Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сүүлийн үед тантай ярилцсангүй. Танай салбараар сонин сайхан юу байна даа?
-Бидний бүрэн эрхийн хугацаа дуусах гэж буйтай холбогдуулан зургаан жилд хийсэн ажлаа нэгтгэн, дүгнэж сууна. Мөн үргэлжлүүлэн хийх ёстой ажлыг цаг алдахгүйн үүднээс дараагийн гишүүдэд цэгцтэй мэдээлэл болгон үлдээх гэх мэт хийх ажил мундахгүй л байна шүү.
-Тантай ярилцах гол сэдэв бол шүүх, шүүгч нарыг тойрсон сүүлийн үеийн шуугиан байна л даа.
-Шуугиан дандаа л байдаг. Байх ч ёстой. Ардчилсан нийгэм дэх хэвийн үзэгдэл. Би энэ тухай олон удаа ярьсан. Олон нийтийн хяналт, хардалт бол шүүх хараат бус, шударга ажиллах нэг гол хүчин зүйл. Ер нь нийтийн албан тушаалтан шүүмжлэл, хардалтад байнга өртдөг. Түүнийг тэвчин, зөв, шударга ажиллах гэж энэ албанд ордог, зүтгэдэг гэж би ойлгодог.
Энэ дэлхийд шүүмжлэл, хардалтаас ангид болчихсон онгон дархан шүүх, шүүгч нэг ч байхгүй. Айж сандрах хэрэггүй. Зөв, шударга байсан цагт энэ бүхэн цаг хугацааны л асуудал.
Гэхдээ шүүмжлэл, хардалтад хэмжээ хязгаар гэж бий. "Жоомоо алах гээд гэрээ шатаах”-ын үлгэр шиг байж болохгүй. Шүүх эрх мэдэл олон нийтийн итгэл дээр тогтдог. Тэр итгэлийг алдагдуулбал улс орон нурдаг. Үүнийг хаана, хаанаа сайн бодох ёстой.
-Салхитын мөнгөний орд, "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотойгоор зарим шүүгчийн талаар улстөрчид ч, хэвлэлийнхэн ч янз бүрийн мэдээлэл цацаж байна шүү дээ.
-Энэ тухайд би тантай л ижил мэдээлэлтэй байна. Хоёр хятад иргэн манай хууль, шүүхийнхэнд баахан мөнгө тараасан гээд шуугьж байна. Хууль хяналтын байгууллагынхан нухацтай шалгаж байгаа гэж сонссон. Энэ тухайгаа хэвлэлээр мэдэгдээд байгааг та мэдэж буй нь гарцаагүй. Тэр шалгалтын дүн нэг өдөр гарна л даа. Тэгэхэд шүүгчийн нэр төрд халдсан уу, гүтгэсэн үү гэдэг нь тодорхой болох байх.
Ямар дүн гардаг бол гэж сэтгэл түгшиж л байна. Шүүгчдийн цалинг нэмэх гэж бүх л арга чарга, мэддэг, чаддаг бүхнээ шавхаж, арай гэж нэг юм ард нь гарсан. Өнөөгийн цалин нь тансаг хэрэглээнд хүрдэггүй юм аа гэхэд хэвийн амьдрахад хүрэлцээтэй гэж боддог. Мөнгөтэй хүмүүсийн, мөнгөний цаламд арай ч орчихоогүй болов уу гэж найдаж байна.
-Хэвлэлээр нэрийг нь зарлаад байгаа шүүгч нар "Шүүгчийн хараат бус байдалд халдлаа. Ар гэрийнхэнд аюул занал учирлаа. Шүүхийн ерөнхий зөвлөл өмгөөлж, хамгаалсангүй, ажлаа хийсэнгүй, тэр нөхөдтэй нэгдмэл сонирхолтой байна” гэж шүүмжлээд байгаа юм биш үү?
-Шүүхийн ерөнхий зөвлөлд нэг журам бий. Түүнд зааснаар тухайн шүүгч нэр төрд халдлаа, гүтгэлээ гэж үзвэл гомдол, хүсэлтээ Тамгын газартаа, эсвэл Шүүхийн ерөнхий зөвлөлд албан ёсоор гаргах ёстой. Түүнийг үндэслэж зохих байгууллагуудад бид хандах журамтай. Одоогоор тийм гомдол, хүсэлт ирээгүй.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар баталсан Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах журам гэж бий. Түүнд шүүгч болон түүний гэр бүлд аюул занал учирсан, учрах нөхцөл байдал бий болсон бол шүүгч хамгаалалтад авхуулах хүсэлтээ Тамгын газартаа болон цагдаагийн байгууллагад амаар болон бичгээр гаргах ёстой хэмээн заасан. Одоогоор хэн нэгэн шүүгч тийм хүсэлт гаргаагүй.
Шүүгчдийн холбоо нэг шаардлага гаргасан юм болов уу гэж ойлгосон. Одоогоор манайд тэр шаардлагаа албан ёсоор ирүүлээгүй. Цахим мэдээллийн sonin.mn гэдэг сайтад гарсныг маш анхааралтай уншиж, судлан, эргэцүүлэн бодсон. Ийм үед алсын хараатай, нийгмийн өндөр мэдрэмжтэй, тэвчээртэй байх ёстой л доо. Нийгмийн бухимдлыг улам дэвэргэж, өөр дээрээ гал дуудаж, өөрсдөө сэвж болохгүй, бас гэдсэндээ хөлөө жийлцэх хэрэггүй.
Бид эвтэй, зарчимтай, ухаалаг байх хэрэгтэй. Бие бие рүүгээ цаас шидэхийн оронд хамтдаа гарц хайх, нийгэмд зөв ойлголт өгөх талаар бодох хэрэгтэй. Ухаан, алсын хараа, тэвчээр гурав бүхний ард гарна.
-Шүүхийн хараат бус байдлыг хамгаална гэдэг чинь яг ямар үйл ажиллагаа хийхийг хэлээд байгаа юм бэ?
-Шүүхийн хараат бус байдлыг хангаж, хамгаална гэдэг нь их өргөн хүрээтэй ойлголт. Хамгийн гол нь зөв, шударга ажиллах нөхцөлийг бүрдүүлэх юм. Шүүгчийн хараат бус байдлыг албаны, хувийн гэж хуваадаг.
Албаны хараат бус байдлыг манай улс бараг дэлхийн түвшинд хангаж, хамгаалсан шүү. Түүний хэрэгжилтийг Шүүхийн ерөнхий зөвлөл хангаж ажиллаж байгаа. Харин хувийн хараат бус байдлыг шүүгч өөрөө хангах үүрэгтэй. Тэвчээртэй, зоримог, шударга, хууль дээдлэх, шуналгүй, зөв байх зэрэг хувийн зан чанараа шүүгч өөрөө л бүрдүүлнэ. Ийм зан чанартай, чадвартай хүнийг шилж олох нь манай үүрэг хэдий ч тийм хү нийг баараггүй олдог аргыг хүн төрөлхтөн бас нээгээгүй, эрж, хайсаар л байна.
-Шүүгчийн хариуцлага сул байгаа талаар сүүлийн үед дээр, дооргүй бас ярьж байгаа шүү дээ.
-Шүүгчийн хариуцлага сул байгаа талаар олон хүн ярих болсон нь үнэн. Ялангуяа шүүхийн процесст оролцдог хуульчид их ярьдаг. Шүүхийн ёс зүйн хороонд иргэдээс жилд 300 орчим өргөдөл, гомдол ирдэг юм.
Түүний агуулгыг судалж үзэхэд хуулийг илэрхий буруу хэрэглэж, бусдад давуу байдал бий болгодог, бусдын нөлөөнд ордог, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргадаг, жирийн иргэнд хатуурхдаг, ажилдаа хайнга, хариуцлагагүй ханддаг, ааш зан муу гэх гомдол давамгайлдаг. Олны үг ортой гэдэг дээ. Ортой нь ч байдаг. Уулын мод урттай, богинотой шиг шүүхийг муухай харагдуулдаг цөөн хүн байхыг үгүйсгэхгүй. Түүнийг хараат бус байдал гэдгээр хаацайлан хамгаалах бус, ёс журмын дагуу хариуцлага тооцох ёстой.
Хэдхэн хоногийн өмнө хоёр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ. Бидэнд бас асуудал байна. Дахиад ч шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт ирэх төлөвтэй. Шүүгчийн хараат бус байдал бол хариуцлагагүй хандлага, хууль бус зүйлээс нуугдах халхавч, хана хэрэм байх ёсгүй. Харин шударга, зөв ажиллаж, зүтгэж байгаа шүүгчдийг хавтгайруулан муучлахыг бид зөвшөөрөхгүй, тэгэхгүй байхыг төрийн өндөр албан тушаалтнуудаас шаардсаар байх болно. Одоо ч шаардаж байна.
Хариуцлагын тухайд энд нэг болгоомжлол бий. Олон улсын туршлагаас харахад, мөн шүүхийн экспертүүдийн хэлдэг нэг зүйл бол хариуцлага гэдэг нэрийн доор шүүгчийн хараат бус байдлыг хэврэгшүүлдэг муу арга дэлхийд цөөнгүй байдаг юм байна. Түүний жин банг тааруулах нь маш чухал.
Тийм байдалд хүргэхгүйн төлөө Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллах ёстой. Гэтэл тийм хууль гарлаа гэхэд Үндсэн хуулийн шүүхэд хандах эрх нь Шүүхийн ерөнхий зөвлөлд байхгүй байх жишээтэй. Энэ мэт эрх зүйн зохицуулалтыг ухаалаг, зөв хийх олон ажил байна.
-Хоёр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр өргөн мэдүүлсэн үндэслэл юу байв?
-Тэр үндэслэлийг нь шүүгчийн нэр төр, халдашгүй байдлын үүднээс хэлмээргүй байна. Ямар ч байсан хуулийн байгууллага шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хүсэлт гаргасныг Шүүхийн ерөнхий зөвлөл үндэслэлтэй гэж үзээд Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн.
-Та дээр төрийн өндөр албан тушаалтныг онцоллоо. Энэ чинь ямар учиртай билээ?
-Төрд байгаа асуудлыг шийдэх, засах эрх, үүрэг нь төрийн өндөр албан тушаалтанд өөрт нь байгаа учраас асуудлыг иргэд, нийгэм рүү хандан тавьж, тэдний санаа сэтгэлийг үймүүлж, төрд итгэх итгэлийг алдагдуулах ёсгүй юм. Харин иргэд гар хоосон учраас олон нийт рүү хандаж, нийгмийн дэмжлэг авдаг. Манайд бол бүгдээрээ л ард түмэн минь гээд мэдэгдэл хийгээд эхэлдэг.
Өөрөө хийхийнхээ оронд ард түмэндээ гомдоллон, мэдэхээс өөр эрхгүй ард түмнээ бужигнуулж байна шүү дээ. Энэ асуудлыг хуульчилсан улс ч бий. Үүнийг төрийн залуу түшээд бодоход илүүдэхгүй. Тийм учраас иргэний шүүмжлэл, хардалтад хүндэтгэлтэй, тэвчээртэй хандах ёстой. Тэд хэрэглэгч учраас үгээ чөлөөтэй хэлэх, хардах эрхтэй. Биднийг цалинжуулагч учраас тэд хариуцлага нэхэх эрхтэй.
Түүнд бидний барих хариулт бол ард түмнээ айлгах биш, харин зөв, шударга үйлчилгээгээрээ хариулна, өөрсдийгөө хамгаална.
-Шүүхийн шинэтгэл хийж байна, хийлээ гэж сүүлийн жилүүдэд их ярилаа. Энэ талаар өөрчлөлт их гарсныг олон улсын төдийгүй дотоодын судалгааны дүн болоод, үйлчлүүлэгчдээс сонссон. Гэтэл асуудал, шүүмжлэл, хардалт ундарсаар л байх юм.
-Ойлгож байна аа. Өргөс авсан мэт амархнаар шинэтгэлийг, ялангуяа шүүхийн шинэтгэлийг төсөөлж болохгүй. Шинэтгэл бол эсэргүүцэл дагуулдаг, хүч чармайлт, цаг хугацаа, тууштай байдлыг ямагт шаарддаг, тасралтгүй явагддаг процесс. Харин цаашид асуудал, бэрхшээлийн оношоо зөв тавьж, шүүхийн шинэтгэлийг улстөржүүлэлгүй, тууштай гүнзгийрүүлэх арга замаа бодох хэрэгтэй.
Шударга шүүхгүй улсад хөгжлийн гарц байдаггүй гэдгийг олон хүн зүгээр л хэлдэг. Гэхдээ бодит алхам хийхгүй байна. Харин эсрэгээр нь хийдэг. Хамгийн наад зах нь шүүхийг эдийн засгаар "борцолдог” бурангуй ёс сэргээд удаж байна.
Шинэтгэлээс хүлээж байгаа үр дүнг харахаар дандаа чамлагдана. Харин ямар байгаад ямар болсноо харвал мэдэрнэ. Ингэж өмнөхтэй нь харьцуулж харвал сэтгүүлч Ц.Дашдондов гуайн хэлдэг шиг "балтаар цохисон ч балрахгүй үр дүн” гарсан. Би үүнийг Ерөнхий зөвлөлийн даргын хувьд биш, шүүхийг судалж, шүүмжилж байсан хүний хувьд итгэлтэй хэлж чадна.
Гоёж чимэх, их юм хийсэн нэр цол дуулах хэрэг одоо ер надад байхгүй. Хийсэн ажил, хүрсэн үр дүнгээ би сайн мэдэж байна. Бас хийх ажил хийснээс их байгааг бүр ч сайн мэдэж байгаа. Тийм учраас шүүхийн шинэтгэлийг муучилж, гоочлолгүй, гололгүй хүрсэн түвшнээ зөв дүгнэж, цаашид хийх зүйлээ оновчтой тодорхойлох нь чухал.
-Яг ямар үр дүнд хүрснийг маш товчоор хэлэхгүй юү?
-Олон удаа ярьсан даа. Бүгдийг тоочвол их цаас, цаг хэрэгтэй. Юуны өмнө шүдний эмч нүд эмчилбэл ямар үр дүнтэй байхтай зүйрлэдэг хөдөлмөрийн хуваарь шүүхэд байсныг халж, шүүхийг дагнаж, шүүгчийг хэрэг маргааны төрлөөр дагнан мэргэшүүлж, ажиллуулдаг болсон нь шинэтгэл мөн шүү. Ерөнхий шүүгчдийг захиргааны чиг үүргээс чөлөөлсөн нь шүүх бие даан ажиллах, бусад эрх мэдлийн өмнө очиж "жижгэрэх” зовлонгоос салгаж, зөвхөн шүүн таслах ажлаа амар тайван эрхлэх болсон нь шинэтгэл.
Шүүх нээлттэй болж, цахимжилт гүнзгийрсэн нь үнэн. Кинон дээр үздэг байсан зайнаас шүүх хуралд оролцох явдал одоо хэрэгцээ болсон шүү дээ. Шүүхийн бус аргаар маргаан шийдэх нэг арга эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар одоо улсын хэмжээнд жилд гардаг 40 гаруй мянган иргэний хэргийн тавны нэгийг шийддэг болсноор иргэд ямар их мөнгө зардал, зовлонгоо нимгэлснийг үйлчлүүлсэн хүмүүс мартаагүй байгаа. Энэ мэт олон үр дүн бий. Олон улсын хөндлөнгийн судалгаа эдгээрийг онцолсон юм шүү дээ.
-Шүүхийн ерөнхий зөвлөлийн хоёр гишүүнийг тэтгэвэрт гарах насанд хүрсэн гэх үндэслэлээр Ерөнхийлөгч хугацаанаас нь өмнө чөлөөлсөн. Гэтэл таныг нөгөө хоёр гишүүнээсээ насаар ах байж тэтгэврийн насанд хүрсэн гээгүй нь ямар учиртай юм бол?
-Шүүхийн захиргааны тухай хуульд гишүүдийн тэтгэврийн насанд хүрсэн тухай мэдээллийг тухайн нөхцөл бий болсноос хойш 10 хоногийн дотор томилсон байгууллагад нь мэдээлэх үүргийн дагуу мэдээллээ хүргүүл гэсэн албан тоот Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн. Түүний дагуу гурван гишүүний мэдээллийг хүргүүлсэн. Би өөрийгөө авч үлдээгүй шүү. Хоёр гишүүнийг дээрх үндэслэлээр чөлөөлсөн. Гурвууланг нь чөлөөлбөл Шүүхийн ерөнхий зөвлөл бүрэлдэхүүнгүй болж, үйл ажиллагаа нь зогсох байсныг тооцсон байх.
Хоёрдугаарт, би анхан шатны шүүхээс нэр дэвшсэн учраас 80 шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн хийж, нэр дэвшүүлэх, сонгууль явуулахад цаг хугацаа нэлээд орохыг тооцсон байх. Гуравдугаарт, тэтгэврийн насанд хүрсэн гурван гишүүний хоёр нь шүүгч байсан. Харин би шүүгч биш. Шүүгч болон төрийн захиргааны албан хаагчийн тэтгэврийн насны асуудлыг өөр өөр хуулиар зохицуулсныг харгалзан үзсэн байж магадгүй. За тэгээд үлдсэн, явсны ялгаа, ач холбогдол одоо алга болжээ. Хоёр сарын дараа миний бүрэн эрхийн хугацаа дуусна.
-Гавьяат хуульч, шүүгч асан Л.Бямбаа ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид амиа алдсан хэрэг хууль, шүүхийнхний талаарх ноцтой сэжиг таамгуудыг дагуулж байна. Салхитын мөнгөний ордтой холбоотой энэ хэрэгт танай шүүгчид холбоотой гэх мэдээлэл цацагдаад байгаа талаар та юу хэлэх сэн бол?
-Маш харамсалтай явдал болсон. Өөд болсон хүний ясыг өндөлзүүлж, оньсого таавар хэлмээргүй байна. Хуулийн байгууллага зөв, шударга, хууль ёсны дагуу шалгаж, эцсийн дүгнэлтээ гаргах байх л даа. Манай шүүгч тэр мөнгөний цаламд ороогүй байх гэж би дээр хэлсэн. Хэрэв шүүгчдийг гүтгэж, нэр төрд нь халдсан бол тухайн этгээд зохих хариуцлагаа эрт, орой нэгэн цагт хүлээнэ.
-Тантай уулзсан дээр Үндсэн хуулийн шинэтгэлийн асуудлыг асуухгүй өнгөрч болмооргүй санагдлаа.
-Энэ уул нь завсарт асуух, ярих сэдэв биш юм сан. Ярих юм ихтэй, миний хувьд маш их сонирхолтой сэдэв. Тусад нь дараа ярилцаж болохгүй юу?
-Бололгүй яах вэ. Гэхдээ ганц, хоёрхон зүйл асуумаар байна. Тухайлбал, нэмэлт, өөрчлөлтийг оносон, оноогүйн талаар маргаан үргэлжилсээр, бас дэмжсэн, эсэргүүцсэн хүмүүс ч байна. Энэ өөрчлөлтийн амин сүнс болсон хамгийн чухал зүйл юу вэ?
-Ер нь энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт 24 зүйл заалтыг хамаарч байгаа. Дөрвөн зүйл л цоо шинэ зохицуулалт байсан шиг санагдана. Бусад нь нэмэлт, өөрчлөлт. Нэмэлт, өөрчлөлт бүр утгатай, ач холбогдолтой. Амин сүнс болсон нь гэвэл хууль тогтоох эрх мэдэл өөрийн зарим бүрэн эрхээ гүйцэтгэх эрх мэдэлд шилжүүлж байгаа явдал.
Энэ бол үүлэн чөлөөний нар шиг ховор тохиох боломж, сайн үйлс. Бас Засгийн газрыг байгуулдаг байсан томилгооны эрхээсээ УИХ татгалзсан явдал. Үүний эерэг нөлөө маш их. Хэрэв энэ төсөл батлагдвал хууль тогтоогчдын хэт их эрх мэдлийг сулруулж, эрх мэдлийн тэнцвэржилтийг хангаж, Үндсэн хуулийнхаа бодитой орших баталгааг бий болгож байгаа түүхэн үйл явдал болно.
Монгол Улсын хөгжил удаан байгаа, гарааны тэгш байдал хангагдаагүйн улмаас сонгуулийн шударга байдал алдагдах, ирц буурах, улмаар "цагаан сонголт” гэсэн нэг шинэ давлагаа цухалзаж байгаа нь улсын төсвийн хуваарилалтын шударга бус байдал, түүнийг эрх мэдлийг дархлаажуулах, бататгах, улс төрийн хэрэгсэл болгон ашиглах болсон зэрэгтэй шууд холбоотой гэж би боддог.
Засагт орлогоо хөгжил болгох бололцоог энэ жижиг мажоритар тогтолцоо олгохгүй, тал тал тийш нь бүлэглэн татаад явчихдаг байсныг энэ удаагийн өөрчлөлтөөр хааж байгаа шүү. Үүнийг зөв хэрэгжүүлбэл татвар төлөгчдийн төлсөн хөрөнгө хүндээ хүрэх, хөгжил болох нөхцөл бүрэлдэнэ.
Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөд орж буй өөр нэг маш чухал зүйл бол Үндсэн хуулийн цэцийн 2016 оны тавдугаар тогтоолоор сонгуулийн мажоритар буюу 50+1 гэсэн тогтолцоог Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар л засахгүй бол "үүрдийн” тогтолцоо болгочихсон байсныг өөрчлөх бололцоог бий болгож байгаа. Энэ бол бас нэг амин сүнс нь мөн.
Манайхан парламентын засаглалаа хөгжүүлнэ, сайжруулна гэж их ярина. Бүүр сонгодог парламентын засаглалтай болно, энэ тэр гэж бас ярина. Гэтэл парламентын засаглалтай улсын амин сүнс нь сонгуулийн пропорциональ тогтолцоонд байдаг гэдгийг ойлгодоггүй. Энэ бол парламентын улсын нэг аксиом өдгөө болсон шүү дээ.
-Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Ярилцах, хариулт авах асуулт олон байсан ч юм бүхэн хэмжээтэй учраас өндөрлөхөөс өөр аргагүй нь.
-Завтай, чөлөөтэй болохоор ярилцах цаг, сэдэв зөндөө олдоно доо. Танд бас их баярлалаа.
Эх сурвалж: ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ
Холбоотой мэдээ