Зүүн аймгууд түймэрт өртсөөр

Хуучирсан мэдээ: 2015.04.22-нд нийтлэгдсэн

Зүүн аймгууд түймэрт өртсөөр

-Түймрийг унтраахаар ОБЕГ-ын тусгай ангийн аврагч нарыг илгээжээ-

Жил жилийн хавар цагт гал түймрийн аюул нөмөрдөг. Ялангуяа тал хээр нутагт цасан доороос хагд өвс цухуйж, хаврын нар, салхинд хатмагц гал авалцах нь амархан байдаг. Цогтой үнс нурам болон унтраалгүй хаясан тамхины иш, шүдэнзнээс ч гал авалцаж, олон арван айл өрх, мал ахуй, бэлчээр нутаг түймэрт өртөх нь бий. Энэ жилийн хувьд урьд өмнөх жилүүдээс илүү ихээр түймэр гарч байна. 2015 он гарснаас өнөөдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд нийт 92 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ. Өнөөдрийн байдлаар л гэхэд Дорнод аймагт л гэхэд дөрвөн газарт түймэр асч байгаа гэсэн мэдээг ОБЕГ-аас өгч байна.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Хясуу ферм” гэдэг газарт Монгол Улсын хилийн 828 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас орж ирсэн түймрийг өнөөдрийг хүртэл унтрааж амжаагүй байгаа юм. Түймрийн дуудлага дөрөвдүгээр сарын 15-нд анх ирсэн бөгөөд уг түймэр Баян-Уул сумын нутгаас хальж, Цагаан-Овоо сум, Хэнтийн Дадал, Норовлин сумдын нутагт тархжээ. Түмйрийг дөрөвдүгээр сарын 20-ны өдөр цурманд оруулсан ч 21-ний өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын “Эмгэнт” гэдэг газраар түймэр цурамнаас алдагдаж, тус сумын “Хавчуу” орчмын ой модонд ассаар байгаа юм. Түймрийг унтраахаар Онцгой байдлын газрын 57 албан хаагч ажиллаж байгаагаас гадна ОБЕГ-ын Аврах тусгай ангийн 31 албан хаагч, нийслэлийн Багануур дүүргийн ОБХ-ийн 12 албан хаагчийг илгээсэн байна. ОХУ-аас хил давж орж ирсэн бас нэгэн түймэр бол Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн нутаг “Ямалх” гэдэг газарт Монгол Улсын хилийн 898 дүгээр тэмдэгтийн чиглэлээр орж ирсэн түймэр юм. Дөрөвдүгээр сарын 18-нд асч эхэлсэн уг түймэр нь Дашбалбар сумаас Чойбалсан, Чулуунхороот сумын нутагт тархжээ. Одоогоор 178 хүн түймрийг унтраахаар ажиллаж буй ажээ. Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Ульхан” гэдэг газар Монгол Улсын хилийн 838 дугаар тэмдэгтийн чиглэлээр дөрөвдүгээр сарын 19-ний ням гаригт ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр орж ирсэн нийт 465 хүн, 33 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, түймрийн баруун талыг хэсгийг унтраажээ. Гэвч зүүн тал нь “Зүрх” уулын мод руу орсныг өнөө өглөө цурманд оруулжээ.

ОХУ-аас түймэр орж ирэхийн зэрэгцээ БНХАУ-аас түймрийг угтуулж тавьсан цуравнаас гал алдсан тохиолдол гарсан байна. Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг, Монгол Улсын хилийн 1513-1517 дугаар болон 1519-1523 дугаар тэмдэгтийн чиглэлээр Хятадын талаас угтуулж тавьсан цуравнаас хээрийн түймэр дэгдсэн тухай дуудлагыг өчигдөр авчээ. Хамгийн сүүлийн мэдээллээр Чойбалсан, Чулуунхороот сумдад хилээ дагаад урт нь 70 км орчим, нутгийн гүн рүү 5-6 км, зарим газраар 17 км орчим өргөнтэй түймэр асч байгаа юм байна.

Ийн Дорнод аймагт дөрвөн газарт түймэртэй байгаа бол Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Лхүмбэ багийн нутаг “Улаан чулуут” гэдэг газарт өчигдөр /сумаас зүүн урагш 14 км-т/ хээрийн түймэр гарсан байна. Түймрийг унтраахаар 77 хүн ажиллаж, үдшийн 22 цагт бүрэн унтраасан талаар албаны эх сурвалж мэдээлж байна.

Д.ЦЭЭНЭ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж