KFC-д хордсон 287 хүний хохиролд 49.4 сая төгрөг олгожээ

Хуучирсан мэдээ: 2019.03.19-нд нийтлэгдсэн

KFC-д хордсон 287 хүний хохиролд 49.4 сая төгрөг олгожээ

KFC-д хордсон 287 хүний хохиролд 49.4 сая төгрөг олгожээ

KFC-гийн салбаруудад хийсэн шинжилгээний дүнгийн талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас тодрууллаа.


FC-гийн салбаруудад хийсэн шалгалт, шинжилгээний дүн ямар гарсан бэ?

– Хан-Уул дүүргийн арваннэгдүгээр хороо буюу Зайсанд байрладаг KFC-гийн салбарт гарсан хордлоготой холбоотойгоор мэргэжлийн хяналтын газраас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулсан.  Мөн НМХГ-ын даргын удирдамжаар KFC-гийн 11 салбарт төлөвлөгөөт бус шалгалт явууллаа.

Шалгалтын явцад 64 зөрчил илэрч, зөрчлийг газар дээр нь арилгуулсан. Мөн Зөрчлийн тухай хулийн дагуу зөрчлийн хэрэг нээж, гурван салбарыг гурван сая төгрөг, нэг салбарыг 300 мянган төгрөгөөр торгосон.

Мөн шалгалтын явцад 11 салбарын ашиглаж байгаа ус, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эдээс дээж авч лабораторид шинжлүүлсэн. Шинжилгээгээр бүх бүтээгдэхүүн шаардлага хангасан үзүүлэлттэй гарсан.

Салбаруудад ажиллаж байгаа 410 ажилчдын эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан эсэхийг шалгахад ес нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй байсан. Мөн нэг ажилтан эрүүл мэндийн хуурамч дэвтэртэй байсан. Тиймээс үзлэг шинжилгээнд хамруулж, зөрчлийг арилгуулж, сахилгын шийтгэл ногдуулж, Зөрчлийн хэрэг нээн харьяа дүүрэгт хэргийг шилжүүлсэн.

-Шалгалтаар илэрсэн 64 зөрчилд ямар зөрчил багтаж байна вэ?

-Эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй, тогооч нь мэргэжлийн бус, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй газарт үйл ажиллагаа явуулсан, зарим ундааны концентрацийн хугацаа дууссан зэрэг зөрчил багтаж байгаа. Үүрэг өгч эдгээр зөрчлийг засах арга хэмжээ авсан.

-Хордлого гарсан салбарт ямар арга хэмжээ авсан бэ?

-Тус салбарт Зөрчлийн хэрэг нээж, салбарын үйл ажиллагааг түр зогсоож, Зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Зөрчлийн хэрэг нээн ажиллах явцад Зөрчлийн тухай хуулийн 6.14.4, 6.15.3.1, 6.15.2 дахь заалтын дагуу энэ салбарт 14 сая төгрөгийн торгууль ногдуулж, 8.5 сая төгрөгийн хууль бус орлогыг хураасан. Эрүүл мэндээрээ хохирсон 287 хүний нийт 49 сая 400 мянган төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн.

Мөн сэжиг бүхий 18 нэр төрлийн 5960 ширхэг амталсан болон амтлаагүй тахиаг хурааж, устгасан. Ахуйн шавьж мэрэгч устгах компаниар ариутгал хийлгэсэн. Салбарт ажиллаж байсан 28 ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан. Давтан шинжилгээгээр ямар нэгэн нян тээгч илрээгүй.

Зайсанд байрладаг KFC, Pizza Hut зэрэгт ус нийлүүлдэг гүний худгийг ажиллуулдаг CCNG  компанид шалгалт хийж, зөвшөөрөлгүйгээр гүний худаг ажиллуулж байсан тул тухайн байгууллагад таван сая төгрөгийн торгууль ногдуулж, 15 сая төгрөгийн нөхөн төлбөр тавьж, худгийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон.

-8.5 сая хууль бус орлого гэдэгт юу багтаж байна вэ?

-Хордлого гарах үед буюу хоёрдугаар сарын 8-12-нд орсон орлогыг нэрлэж байгаа юм.

-Шинжилгээний хариу удаж гарсан. Үүнд ямар шалтгаан байсан бэ?

-Салбаруудаас авсан шинжилгээний хариу нь тодорхой хугацааны дараа гардаг. Мөн Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори, АШУҮИС-ийн лабораторид шинжилгээ явуулсан. Улсын мал эмнэлгийн ариун цэврийн лабораторид өгсөн шинжилгээний хариу гуравдугаар сарын 14-нд ирсэн. Бүх лабораториос ирсэн шинжилгээний дүнг нэгтгэж, ХӨСҮТ-тэй хамтарсан дүн гаргасан юм. Хамтарсан дүгнэлт гуравдугаар сарын 15-нд эцэслэн гарсан. Үүний дараа юугаар үүсгэгдсэн хордлого болох дээр дүгнэлтэд хүрсэн.

-Хордлого ямар нянгаар үүсгэгдсэн байна вэ?  

-Хордлого нэг эх уурхайтай шигелла нянгаар үүсгэгдсэн байсан. Хоол үйлдвэрлэлийн дамжлага болон ажилчдад эрүүл ахуйн зохистой дадал хэвшүүлээгүйгээс халдвар үүссэн.

-Зайсан дахь салбарын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон шийдвэр хэзээг хүртэл үргэлжлэх вэ?

-Бид шалгалт явуулж, зөрчлийг арилгуулж, өөрсдөөс шалтгаалах ажлаа хийсэн. Тус салбар цаашид ажиллах эсэхийг прокурор шийднэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж