УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2015.04.22/ үдээс хойш хуралдаж, эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Мөнгөн усны тухай Минаматагийн конвенци”-д нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч салбарын сайд нь гадаад томилолттой байгаа тул уг асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулав.
Ингээд хуваарь ёсоор Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэв. Уг тогтоолын төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан боловсруулж энэ сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн юм.
Монгол Улс 1998 оноос “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичгийг батлан мөрдөж байгаа агаад өнгөрсөн хугацаанд улс орны нийгэм, эдийн засаг, гадаад, дотоод орчинд гарсан өөрчлөлт, Монгол Улсад хэрэгжиж буй эрх зүйн шинэчлэлийн хүрээнд энэхүү баримт бичгийг шинэчлэх шаардлагатай болсон аж. Энэхүү баримт бичиг нь 8 зүйл, 51 бүлэгтэй юм.
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар мөн Монгол Улсын гадаад, дотоод өр зээлийн талаарх Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны мэдээллийг хаалттай горимоор сонслоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.