Уул уурхайн салбарт ажиллагсдыг тэтгэвэртээ гарахад тэтгэмж олгоно

Хуучирсан мэдээ: 2019.03.18-нд нийтлэгдсэн

Уул уурхайн салбарт ажиллагсдыг тэтгэвэртээ гарахад тэтгэмж олгоно

Уул уурхайн салбарт ажиллагсдыг тэтгэвэртээ гарахад тэтгэмж олгоно

Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөдөлмөр, нийгмийн хамгааллын зөвшлийн 2019-2020 оны хамтын хэлэлцээрийн тарифын талаар өнөөдөр /2019.03.18/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Талууд уг хамтын хэлэлцээрийг гуравдугаар сарын 15-нд баталсан бөгөөд найман бүлэг, 70 заалт тусгагдсан байна.

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х. Буянжаргал мэдээлэл өгсөн. Тухайлбал, тус салбарт ажиллагсдад нэмэлт амралт олгох, сул зогсолтын олговрыг 60 хувиас доошгүйгээр олгох, байгууллагын жилийн үр дүнг харгалзан жилд нэг удаа үндсэн цалингаар тооцож зургаан сар  хүртэл сарын цалинтай тэнцэх жилийн дүнгийн үр дүнгийн урамшуулал олгох асуудлыг хамтын гэрээгээр шийдвэрлэх, тэтгэврээ тогтоолгох тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, ажилласан жилээр нь үржүүлж нэг удаа тэтгэмж олгох тухай заасан аж.

Мөн уул уурхайн салбарт орон тоог цомхотгох, ажлын байрыг цөөрүүлэх, хувьчлагдах тохиолдолд ажлаас халагдсан ажилтны нийгмийн баталгааг хангах зорилгоор өмчийн хэлбэр үл харгалзан уг ажилтанд дараах тэтгэмж олгохоор зааж өгчээ. Үүнд:

  • 1-4 жил ажилласан бол 1-4 хүртэлх сар
  • 5-10 жил ажилласан бол 6 сар хүртэл
  • 11-15 жил ажилласан бол 12 хүртэл сар
  • 16 ба түүнээс дээш жил ажилласан бол 24 хүртэл сарын албан тушаалын болон үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгоно хэмээн тусгажээ.

Хэлэлцээрт салбарын 47 мянган ажилчдыг төлөөлж Монголын эрчим хүч,  Геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл, салбарын 300 гаруй ажил олгогчийг төлөөлж Уул уурхайн үндэсний ассоциаци үйлдвэрлэлийн геологичдын холбоо, Монгол нүүрс ассоциацийн төлөөлөл оролцож гарын үсэг зурсан юм байна.

Уул уурхайн салбарт ажиллагсдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг сарынх нь 640 мянган төгрөг болжээ. Гэвч тус салбарт ажиллагсад хамгийн хүнд нөхцөлд ажилладаг хэрнээ хангалттай цалин авч чаддаггүй юм байна. Уурхай бүрийн цалин өөр, өөр. Иймээс салбарт ажиллагсдын эрх ашгийг хамгаалах зорилгоор өмч харгалзахгүйгээр энэхүү хэлэлцээр мөрдөгддөг байхаар тусгаж өгчээ.

Б.ЕСҮХЭЙ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
59
ЗөвЗөв
18
ХахаХаха
17
ХөөрхөнХөөрхөн
17
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж