Улаанбаатарт тулгамдаж буй олон асуудлын нэг нь замын түгжрэл. Нийслэлийн замын түгжрэлийн 25 хувийг автозогсоолын хүрэлцээгүй байдал эзэлдэг гэсэн судалгаа бий. Тиймээс хотын замын түгжрэлийг бууруулах нэг арга нь автозогсоолын тоог нэмэгдүүлэх гэж мэргэжилтнүүд үздэг.
Нийслэл 550 мянган автомашинтай атал зөвшөөрөлтэй 46 автозогсоолтой. Харин зөвшөөрөлгүй 100 гаруй автозогсоол байдаг ажээ. Зөвшөөрөлтэй автозогсоол нь НИТХ-аар баталсан журмын дагуу автомашинаа 30 минутаас бага хугацаанд байрлуулсан бол төлбөр авахгүй, 30 минут бол 500 төгрөг, нэг цагт 1000 төгрөгийн төлбөр авдаг. Мөн зөвшөөрөлтэй автозогсоол нь нийслэлтэй байгуулсан гэрээний дагуу стандартад нийцсэн тэмдэг, тэмдэглэгээ байрлуулж, и-баримт олгож, зориулалтын тоног төхөөрөмжтэйгөөр журмын дагуу үйлчилдэг. Үүгээр зогсохгүй олсон орлогынхоо 60 хувийг нийслэлийн автозамын санд төвлөрүүлдэг юм. Гэвч автозогсоолын стандарт нийслэлд хэрхэн хэрэгждэгийг жолооч нар андахгүй.
Гэвч зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж буй автозогсоол нь орлогоосоо нийслэлд хувь олгодоггүйгээс гадна үйлчлүүлэгч машинаа байрлуулаад 30 минут болоогүй байсан ч 1000 төгрөг, хэдэн цаг болбол зогсоолын ажилтан хүссэн үнээ авч байгаа. Ингээд үйлчлүүлэгч ажилтны хэлсэн өндөр үнийг өгөхөөс татгалзах, зогсоолд ороход өгдөг тасалбарыг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд торгууль ногдуулах, жолооны үнэмлэхийг нь хураах зэргээр автозогсоолын ажилчид дор зоргоороо авирладаг.
ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АВТОЗОГСООЛ АЖИЛЛУУЛБАЛ 500 МЯНГААС ТАВАН САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО
Тиймээс төлбөртэй автозогсоолуудад албан ёсны зөвшөөрөл олгож, зөвшөөрөл олгох журмын дагуу автозогсоолын стандартад нийцүүлэх шаардлагатай байна.
Уг нь нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүйгээр төлбөртэй зогсоол ажиллуулж байгаа тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу аж ахуй нэгжийг таван сая төгрөг, иргэнийг 500 мянган төгрөгөөр торгодог. Гэвч дээрх зөвшөөрөлгүй зогсоолыг ажиллуулж байгаа байгууллагууд нь өөрийн эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг утгаараа хуулийн хариуцлагаас бултаж, иргэдийн халаасан дахь мөнгийг “хулгайлсаар” байгаа юм.
ХОЁР АЖ АХУЙН НЭГЖ, НЭГ ИРГЭНИЙГ НИЙТ ЗУРГААН САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОЖЭЭ
Саяхан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж буй автозогсоолуудад шалгалт явуулсан байна. Шалгалтад 15 аж ахуй нэгжийг хамруулсан ч ихэнх нь өөрийн эзэмшлийн зам талбайд үйл ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлээр хариуцлагаас мултарсан бол нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүйгээр автозогсоол ажиллуулсан хоёр аж ахуйн нэгж, нэг иргэнийг нийт зургаан сая төгрөгөөр торгож, зарим газрын үйл ажиллагааг зогсоосон байна.
Түүнчлэн Зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж буй автозогсоол бүрт тэгш үйлчилж чадахгүй байгаа зөрчилтэй журмыг өөрчлөхөөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт албан бичиг хүргүүлжээ.
Өөрийн болон нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүйгээр төлбөртэй автозогсоол ажиллуулж байгаа газруудыг томоохон худалдааны төвүүд эзэлдэг аж. Тэдний нэг болох Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Максмолл” худалдааны төвийн гадна талын зогсоолыг шалгалтын явцад хаажээ.
ЭНЭ ЖИЛ АВТОЗОГСООЛООС 410 САЯ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛНЭ
Тиймээс нийгмийн хариуцлагаа ухамсарлаад худалдаа, үйлчилгээний төвүүд автозогсоолын үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулж, стандартад нийцүүлэх ажлыг уриалж, үлгэрлэж болох юм.
Зөвшөөрөл авч, албан ёсоор автозогсоол ажиллуулах журам их энгийн. Юун түрүүнд аж ахуй нэгж, иргэн нийслэлд хүсэлт гаргана. Иргэн, аж ахуй нэгжийн гаргасан хүсэлтийн дагуу нийслэлийн ажлын хэсгийн хурлаар нийтийн эзэмшлийн зам талбайд төлбөртэй зогсоол ажиллуулах зөвшөөрлийг шийдвэрлэдэг байна.
Харин тухайн зогсоолын орлогын 60 хувийг нийслэлийн автозамын санд төвлөрүүлэх юм.
Өнгөрсөн онд 370-аад сая төгрөгийг нийслэлийн автозамын төсөвт төвлөрүүлсэн бол энэ жил 410 сая төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөөд байгаа ажээ. Хэрэв зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй автозогсоолыг зөвшөөрөлтэй болгож чадвал энэ тоо гурав дахин үржих, нийслэлийн нөхөөстэй замыг бага ч гэсэн сайжруулж болох юм. Гэхдээ зөвшөөрөлтэй зогсоолын стандартыг яс мөрдүүлэх шаардлагатай юм
Зөвшөөрөлтэй 46 автозогсоолын байршлыг эндээс харна уу.
Холбоотой мэдээ