Японы Олимпийн хорооны ерөнхийлөгч Цүнэказү Такэда огцорч, хугацаанаасаа өмнө ажлаа өгч магадгүй тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тэрбээр маргааш/2019.03.19/ үүрэгт ажлаа өгөх болсноо албан ёсоор мэдэгджээ.
Түүнийг Францын прокуророос Токио хот 2020 оны зуны олимпийг зохион байгуулах эрх авахад авлига өгсөн гэж сэжиглэн шалгаж байгаатай холбогдуулан удахгүй болох олимпийн наадмын нэр хүндийг унагаахгүйн тулд ийнхүү шийдвэр гаргасан байна. Мөн тэрбээр өөрийгөө буруу зүйл хийгээгүй, ямар ч гэм буруугүй гэж мэдүүлж байгаа юм.
Олимпийн хорооны дараагийн ерөнхийлөгчийг сонгох сонгууль зургадугаар сард болох бөгөөд өдгөө 71 настай Такэдаг улиран сонгогдох магадлалтай гэж үзэж байсан юм. Такэда нь 2001 оноос хойш 10 удаа улиран сонгогдож, уг албан тушаалыг хашиж байгаа. Японы олимпийн хорооны дүрмийн дагуу удирдах зөвлөлд 70-аас дээш насны хүн байх ёсгүй боловч Такедагийн “Токио 2020” олимпийн наадам хүртэл уг албыг хаших хүсэлтэй байгааг хүндэтгэн тусгай эрх олгож олимпийн наадам хүртэл албан тушаалд нь үлдээхээр төлөвлөж байжээ.
Цүнэказү Такэда нь мөн Олон улсын олимпийн хорооны /ОУОХ/ гишүүн бөгөөд тус байгууллагын Маркетингийн хэлтсийг хариуцан ажилладаг. ОУОХ-ны Ёс зүйн хорооноос түүнд ёс зүйн алдаа гаргасан хэмээн шийтгэл хүлээлгэхээр зэхэж байгаа гэв. Ойрын эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр уг шийдвэрээ энэ сарын эхээр гаргачихсан байсан ч өнөөдрийг хүртэл хугацаанд холбогдох хүмүүстэйгээ зөвлөлдөж байсан гэнэ.
Эх сурвалж: MAINICHI