МИАТ “Boeing 737 Max 8” хөлгийг буцаах уу?

Хуучирсан мэдээ: 2019.03.19-нд нийтлэгдсэн

МИАТ “Boeing 737 Max 8” хөлгийг буцаах уу?

МИАТ “Boeing 737 Max 8” хөлгийг буцаах уу?

МИАТ компани өнгөрсөн нэгдүгээр сард Boeing 737 Max 8 загварын онгоц хүлээн авч, парк шинэчлэлээ эхлүүлсэн ч онгоцоо буцааж магадгүй болоод байна. Гэхдээ одоогоор эцсийн шийд гараагүй байна.

АНУ-ын “Boeing” компанийн үйлдвэрлэсэн Boeing 737 Max 8 онгоц хагас жилийн дотор хоёр осолдсон нь МИАТ түрээсийн гэрээгээр авсан “наймаа”-гаа буцаах асуудлыг хөндөхөд хүргэж буй юм. Эцсийн шийдвэр Этиопын “Ethiopian Airlines” компанийн гуравдугаар сарын 10-нд сүйрсэн онгоцонд хийж байгаа шинжээчийн дүгнэлтээс хамаарна. Тодруулж хэлбэл, уг осол цаг агаараас болсон уу, эсвэл онгоцны үйл ажиллагаанаас болов уу, нисгэгчийн ур чадвараас хамаарав уу гэдэг нь тодорхой болсны дараа энэ асуудал эцэслэгдэх юм.

Дэлхийн авиакомпаниуд Boeing 737 Max 8-ыг нислэгт гаргахаа түр зогсоосон. Иргэний нисэхийн ерөнхий газраас өгсөн зөвлөмжийн дагуу аюулгүй байдлыг хангах зорилгоор МИАТ шинэ хөлгөө газарт сойсон ч түрээсийн алдагдал хүлээж болзошгүй тухай хөндөгдөж эхэллээ.

Хэдийгээр, энэ нь МИАТ компаниас хамаарсан асуудал биш боловч онгоцны ослоос үүдэлтэй сул зогсолтын хугацааны түрээсийн төлбөрийг “царцаах” уу, аль эсвэл эрсдэлийг нь түрээслэгч үүрээд сар бүр төлбөр хийх үү гэдэгт тус компани тайлбар хийгээгүй байна. Гэхдээ МИАТ агаарын хөлгийг үйлдвэрлэгч “Boeing”, түрээсийг хариуцагч “Avolon” компаниудтай өнгөрсөн өдрүүдэд холбогдон тодорхой асуудлуудыг тавих болсны нэг нь түрээс гэж тайлбарлах нэгэн ч байна.

Борлуулалтаараа сүүлийн хоёр жил тэргүүлсэн Boeing 737 Max 8 онгоцны үнэ 2017 оны эхээр 52.85 сая ам.доллар байсан бол 2018 оны дунд үед 54.5 сая ам.доллар болж, өсчээ. Түрээслэх тохиолдолд шууд төлбөрөө хийснээс өндөр тусдаг. МИАТ уг хөлгийг худалдан авах боломжгүй тул түрээсэлжээ. Түлш бага зарцуулдаг нь олсон орлогынхоо дийлэнх хувийг түлшиндээ зарцуулдаг МИАТ-т зардлаа бууруулахад нь дэм болох байв. Тус компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирал Н.Ганболд Boeing 737 Max 8 нь бусад хөлгүүдээс шатахуун зарцуулалт нь 18-20 хувиар бага, техник үйлчилгээг хоёр жилд нэг удаа хийдэг байсныг гурван жилд нэг удаа хийх боломжтой болгосон нь агаарын хөлгийн газарт байх хугацааг бүтэн нэг жилээр багасгах байсан” юм гэдгийг онцолжээ.

Уг хөлгийг МИАТ өнгөрсөн хоёр сарын хугацаанд Банконг, Хонконг, Европын чиглэлийн нислэгт түлхүү ашигласан байна. Харин зогсоосноор зургаан хөлгөөрөө хуваарьт нислэгүүдээ үргэлжлүүлэх болжээ.

МИАТ нийтдээ дөрвөн шинэ онгоц авахаар төлөвлөсөн бөгөөд бүгд Boeing 737 MAX8 юм. Эхнийхийг энэ оны нэгдүгээр сард хүлээн авсан. Харин хоёр дахь онгоцыг ирэх тавдугаар сард хүлээн авахаар төлөвлөсөн байсан ч дээр дурдсан осолтой холбоотойгоор хойшлуулах саналыг талуудад тавьжээ.

Зарим эх сурвалж хоёр дахь агаарын хөлгийг хүлээн авах хугацааг хойшлуулж, ирэх арванхоёрдугаар сарын сүүлч болгон өөрчилсөн гэж хэлж буй. Гэхдээ МИАТ компанийн “Boeing” болон “Avolon” компаниудтай хийж байгаа хэлэлцээ үргэлжилж буй бөгөөд ойрын хугацаанд энэ асуудалтай холбоотой тодорхой шийдвэр эцэслэн гарах гэнэ.

Жил ирэх тусам агаарын тээврээр үйлчлүүлэх зорчигчдын тоо өсөн нэмэгдэх болжээ. Өнгөрсөн онд 2293 удаагийн аяллаар 18 мянга 400 цагийн нислэг хийж, 718 мянган зорчигч тээвэрлэснийг 2017 оныхтой харьцуулахад 16 хувиар өссөн байна. Харин энэ онд 760 мянган зорчигч тээвэрлэх зорилт тавьсан ч шинээр авсан хөлгөө буцаах болбол төлөвлөсний дагуу зорчигч тээвэрлэх боломжгүй болох юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж