Нийслэлийн засаг даргын тамгын газар, Голомт банкны төв байрны дунд өчигдөр 17.40 цагт гал гарсан талаар бид мэдээлсэн. Дээрх асуудлаар бид албаны байгууллагын эх сурвалжуудаас тодрууллаа.
Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлснээр “Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, нийслэлийн ЗДТГ-ын байр, Голомт банкны төв байрны дунд “Хог шатаж байна” гэсэн дуудлага 2019 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн 17:41 цагт ирсэн.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах аравдугаар ангийн найман алба хаагч, хоёр автомашинтайгаар 1.5 километр зам туулан 17:46 цагт очиж, галыг 15 минут ажиллаж унтраасан. Одоогоор галын шалтгааныг үргэлжлүүлэн шалгаж байна. Хүний амь нас, эд хөрөнгийн ноцтой зөрчил гараагүй гэсэн тайлбарыг өглөө.
Дээрх асуудлаар Нийслэлийн Засаг даргын тамгын газраас дараах мэдээллийг өгөв. “Тус хоёр барилгын хоорондын зайд Бодь цамхгийн агааржуулалтын системийн цахилгаан төхөөрөмж болон НЗДТГ-ын актлагдсан модон эдлэлүүд түр хураалттай байсан.
Гал гарч, ахуйн эд зүйлс шатсаны улмаас НЗДТГ-ын байрны А корпусын 1-2 давхрын тухайн хэсэг рүү харж байрласан оффисын өрөөний хоёр цонхны шил хагарсан бөгөөд хүний амь нас, эрүүл мэндэд хор хохирол учраагүй, түлэгдэж бэртсэн, угаартсан хүн байгаагүй.
Галын улмаас эд хөрөнгөд ноцтой хэмжээний хохирол учраагүй. Гал гарсан даруйд Гал унтраах, авран хамгаалах 10-р ангийн алба хаагчид болон Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн ирж барилгын гадна талыг хамгаалалтад авч, гал унтраах арга хэмжээг шуурхай авснаар галыг бүрэн унтраасан юм.
Мөн тус газрын галд өртсөн дээрх хоёр өрөөнөөс бусад хэсэгт гал тархаагүй, хохирол учраагүй тул өнөөдөр НЗДТГ-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна” гэлээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ