Хураасан машиныг хилийн заставуудад өгнө

Хуучирсан мэдээ: 2015.04.22-нд нийтлэгдсэн

Хураасан машиныг хилийн заставуудад өгнө

Төрийн тансаглалыг хумьж, төсвийн мөнгийг хэмнэх үүднээс Шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг төрийн яам агентлаг, төрийн өмчит газар, үйлдвэрүүдийн дарга нарын унаж байгаа шатахуун их зарцуулдаг том жипүүдийг хурааж авах даалгаварыг Төрийн өмчийн хороонд өгсөн юм. Өөрөөр хэлбэл,  2007 онд гарсан хот дотор 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун зарцуулдаг суудлын автомашин ашиглах Засгийн газрын тогтоолын дагуу  хэрэгжүүлэхийг шаардсан юм.  Өнөөдөр болсон “Шийдлийн цаг”-аар энэ үүрэг хэрхэн хэрэгжиж буй явц болон үр дүнтэй нь танилцаж, улам эрчимжүүлэхийг Төрийн өмчийн хорооны удирдлагуудад даалгалаа.

Ерөнхий сайд “Улаанбаатарт улсын мөнгөөр том жийп унахыг зогсоох нь зөвхөн тоон хэмнэлт төдий зүйл биш ёс зүйн асуудал юм. Хувийн том компаниуд өдөр бүр том жийп унадаггүй шиг төрийн байгууллагын удирдлагууд ийм байдлаар хандах учиртай” гэлээ. Тэрбээр том машинуудыг лацдаж хураагаад зогсоох, зарах асуудал байхгүй. Хэрэггүй газраас нь авч хэрэгтэй газарт нь шилжүүлэх ажлыг зохион байгуулъя. Бэрхийг туулахаар бүтээсэн машины ажил үүрэг, хэрэгцээ шаардлага хаана байна тэнд нь шилжүүлэх учиртай гэсэн юм.

Албаны хүмүүсийн өгсөн мэдээгээр нийт 68 машин хурааж төвлөрүүлснээс 50 нь том оврынх, 18 нь суудлын тэрэг байна. Машин нэн шаардлагатай байгаа Хил хамгаалах ерөнхий газар, түүний харъяа хилийн застав, хилийн боомт дахь мэргэжлийн хяналтын албадад 40 машин хуваарилж, Улсын Ерөнхий прокурорын газрын орон нутгийн салбар зэрэг байгууллагад балансаас балансад шилжүүлэх санал боловсруулаад байгаа аж.

Төрийн өмчийн хорооноос автомашин төвлөрүүлэх тухай мэдэгдэл авсан зарим яам, агентлагууд хураалгаагүй  80 машин байгаа гэнэ. Том оврын, туулах чадвар өндөртэй, шатахуун их зарцуулдаг автомашины өдрийн дундаж зардал 112 мянган төгрөг, жилд 30-35 сая төгрөг байдаг. Машин хэрэгцээтэй байгууллагууд 50 жийп, суудлын 18 автомашиныг зах зээлийн ханшаар худалдаж авах, эдгээрийн ашиглалтын нэг жилийн зардалд нийт 15 тэрбум төгрөг хэмнэх тооцоо байгааг ТӨХ-ны даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Солонго хэлжээ. 2015 онд төсөвт байгууллагууд нэг ч автомашин худалдаж авахгүй байхаар болж байна.

Б.ЗУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж