С.Ганбаатар нууц хэлэлцээний талаар мэдээлэв

Хуучирсан мэдээ: 2015.04.22-нд нийтлэгдсэн

С.Ганбаатар нууц хэлэлцээний талаар мэдээлэв

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр “Оюутолгой”, “Рио Тинто” компанийн хооронд болж буй нууц  хэлэлцээний талаар  мэдээлэл хийлээ. Тэрбээр  “Рио Тинто” компанид ашигтай гэрээ байгуулахаар улайрч байна, үүнийг нотлох  роялти, зардлын өсөлт, төслийн санхүүжилтын  хүрээнд  эхний баримтыг дэлгэж байгаагаа дуулгав. Түүний сэтгүүлчдэд өгсөн мэдээлллээр  Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу “Оюутолгой”-н нийт борлуулалтаас нөөц ашигласны төлбөрт  600 сая ам.долларын татвар төлөх ёстой. Үүний тодорхой хэсэг 130 сая ам. долларын татварын актыг татварын байцаагчид тогтоосныг ТЕГ-ын Татварын зөвлөл 30 сая ам. доллар болтол бууруулсан. Одоо бүр тэглэх тийшээ хандуулан Засгийн газар баталгаажуулах гарын үсэг зурах гэж байна.  Татвараас зайлсхийсэн үйлдлийг Засгийн газраас “Рио Тинто” компанитай хэлэлцээ хийж буй ажлын хэсэг мэдсэн ч мэдээгүй мэтээр хандаж гарын үсэг зурах баримт бичигтээ нэгэн зүйл асуудал болгон оруулж, улмаар “Рио Тинто” компани буулт хийж буй мэтээр Монголын талыг төөрөгдүүлсээр байна. Одоо  УИХ дээр яригдаж буй татварын өршөөлийн хуулиар хүчингүй болгохоор бэлтгэж байгааг бэлхнээ харж байгаа гэх  зэргээр дурдсан юм.

Тэрбээр цааш нь ярихдаа “Хоёр тал өмнө нь гэрээ байгуулахдаа “Оюутолгой” үйлдвэрээ барьж дуусгаад мөнгө үйлдвэрлэж эхлэх хүртэл л мөнгө хэрэгтэй гэсэн. Энэ нь өөрсдийнх нь хийсэн ТЭЗҮ-гээр таван тэрбум ам.доллар.    Тэр үед УИХ-д байсан бүх гишүүд мэдэж байгаа, худлаа гэвэл та нарыг хуурах гэж ТЭЗҮ хүртэл хүргүүлсэн.  Гэтэл “Рио Тинто”-гийн бичээд, амлаад байсан таван тэрбум ам.доллар гэсэн зардал чинь яасан бэ гэсэн 2 тэрбум ам.доллараар хэтрүүлээд долоо тэрбум болгосон байна. Ингэж 2 тэрбум ам.долларын хохирлыг “Рио Тинто”-гоор барагдуулаагүйгээс болоод ард түмэн 2020 онд авах байсан ногдол ашгаа 2043 оноос авах магадлалтай болж байна” гэлээ. 

Нөгөө талаас Төслийн санхүүжилтийн мөнгийг өөр зориулалтаар ашиглаж байгааг  мөн шүүмжилсэн.  Тухайлбал, “Оюутолгой” компанийн зээлж байгаа төслийн санхүүжилтийн 4.2 тэрбум ам.долларыг далд уурхайд шууд ашиглахгүй. “Оюутолгой”-н зээл авах боловч мөнгийг нь “Рио Тинто” компани өөр дээрээ байршуулах гэнэ.  Зарчмын хувьд зээл авч байгаа байгууллага нь зээлийн мөнгийг тухайн зориулалтын төсөлдөө ашиглах ёстой. Гэтэл “Оюутолгой”-н бүх хөрөнгө, хөрөнгө оруулалтын гэрээгээ барьцаалж, зээлийн хүү, шимтгэлийг нь төлөөд авч байгаа мөнгөө “Рио Тинто” компанийн мэдэлд өгч байна  хэмээн бухимдав.

С.СҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж