Хөвсгөл нууранд автомашинтайгаа цөмөрсөн иргэнийг аврагчид эсэн мэнд гаргажээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон багийн Далайн хоолой гэдэг газар тус тосгоны харьяат иргэн 20 настай, эрэгтэй О-ын жолоодож явсан Старикс загварын суудлын автомашин Хөвсгөл нууранд цөмөрсөн аж. Энэ талаарх дуудлага гуравдугаар сарын 17-ны өдрийн 22.55 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын газарт ирсэн байна.
Үүний дагуу Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн таван алба хаагч, нэг автомашинтай 22.59 цагт очиж, 15 минут ажилласны эцэст О-г нуураас эсэн мэнд гаргасан байна. Мөн маргааш нь буюу гуравдугаар сарын 18-ны өдрийн 15.48 цагт аврагчид автомашиныг татан гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Осолдсон жолооч О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож ийнхүү осолджээ.
Э.ЭНХ
Холбоотой мэдээ