100 хүнд амьдрал бэлэглэжээ

Хуучирсан мэдээ: 2015.04.22-нд нийтлэгдсэн

100 хүнд амьдрал бэлэглэжээ

Монгол Улсад бөөр шилжүүлэн суулгах 100 дахь хагалгаа Улсын нэгдүгээр төв эмнэлэгт өнөөдөр амжилттай боллоо. Тиймээс тус эмнэлэгийнхэн бөөр шилжүүлэн суулгах хагалгааны 100 дахь тохиолдолд зориулсан дурсгалын самбар болон  Монгол улсад эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг нутагшуулсанд зориулсан дурсгалын цогцолборын  шав тавих ёслолыг зохион байгууллаа.

Шав тавих ёслолд Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн захирал Б.Бямбадорж, УИХ-ын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Бөөр шилжүүлэн суулгах багын ахлагч, Монгол Улсын төрийн шагналт, хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор Д.Нямсүрэн, Англи улсын мэс засалч нар болон бусад хүндтэй зочид оролцлоо.

Тус үйл ажиллагаанд 100 дах бөөр шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийж, Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг бүрэн нутагшуулсныг батлан Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Улсын нэгдүгээр  төв эмнэлэгийн захирал Б.Бямбадорж-д батламж гардуулж өглөө.

Улсын нэгдүгээр эмнэлэгийн захирал Б.Бямбадорж “Энэхүү цогцолбор бий болсноор араасаа олон олон технологи, амжилтуудыг дагуулахаас гадна ард олон түмэндээ эрүүл амьдралыг өгч ирж буй шинэ цаг үед улсын нэгдүгээр төв эмнэлэг тэргүүлэх байгууллагын үүргээ өндөрт өргөж явахын бэлэгдэл байх болтугай хэмээн нээлтийн үеэр хэлсэн юм.

Монгол Улсад бөөрний өвчний тархалт гуравдугаар байранд ордог. Бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орж амжилттай болсон 300 гаруй хүн байдгаас 100 гаруй хүнд Улсын нэгдүгээр  төв эмнэлгийн хамт олон хагалгаа хийсэн байна. Харин  Улсын нэгдүгээр төв эмнэлэгт бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай 160 гаруй хүн аппаратанд орж эмчлүүлж байгаа байна.

Б.БИЛГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж