УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хурлаар Я.Содбаатар, Сү.Батболд, Д.Дэмбэрэл, Ж.Энхбаяр нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийнх олонх дэмжсэн. Хуулийн төслийг санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжиж, гадаад, дотоод худалдааг либералчлах арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлсэний дүнд дэлхийн улс орнуудтай хийх худалдааны харилцаа эрчимтэй өргөжин хөгжиж байна. Худалдааны харилцаа хэдийгээр өргөжин тэлж байгаа боловч энэ талын зохицуулалт нь олон улсын гэрээ, хэлэлцээр болон аж ахуйн үйл ажиллагааны нийтлэг хэм хэмжээ тогтоосон хууль, эрх зүйн актуудаар дамжин хийгдэж байна. Худалдааны харилцаанд дахь зарим ойлголт, хэлбэр, төрөл, худалдаа эрхлэн явуулах арга, үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийг худалдаагаар дэмжих төрийн бодлого, зохицуулалт, олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд гадаад худалдаанд хэрэглэх хамгаалалтын арга, гадаад болон дотоод худалдаанд тавигдах шаардлага, худалдаа эрхлэгчийн эрх, үүрэг зэрэг асуудал нь хуулийн тодорхой нэгдсэн зохицуулалтгүй явсаар ирлээ” гэсэн юм.
Энэхүү хуулиар Монгол Улсын худалдааны салбарын эрх зүйн бодлогыг тодорхойлохын зэрэгцээ зохицуулах аж. Мөн худалдааны салбарын нэгдсэн систем бий болгох, үнэ тарифын бодлого, худалдааны хэлбэр, гадаад болон дотоод худалдаанд тавигдах шаардлага болон худалдаа эрхлэгчийн эрх, үүрэг зэрэг олон чухал асуудлыг багтаан хуульчилж өгсөн байна.
С.СҮРЭН