УИХ-ын ээлжит бус чуулган эхэлсэнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2019.03.18/ хуралдаанаар хоёр асуудал хэлэлцжээ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Б.Баттөмөр нарын гишүүд мэдээлэл хийлээ.
Энэ талаар тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ “Бүлгийн хуралдаанаар ээлжит бус чуулганаар хэлэлцэх Татварын багц хуулийн төслийн хэлэлцлээ. Уг багц хуулийн төслийг Засгийн газраас өргөн бариад жил болох гэж байна. УИХ-аас Б.Баттөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Ажлын хэсгээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй зарим асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцэж тодорхой шийдэлд хүрлээ. Татварын багц хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэж яаралтай батлах зүйтэй гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдсэн. Хоёрдугаарт хэлэлцсэн асуудал нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн бүлэг дэмжихээр шийдвэрлэлээ. Уг хуулийн төсөл нь алтны татварыг 2023 он хүртэл 2.5 хувь болгон сунгах юм. Өмнө нь бүлэг дээр хэлэлцээд унасан. Харин өнөөдрийн бүлгийн хуралдаанаар дэмжсэн. Сүүлийн саруудад Монголбанканд тушаадаг алтны хэмжээ 81 хувь буурсан. Тиймээс алтны тушаалтыг нэмэгдүүлэх цаашлаад валютын нөөцийг нэмэгдүүлэх үүднээс уг хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн” гэв.
УИХ-ЫН ГИШҮҮН Я.СОДБААТАР:
-Өнөөдрийн байдлаар алт олборлогчид алтны таван хувь ба үнийн өсөлтөөс хамаарсан 0-5 хувь гээд 9-10 хувийн татвар төлж байгаа нь бусад улстай харьцуулахад хамгийн өндөрт тооцогдож байгаа. Тиймээс энэ асуудалд бид эдийн засгаа бодож шийдвэр гаргах ёстой. Жилийн эцсийн эхний байдлаар өнгөрсөн онтой харьцуулахад алт тушаалт 81 хувиар буурсан. Алт нь шууд валютын нөөц бүрдүүлдэг. Цаашид дотооддоо алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах, эдийн засгийн үр ашгийн тооцоог хийж байж уг асуудал шийдэгдэх байх. Мөн хяналтаа сайжруулах шаардлага тавигдана. Аль ч тохиолдолд уул уурхайн салбар монголын эдийн засгийн 80 хувийг бүрдүүлж байгаа энэ нөхцөлд татварын орчныг нь өрсөлдөх чадвартай байлгах нь чухал. Энэ нь эргээд бусад салбартаа эергээр нөлөөлнө. Хэтэрхий өндөр татвар тогтоох нь эдийн засагт сөрөг үр дүн авчирна” гэлээ.
Түүнчлэн УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх найман асуудлын жагсаалтад томилгоотой холбоотой буюу Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын томилгоог хэлэлцэхээр төлөвлөсөн. Тиймээс МАН-ын бүлэг тус томилгоотой холбоотой асуудлыг ойрын хугацаанд хэлэлцэж нэгдсэн байр сууринд хүрснээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар орно гэсэн юм.
Холбоотой мэдээ