Улсын хэмжээнд хаваржилтын нөхцөл байдал хүндхэн байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Учир нь өнгөрсөн өвөл баруун аймгаар цас их орсон бол зүүн болон говийн бүсийн аймгаар цас бага орсны улмаас хуурайшилт ихтэй байгааг албаныхан онцоллоо.
БАРУУН АЙМГУУДАД ЦАС ИХТЭЙ, МАЛ БЭЛЧЭЭРЛЭХ БОЛОМЖГҮЙ БАЙНА
Одоогоор Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Ховд, Орхон, Өвөрхангай аймгийн зарим суманд цасан бүрхүүлтэй хаваржилт хүндэрч байна. Учир нь баруун аймгуудад цас их орсны улмаас мал бэлчээрт гарч чадахгүй өвс тэжээлийн дутагдалд орох эрсдэл үүссэн. Тухайлбал, Увс аймгийн 19 сумаас Цагаанхайрхан, Өндөрхангай, Зүүнхангай гэсэн гурван сум л цас багатай. Бусад 16 сумын нутаг цасан бүрхүүлтэй байгаа. Ховд аймгийн нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь цастай байгаа бол Баян-Өлгий аймгийн нутгийн ихэнх хэсэг нь цасан бүрхүүлтэй байна.
Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх мэдээлэл өгөхдөө “Баруун аймагт орсон цасыг байгалийн усны нөөц бүрдүүлж, хаврын шар усыг хуримтлуулах боломжтой. Салбар яамны зүгээс цаашдаа энэ чиглэлээр аймаг орон нутгийн удирдлагуудад чиглэл өгөхөөр бэлтгэж байна. Гуравдугаар сарын 21-нд аймаг, нийслэлийн удирдлагуудтай хийх цахим хурлын үеэр энэ асуудлын талаар хэлэлцэнэ. Өвөл орж байгаа их цасыг хуримтлуулж, газар тариалан, бэлчээр усжуулахад ашиглах бодлого баримталж, байгалийн усыг ашиглах тал дээр анхаарч ажиллах ёстой” гэв.
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТ ИХТЭЙ ХАВАРЖИЖ БАЙНА
Мөн тэрбээр “Өнгөрсөн өвөл ихэнх нутгаар цас бага орсон учраас энэ хавар улсын хэмжээнд хуурайшилт ихтэй байгааг албаныхан хэллээ. Баруун аймгуудаар цас ихтэй хаваржилт хүндэрч байгаа бол зүүн болон говийн аймгуудаар цас бага орсны улмаас хуурайшилт ихтэй байна. Тухайлбал, Булган аймгийн нийт 16 сумын 10 суманд хуурайшилттай хаваржилт хүндрэлтэй байгаа аж. Мөн Сэлэнгэ аймгийн 15 суманд, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр бүхэлдээ хуурайшилт ихтэй байна. Үүний улмаас малын амны ус хангамж дутагдал үүсч, хаваржилт хүндрэх эрсдэл үүсчээ. Салбар яамны дэд сайд Ж. Сауле саяхан орон нутгийн хаваржилтын нөхцөл байдалтай танилцаад ирлээ. Нийт 13 аймгийн сумын малчид усны асуудал, бэлчээрийн даац хэтэрсэн талаар тулгамдаж буй асуудлаа хэлж ярьж байна” гэдгийг хэлсэн юм.
ШИНЭЭР 661.2 МЯНГАН ТӨЛ ХҮЛЭЭН АВЧЭЭ
Энэ оны гуравдугаар сарын 15-ны байдлаар төллөх эх малын 2.2 хувь буюу 683 мянган хээлтэгч төллөж, 661.2 мянган төл бойжиж байгаа мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өглөө. Одоогоор нийт 213.1 мянган толгой мал хорогдоод байгаа бөгөөд энэ нь оны эхний нийт малын 0.3 хувийг эзэлж байгаа ажээ.
Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай аймгуудад хамгийн их толго мал хорогдоод байна. Тодруулбал Ховд аймагт 61 мянга 129, Увсад 53 мянга 381, Баян-Өлгийд 29 мянга 854, Говь-Алтайд 18 мянга 891 толгой мал хорогдсон байна. Харин бойжиж буй төлийн тоогоор Увс аймаг хамгий их буюу 75 мянга 776 төл хүлээн аваад байна.
Холбоотой мэдээ