АНУ-ын нийслэл Вашингтон хотын нэгэн зочид буудлаас 2015 оны арваннэгдүгээр сард 57 настай, нууцлаг байдлаар нас барсан байдалтай эрэгтэй хүн олдсон нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зөвлөх агсан Михаил Лесин байжээ. Тухайн үед түүнийг зүрхний шигдээсээр нас барсан хэмээн мэдээлж байсан билээ. Хэргийг шалгах явцад тэрээр толгой руугаа хүчтэй цохиулсны улмаас нас барсан гэж дүгнэсэн. Мөн хүзүү, цээж, гар, хөл рүүгээ хүчтэй цохиулсан байсныг тогтоосон. Харин Вашингтон хотын шүүх эмнэлгээс бямба гаригт /2019.03.16/ дэлгэсэн тайланд түүний задлан шинжилгээний хариун дээр хүзүү бүтэн хугаралтай байсныг дурджээ. Шүүх эмнэлгийн тайланг одоогоос хоёр жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн Мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд олон нийтэд мэдээлсэн нь энэ юм.
Нэрээ нууцалсан мэргэжилтний хэлснээр хүнийг боомилох юм уу, дээрээс дүүжлэхэд хүний хүзүүний яс ингэж хугардаг юм байна. Мөн тэрбээр энэ хугарал задлан шинжилгээний явцад үүссэн байхыг үгүйсгэхгүй гэжээ.
Түүний нас барсан хэрэг одоог хүртэл дэлхий нийтийн сонирхлыг татдаг. Дэлхийн хүчирхэг гүрний Ерөнхийлөгч, хамгийн нөлөө бүхий улстөрчийн шадар зөвлөхөөр ажиллаж байгаад гадаадад зочид буудлын өрөөнд ганцаараа байхдаа гаднын хүчин зүйлээс авсан гэмтэлтэйгээр нас барсан. Дээр нь тухайн үед тэрээр дөнгөж 57 настай байсан. Мөн Орос улсын нөлөө бүхий дээд түвшний албан тушаалтнууд гадаадад явж байгаад ноцтой бэртэж гэмтэх, нас барсан тохиолдол түгээмэл байдаг зэрэг нь маш их сэжиг төрүүлдэг ажээ.
Михаил Лесин нь ОХУ-ын хэвлэлийн салбарт нөлөө бүхий хүн байсан бөгөөд “Газпром-Медиа Холдинг” гэх Оросын хамгийн мэдээллийн том төрийн өмчит хувьцаат компанийн даргаар ажиллаж байсан аж. Энэ нь одоогийн “NTV“ телевиз юм байна. Тэрээр 2004-2009 оны хооронд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины зөвлөхөөр ажиллаж байгаад 2005 онд “Russia Today” буюу “RT” хэмээх олон улсын мэдээллийн агентлагийг байгуулсан ч 2014 оны арванхоёрдугаар сард гэнэт ажлаа өгчээ. Ажиглагчид түүний гэнэт ажлаа өгөх болсон нь Путины засгийн газартай харилцаа таарамжгүй болсонтой холбоотой гэж үздэг.
Эх сурвалж: GUARDIAN
Холбоотой мэдээ