“Rio Tinto” Австралид хөрөнгө оруулалтаа сэргээнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.18-нд нийтлэгдсэн

“Rio Tinto” Австралид хөрөнгө оруулалтаа сэргээнэ

Уул уурхайн татварын асуудал нэг тийш шийдэгдээд хоёр долоо хоног
өнгөрөөгүй байхад уул уурхайн гигант “Rio Tinto” компани Австралийн
баруун хэсэгт байрладаг төмрийн хүдрийн ордоо өргөжүүлэхэд 200 сая
ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэж байгаагаа мэдээллээ.

Уг мөнгийг Пилбара мужийн “Cape Lambert” боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд ашиглах юм байна. Хэрвээ уул уурхайн салбарт 40 хувийн татвар ноогдуулбал энэ хөрөнгө оруулалтыг хийхгүй гэж “Rio Tinto” мэдэгдэж байсан. Харин Австралийн ерөнхий сайд Кевин Радд ажлаа өгч, оронд нь Жулиа Гиллард сонгогдсоны дараа татварын шинэ шийдэлд хүрсэн юм. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал энэ оны хоёрдугаар улиралд хоёр хувиар бага олборлолт хийсэн гэж “Rio Tinto” мэдээлж байсан бөгөөд Хятад болон дэлхийн бусад олон оронд эдийн засаг нь хямралтай, өсөлт удаан байгаа нь уул уурхайн бизнест нөлөөлж байна гэж тайлбарлаж байсан.

Шинээр сонгогдсон Австралийн ерөнхий сайд Жулиа Гиллард нүүрсний болон төмрийн хүдрийн уурхайнуудад ноогдуулах татварын 40 хувь гэж төлөвлөж байсныг 30 хувь болгож бууруулсан. Татварыг 40 хувь гэж төлөвлөж байх үед хэд хэдэн томоохон уул уурхайн компаниуд өөрсдийн төслийг зогсооно гэж сүрдүүлж байсан бөгөөд энэ нь Австралийн олон улсад өрсөлдөх чадварыг бууруулах болно гэж ярьж байсан. Үүнтэй холбоотойгоор татварын асуудал Австралид улс төрийн томоохон суудал болж хувирсан. Хэрвээ ноён Раддын төлөвлөж байсан 40 хувийн татварыг хэрэгжүүлбэл жилд 9 тэрбум австрали долларын татварын орлого нэмж орох болно гэж үзэж байв. Харин шинэ ерөнхий сайд Жулиагийн төлөвлөгөөгөөр үүнээс 1.5 тэрбумаар бага татварын орлого Австралийн засгийн газарт орох болно.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж