АНУ-ын сенатч агсан Жон МакКэйний охин Ерөнхийлөгч Трампын мэдэгдэлд хариу өгсөн байна. Трамп дахин сенатч агсны эсрэг үзэл бодлоо илэрхийлжээ. Энэ явдал Вьетнамын дайны үед олзлогдож явсан Жон МакКэйнийг хорт хавдраар өөд болсноос хойш бараг долоон сарын дараа болов.
Трампын бямба, ням гаригт жиргэсэн гурван жиргээнээс үзэхэд, Бүгд найрамдах намын хууль тогтоогч агсан МакКэйн нь тусгай прокурор Роберт Муллерын удирдаж байгаа, удаан хугацааны турш үргэлжилж буй мөрдөн байцаалтын ажиллагааг эхлэхэд хувь нэмрээ оруулсан ажээ.
Сануулахад, энэхүү мөрдөн байцаалт нь 2016 онд болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Трампын штаб ОХУ-тай холбоо тогтоосон эсэхийг илрүүлэхэд чиглэгдэж буй билээ.
Трамп МакКэйнийг 2017 онд эрүүл мэндийн салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг дэмжсэн хэмээн шүүмжилжээ. Трампын сэтгэгдэл МакКэйний охин Меган МакКэйн болон зарим хууль тогтоогчдын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан байна.
Трампын эхний сэтгэгдэлд Меган МакКэйн "Таныг хэн ч, хэзээ ч миний аавыг хайрлаж байсан шиг хайрлахгүй… Хагас сайн өдрийг аавтайгаа хамт өнгөрүүлэхсэн. Та твиттерт жиргэж байхын оронд хагас сайн өдрийн амралтаа гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлсэн нь дээргүй юү?” гэсэн хариу өгчээ.
Мөн АНУ-ын Сенат дахь, МакКэйний хамгийн ойр дотнын найзуудын нэг болох Леншей Грэхэм “МакКэйн улс орныхоо төлөө амьдралаа эрсдэлд оруулж, хүнд нөхцөл байдалд хангалттай ажилласан, энэ төрийн түүхэн дэх хамгийн нэр хүндтэй сенатуудын нэг байв. Түүний үйл хэргийг хэн ч үгүйсгэж чадахгүй” гэжээ.
Ардчилсан намын сенатч Крис Кунс “ABC News”-т “Сенатч МакКэйн рүү дайрч байгаа явдал нь Трампын хамгийн муухай зангийн нэг илэрхийлэл гэж бодож байна” хэмээн ярьсан байна.
Хууль тогтоох байгууллага Ерөнхийлөгч Трампаас саяхан хэлсэн үгэндээ уучлалт гуйхыг шаарджээ.
Трамп МакКэйний тухай олон удаа ярьж байсан аж. МакКэйн улс төрд орохоосоо өмнө 1960-аад онд Ханойд буудуулж, Хойд Вьетнамд таван жил гаруй хоригджээ. Трамп 2015 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын эхний саруудад Маккэйний талаар хэлэхдээ "Тэр дайны баатар биш. Тэр бол дайсны баатар. Би дайсанд олзлогдсон хүмүүст дургүй" хэмээн мэдэгдэж байжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Жон МакКэйний охинд мөн хариу өгсөн байна. “MediaIte”-д мэдээлснээр, тэрбээр “Намайг чиний ааваас ч илүү хайрладаг” хэмээн твиттер хуудастаа жиргэжээ.
Өнгөрсөн оны наймдугаар сарын сүүлээр Жон Маккэйн Аризона муж дахь гэртээ гэр бүл, ойр тойрныхоо хүрээнд таалал төгссөн. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс, тус ордны захиргааны дарга Жон Келли нар сенатч Жон Маккэйнд зориулан эмгэнэлийн үг бэлтгэхээр болж, түүндээ талийгаачийн цэргийн гавьяаг дурьджээ. Гэтэл Дональд Трамп “Твиттерт маш товч мэдээ оруулна” хэмээн болиулсан байдаг.
Ийнхүү эмгэнэлийн мэдээг Трампын Аризона мужаас хийсэн “Сенатч Жон Маккэйний гэр бүлд чин сэтгэлийн эмгэнэл илэрхийлье. Бидний сэтгэл болоод залбирал та бүхэнтэй хамт” гэдэг жиргээгээр орлуулжээ. Чухам яагаад үүнээс өөрөөр эмгэнэл илэрхийлээгүй шалтгааныг Сандерс тайлбарлахаас татгалзжээ.
“Washington Post” сонин үүнийг Трамп, Маккейн хоёрын таагүй харилцаатай холбон үзэж, Аризонагийн сенат агсан Ерөнхийлөгчийн олон санаачлагыг огт дэмждэггүй байсан гэжээ. Жишээ нь, Трампыг Владимир Путинтэй Хельсинкэд уулзахад Маккэйн түүнийг “эмгэнэлтэй алдаа” хийж байгаа гэнэн ерөнхийлөгч гээд “дарангуйлагчид хичнээн дуртай юм” хэмээн шүүмжилж байсан аж. Тус сонинд бичсэнээр, Цагаан ордон урьд нь сенатч нас барвал алдар цуугаас нь үл хамааран албан ёсны эмгэнэлийн мэдээ хэвлэдэг байжээ.
Эх сурвалж: VOA
Холбоотой мэдээ