Хэнтий аймгийн “Бор Өндөр” цогцолбор сургуулийн арваннэгдүгээр ангийн сурагч багшдаа цохиулсны улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд /ГССҮТ/ хэвтэн эмчлүүлж байгаа талаарх сурвалжлагыг манай агентлаг өнгөрсөн баасан гаригт /2019.03.15/ бэлтгэн хүргэсэн билээ. Хэргийг эргэн сануулахад, Б.Бат-Эрдэнэ 14 хоног халуурч, сумын эмнэлэгт үзүүлэхэд яаралтай хот явах шаардлагатай гэж зөвлөжээ. Ингээд гуравдугаар сарын 13-ны өдөр ГССҮТ-д ирж, элэг нь бяцарч, хоёр газраа идээлсэн гэх оноштойгоор маргааш нь хагалгаанд орсон юм.
ГССҮТ-ийн зүгээс тухайн хүний гэмтлийг гаднын нөлөөтэй гэж үзвэл заавал цагдаагийн байгууллагаас бичиг хийлгэдэг бөгөөд тус бичгээр Б.Бат-Эрдэнийн гэмтэл гаднын нөлөөтэй гэж гарчээ.
Б.Бат-Эрдэнийн анги даасан багш буюу нийгмийн ухааны багш нь хүүгийн элгийг бяцартал хүчтэй цохисон гэж хүү болон түүний гэр бүл ярьсан байдаг. Уг хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа учраас албаныхан дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Гэхдээ эмэгтэй хүн цохиход ийм хэмжээний бяцрал үүсэх эсэх зэрэг асуудлыг хуулийн байгууллага эцэслэн тогтоох ч Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамнаас/БСШУСЯ/ тухайн багшид хариуцлага тооцно гэдгээ мэдэгдээд буй. Тухайн багшийн хувьд боловсролын салбарт найман жил ажилласан туршлагатай ажээ.
Сурагчдаа гар хүрсэн багшид ямар хариуцлага тооцох талаар БСШУСЯ-ны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга З.Энхболдоос тодрууллаа.
БАГШ БОЛОН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ ЁС ЗҮЙН ХУВЬД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХЭД БЭЛЭН ГЭДГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН
–Сүүлийн хэдэн өдрүүдэд “Бор Өндөр” цогцолбор сургуулийн багштай холбоотой асуудал олны анхааралд байна. Тухайн багшийг өнгөрсөн баасан гаригт БСШУСЯ-аас дуудаж уулзсан гэсэн?
-“Багшийн ёс зүйн дүрмийг шинэчилсэн байдлаар 2018 оны тавдугаар сард сайдын тушаалаар баталсан. Ёс зүйн дүрэмд зааснаар хамгийн гол нь сурагчтайгаа харилцах харилцаа үүсэхэд гарсан доголдолд ямар хариуцлага тооцох, хаана хэлэлцэх талаар тодорхой тусгасан байдаг. Хэнтий аймгийн “Бор Өндөр” цогцолбор сургуульд гарсан хэргийн тухайд орон нутагт болсон явдал учраас тухайн аймгийнх нь Засаг даргын ахалсан аймгийн ёс зүйн хороогоор орох ёстой. Мэдээж БСШУСЯ-аас тодорхой чиглэлүүдээ өгсөн.
Ёс зүйн хороо хуралдаад “Бор Өндөр” сургууль дээр очиж, сургуулийн багш нар болон сургуулийн захиралтай уулзахаар өчигдөр /2019.03.18/ аймгийн төвөөс сум руу явсан. Энэ асуудлын талаар өнөөдөр /2019.03.19/ аймгийн төв дээр буцаж ирээд ёс зүйн хороондоо дахин танилцуулаад шийдвэрээ гаргана. Яамнаас багш болон сургуулийн захирлыг дуудаж уулзсан. Тэдгээр хүмүүс өөрсдөө ёс зүйн хувьд хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
–Яамнаас ямар чиглэл өгсөн бэ?
-Яамнаас өгч байгаа чиглэл маш тодорхой. Энэ асуудалд нэгдүгээрт захиргааны хариуцлага буюу өөрөөр хэлбэл ёс зүйн дүрмийн дагуу ажлын байрны тодорхойлолд заасан чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн тухайн багшийг ажлаас чөлөөлнө гэсэн үг. Яамнаас тусдаа ажлын хэсэг гарч энэ асуудлыг нягталж үзсэн. Үүнтэй холбогдуулаад дээрх асуудлаар “Бор Өндөр” цогцолбор сургуулийн багш нарт багшийн ёс зүй багшлах арга зүйтэй холбоотой сургалт хийх гэж байна.
Нэг удаагийн цохилтоос болж хүүхэд бэртсэн үү гэдгийг шүүх эмнэлэг болон цагдаагийн байгууллага эцэслэн тогтооно. Ямартай ч багш тухайн хүүхдэд гар хүрсэн нь өөрөө ёс зүйн хариуцлага хүлээх үйлдэл юм.
Хүүг эмнэлэгт хэвтсэн цагаас нь анги даасан багш нь холбоотой байсан бөгөөд шаардлагатай эм тариа, зардлыг гаргана гэдгээ гэр бүлийнхэнд нь мэдэгджээ. Хүүгийн биеийн байдал дээрдэж байгаа гэдгийг ар гэрийнхэн нь хэлж байна. Хэдийгээр Б.Бат-Эрдэнийн аав, ээж нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй боловч хамаатан нь цагдаагийн байгууллагад хандсанаар хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж буй.
Холбоотой мэдээ