Путиныг иргэдийн эрх чөлөөнд халдаж байна хэмээв

Хуучирсан мэдээ: 2019.03.19-нд нийтлэгдсэн

Путиныг иргэдийн эрх чөлөөнд халдаж байна хэмээв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин удаан хугацааны турш маргаан дагуулаад байсан FAKE NEWS буюу худал хуурмаг мэдээллийг түгээх, төрийн байгууллага, улс эх орныг доромжлох, төрийн албан хаагчид, улстөрчдийг үндэслэлгүйгээр гүтгэн доромжлохыг хориглосон хуулийн төслийг өчигдөр /2019.03.18/ албан ёсоор баталлаа. Энэхүү хуулийн төслийг Оросын парламентын доод танхим буюу төрийн ДУМ нэгдүгээр сард дэмжиж, дээд танхим гуравдугаар  сарын 13-ны өдөр хэлэлцэж дэмжсэн юм.

Уг хуулиар бол үндэслэлгүй худал мэдээллийг олон нийтэд түгээсэн сайт, мэдээллийн хэрэгслийг хаах хүртэл арга хэмжээ авах, хувь хүмүүст 100 мянга хүртэл, төрийн албан хаагчид 200 мянга хүртэл, албан байгууллагад 500 мянга хүртэл рублийн торгууль ногдуулах, эрх баригчид, улс эх орны бэлгэдэл,  төрийн байгууллагыг цахим орчинд дураараа гүтгэн доромжилж, хүмүүсийг уриалан дуудсан бол 100 мянга хүртэл рублиэр торгох ба давтан ийм үйлдэл гаргавал 15 хүртэл хоног хорих шийтгэл хүлээх юм.

Үүгээр зогсохгүй тус улсын харилцаа холбооны зохицуулах байгууллага болох “Роскомнадзор” зөрчил гаргасан байгууллагад анхааруулга өгч, худал мэдээллээ устгах 24 цагийн хугацаа өгөх ба хэрэв шаардлагыг нь биелүүлэхгүй бол хаах арга хэмжээ авах юм. Харин “Роскомнадзор”-т бүртгэлгүй мэдээллийн сайт худал мэдээлэл тараавал урьдчилж анхааруулалгүйгээр шууд хаах гэнэ. Мөн ямар мэдээллийг худал мэдээлэлд тооцохыг шүүхээс биш прокурорын байгууллага шууд тогтоох болж байгаа ажээ.

Анх нэгдүгээр сард уг хуулийн ДУМ-ын гишүүд дэмжихэд сөрөг хүчний Илья Яшин “Энэ бол үнэхээр галзуурал. Ард иргэдийн шүүмжлэх, үзэл бодлоо илэрхийлэх талбарыг яаж хааж боож чаддаг байна аа” хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байв.

“Зөвлөлтийн үеийн социалист дэглэмийн шинэчилсэн хувилбар хэрэгжиж эхэллээ”, “Цагдаа нар мэдээллийн худал үнэн эсэхийг тогтоодог боллоо”, “Иргэний эрх, эрх чөлөөнд аюул учирч байна” гэх зэргээр иргэд дээрх хуулийг шүүмжилсээр байна.

Тус улсад үйл ажиллагаа явуулдаг хүний эрхийн байгууллагууд энэхүү хуулийг маш хүчтэй эсэргүүцэж, иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хүчээр хязгаарлаж, өөрсдийг нь шүүмжилж, булхайг нь илчлэхээс эмээсэн, хэвлэлийн эрх чөлөөг боомилсон хууль хэмээн үзэж байгаа ба энэ бүхэн шинэ зүйл биш Путин 2000 онд төрийн эрхэнд гарсан цагаас эхэлсэн зүйл хэмээн хэлж байгаа юм.

Худал мэдээллийн тухай хуулийн төсөл яригдаж эхэлснээр хойш Путины рейтинг унаж эхэлжээ. Мөн сүүлийн үед яригдаж буй Орос улсыг гаднын цахим халдлагаас хамгаалахын тулд олон улсын интернет сүлжээнээс тусгаарлаж, өөрийн гэсэн дотоод сүлжээтэй болж, зөвхөн зөвшөөрөгдсөн хаяг руу нэтрэх, интернетийн хэрэглээг хязгаарлах түүний бодлогыг иргэд олон нийт хүчтэй эсэргүүцэж, жагсаал цуглаан зохион байгуулсан билээ.

Эх сурвалж: NDTV,REUTERS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж