дүгээр байрт шалгаруулсныг мэдэгдэхэд таатай байна.
“2001 оноос эхэлж жил бүр Монгол Улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийг шалгаруулдаг уламжлалтай болсон бөгөөд Мобиком Корпорацийн нийт хамт олон энэхүү нэр хүнд бүхий шагналыг 2015 онд дахин хүртсэндээ "барахалтай" байна” хэмээн Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй онцлон хэллээ.
Өмнөх жилүүдэд тус шалгаруулалтыг хийхдээ аж ахуйн нэгж, компаниудаас материал хүлээн авч, нэгтгэн дүгнэдэг байсныг өөрчилж, энэ жилээс МХЕГ, ТЕГ, НДЕГ, ГЕГ зэрэг холбогдох төрийн байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан, албан ёсны мэдээ, тайланд үндэслэн, тодорхой үзүүлэлтүүдээр “ТОП 100 аж ахуйн нэгж”-үүдийг өргөмжлөдөг болжээ.
Тус шалгаруулалтыг хийхдээ аж ахуйн нэгжүүдийг хөрөнгө, ашиг, орлого, ажилчдын тоо, татвар гэсэн үндсэн таван шалгуураар жагсаан тодруулсан байна.
Мобиком Корпораци өнгөрсөн хугацаанд тус жагсаалтын эхний 10-т багтсаар ирсэн бөгөөд Монгол Улсын ТОП 5 татвар төлөгчийн нэгээр удаа дараалан шалгарч, “Шилдэг компанийн засаглалтай байгууллага” өргөмжлөл, “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч шилдэг байгууллага” зэрэг шагналыг мөн гардан авч, жилийн жилд шилдэг байгууллага гэдгээ баталсаар ирсэн билээ. Манай корпораци нь Олон улсын Чанарын удирдлагын менежментийн ISO 9001:2008, Олон улсын Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын ISO 27001:2005 сертификатыг дахин баталгаажуулсан, Монгол Улсын цорын ганц харилцаа холбооны оператор компани юм.
Бидний амжилтын гол үндэс нь манай нийт хэрэглэгч, үйлчлүүлэгчид байдаг бөгөөд он удаан жилийн турш хөгжилд хамтдаа алхсан Та бүхэндээ чин сэтгэлийн талархал дэвшүүлье.
Мобиком Корпораци ХХК