БНАСАУ болон ОХУ өндөр түвшний гэрээ хэлэлцээгээ бэхжүүлж, улс төр, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон байна. БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Им Чон Иль болон ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов нар өнгөрсөн долоо хоногт Москва хотноо уулзаж, дээрх хэлэлцээг байгуулахдаа хоёр улсын улс төрийн салбарын харилцан солилцоог нэмэгдүүлж, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг олон салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж, Солонгосын хойг болон олон улсын тавцан дахь асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон байна. Мөн энэхүү хэлэлцээний хүрээнд БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар тун удахгүй уулзана гэж ажиглагчид үзэж байгаа билээ.
ОХУ болон БНАСАУ нь эртнээс найрсаг харилцаатай байсан ба 1948 онд дипломат харилцаа тогтоож байсан уг хоёр улс нь 39.4 км үргэлжлэх усан хилээр хиллэдэг. Дэлхийн хоёрдугаар дайн дуусч, Солонгосоос Японы цэргүүдийг хөөн гаргасны дараа Солонгосыг хойгийг хоёр заагласан. Өмнөд хэсэгт нь АНУ-ын, харин Хойд хэсэгт Зөвлөлтийн цэргүүд байрлаж байсан. 1948 онд умард хэсэгт Ким Ир Сэн тэргүүтэй Зөвлөлтийн Коммунист Засгийн газартай БНАСАУ байгуулагджээ. ЗХУ бол Хойд Солонгосыг хүлээн зөвшөөрсөн дэлхийн анхны улс. Мөн ОХУ БНАСАУ-д тогтмол хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг. Худалдаа, эдийн засгийн хувьд ЗХУ нь БНАСАУ-ын худалдааны гол түнш байсаар ирсэн.
Мөн дээрх уулзалтын үеэр өнгөрсөн сард Ханойд болсон Ким Жон Ун, Дональд Трамп нарын уулзалтын үр дүнгийн талаар ч ярилцсан гэнэ. ОХУ-тай ийнхүү яриа хэлэлцээ хийсний дараахан БНАСАУ Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох хэлэлцээрээс гарч, цөмийн зэвсэг болон пуужингийн туршилтаа дахин сэргээж магадгүй талаар тус улсын Гадаад хэргийн орлогч сайд Чэ Сон Хи мэдэгджээ.
Мөн тэрбээр саяхан Ханой хотноо болж өнгөрсөн Дональд Трамп болон Ким Жон Ун нарын уулзалтын үеэр АНУ-ын тал “алтан боломжийг” алдсан гэж АНУ-ыг хатуухан шүүмжилсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тавьсан цөмийн зэвсгээ устгах шаардлагыг хэтэрхий нэг талыг барьсан шаардлага байснаас гадна Хойд Солонгосын тал бүх хоригоо цуцлуулна гэсэн шаардлага огт тавиагүй, гол хоригуудыг хэсэгчлэн цуцлуулахыг хүссэн гэв.
Тус улсад тавьсан АНУ болон НҮБ, Европын холбооны улсуудын хориг нь тус улсын эдийн засаг, улс төр, нийгмийн харилцааг бүхэлд нь боомилж, бусад улс орнуудаас улам тусгаарлаж байгаа юм. Саяхан БНАСАУ-ын төрийн өмчит “Родонг Синмун” сонинд бичсэн нэгэн нийтлэлд удирдагч Ким Жон Уны “Бид бусдыг гараа сунгахыг хүлээгээд суугаад байвал хэзээ ч хөгжихгүй. Энэ хэвээрээ үлдэнэ. Бидэнд бие даасан эдийн засгийн хөгжил хэрэгтэй” хэмээн хэлснийг онцолжээ. Ханойн уулзалт нэгэнт үр дүнд хүрээгүй тул Ким Жон Ун АНУ-аас их зүйл хүлээхээ больсон бололтой гэж ажиглагчид дүгнэж байна.
Цэрэг зэвсэг, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарыг түшиглэдэг тус улс нь 25 сая хүн амтай бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ хэмжээ 30,7 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Нэг хүн ногдох ДНБ 1,300 ам.доллар байдаг ба энэ үзүүлэлтээрээ дэлхийн улс орнуудаас 125-т жагсаж байгаа тус улсын нийт хүн амын 25 хувь нь тодорхой ажил эрхэлдэггүй. Жилд 3,7 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолж, 2,9 тэрбум .ам.долларын импорт хийдэг бөгөөд гол импортлогч улс нь Хятад улс. Хятад улс нийт импортынх нь 87 хувийг дангаараа бүрдүүлдэг юм байна.
Холбоотой мэдээ