“Алдаагаа засахгүй сайдтай хариуцлага ярина”

Хуучирсан мэдээ: 2015.04.22-нд нийтлэгдсэн

“Алдаагаа засахгүй сайдтай хариуцлага ярина”

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2014 оны ажлын тайланг сонслоо.

Энэхүү тайлантай холбоотой анхаарал татсан асуудал нь 2014 онд хамгийн олон иргэн албан тушаалд томилогдсон гэх мэдээлэл байлаа. Энэ нь цаад агуулгаараа Засгийн газар өөрчлөгдөж, шинээр байгуулагдсан нь нөлөөлсний зэрэгцээ Аудитын газраас 14 мянган иргэнийг төрийн албанд хамруулах дүгнэлт гаргасантай холбоотой аж. Тодруулбал, 1514 иргэн төрийн захиргааны, 2000 иргэн төрийн тусгай албаны, 10 мянга нь төрийн үйлчилгээний албанд тус бүр хамрагдах болсон байна. Ингэснээр төрийн албанд 183.690 иргэн харьяалагдах болжээ.

Мөн Төрийн албаны зөвлөлөөс гаргасан дүгнэлтээр төрийн албанд хийгдсэн халаа сэлгээ, шилжилт хөдөлгөөн нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд очсон тухай байлаа. Ингэхдээ 2012 оны УИХ-ын сонгуулийн дараагаас төрийн албанд халаа сэлгээ эрчимтэй хийгдсээр өнөөдрийг хүргэжээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын тайлбараар бол Хөдөлмөрийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Гаалийн ерөнхий газарт намын харьяаллаар нь төрийн албан хаагчийг хоморголон халсан тухай хөндөж, энэ асуудлыг бүлгээр хэлэлцээд Засгийн газрыг алдаагаа засахыг шаардсан тухай сануулав. Хэрвээ дээрх алдааг засахгүй бол сайд нарыг огцруулах асуудлыг УИХ-д оруулж хэлэлцүүлэх болно гэсэн юм.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт дээрх асуудалтай холбогдуулж Хөдөлмөрийн сайдад холбогдох албан бичгийг хүргүүлсэн тухай тодотгосон. Хөдөлмөрийн сайдын тушаалаар 57 албан хаагч ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Тэдний олонхи нь үүрэг гүйцэтгэгч байсан, гэхдээ үүрэг гүйцэтгэгч нарыг чөлөөлөөд оронд нь үүрэг гүйцэтгэгч томилох нь зөрчлийг арилгах шалтгаан болохгүй тул сонгон шалгаруулалтыг яаралтай зарлахыг үүрэг болгосон байна. Энэ дагуу сонгон шалгаруулалт зарласан байгаа аж.

Харин УИХ-ын гишүүн Сү.Батболдын тайлбараар 2012-2015 оны хооронд 45 мянган төрийн албан хаагч хөдөлгөөнд орж, ажил албаа өөрчилж, зарим нь ажлаасаа чөлөөлөгджээ. Энэ тухай тайланд дурдсаныг онцлов. Тэрээр  “Гурван жилийн хугацаанд 35 мянган төрийн албан хаагч өөр ажилд шилжиж, 7520 албан хаагч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна. Энэ бол ноцтой асуудал. Ингэхдээ нэг, хоёр сайдын томилгоо сугалж аван яривал утга учиргүй улстөрийн маргаан болно. Уг нь бид төрийн албыг тогтвортой, мэргэшсэн байлгахын тулд улстөрөөр биш хуулиар зохицуулах оролдлого хийж, Канад улсын туршлагыг хуульд тусгаж, ажиллах зарчим барьсан. Харамсалтай нь тэр хуулийг мөрдөж ажиллаагүй. Цаашид ийм байдлаар төрийн алба ажиллаж таарахгүй. Улстөрийн төвшиндөө ойлголцоод төрийн алба мэргэшсэн байх, тогтвортой байх суурь зарчмыг хуулиар төдийгүй улстөрийн намуудын төвшинд хангаж өгөх шаардлага байна” гэсэн юм.

УИХ-ын гишүүн М.Батчимэг “1990 оноос хойш сонгуулиас сонгуулийн хооронд төрийн албанд халаа сэлгээ хийгдсэн.2012 онд халаа сэлгээ яагаад эрчимжсэн бэ гэвэл сонгуулийн тогтолцоотой холбоотой. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд УИХ-ын сонгууль зөвхөн можаритор тогтолцоогоор явж ирж, МАН олонхи суудал авч ирсэн учраас түүнийг дагаад төрийн албанд халаа сэлгээ бага байсан. Сонгуулийн тогтолцоогоо өөрчлөнгүүт эрх баригч хүчин дагаж өөрчлөгдсөн, үндсэндээ олон намын боловсон хүчнийг төрийн албанд оруулах уралдаан явсан. Цаашдаа ч улстөрийн ийм нөхцөл байдалд амьдрах учраас хуулийн цоорхойгоо битүүлэхгүйгээр асуудлыг шийдэхгүй. Гоё хууль баталж болно, сонгуульд аль ч улстөрийн хүчин ялснаас үл хамаарч төрийн албыг бужигнуулахгүй гэдэг хатуу тохироог давхар хийхгүйгээр амжилт олохгүй. Гуравт, нь Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Засгийн газар нь солигдох бүрийд яамдын бүтэц, орон тоо өөрчлөгддөг энэ байдлыг цэгцлэхгүй бол одоогийн зовлон оршсоор байх болно” гэв.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Су.Батболд Төрийн албаны зөвлөлийг татан буулгаж, Төрийн албаны хуулиа ч хүчингүй болгохоос өөр аргагүй байна гэдгийг энэ үеэр онцоллоо.

Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Төрийн алба дотор нарийн шигших юм бол 4000 хүнийг л халж солих боломжтой. Энийгээ намууд хатуу тохирох ёстой, ингэхгүй бол Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга нь сайдынхаа эсрэг ажиллаад байх юм бол хараад л суух уу” гэсэн бол УИХ-ын гишүүн Г.Уянга “намууд хатуу гишүүнчлэлээсээ татгалзахгүйгээр төрийн алба төвшин болохгүй” гэсэн  юм. Ийнхүү гишүүд Төрийн албаны 2014 оны үйл ажиллагаантай тайлантай холбоотой асуудлаар Төрийн албаны зөвлөлийн даргаас асуулт асууж, саналаа хэлснээр байнгын хорооны хуралдаанаа өндөрлүүлэв.

Ингэхдээ Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, төрийн албаны шинэчлэлийг иж бүрнээр нь хийхтэй холбогдсон санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Байнгын хорооны ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Батчимэгээр ахлуулан Су.Батболд, С.Баярцогт, Л.Цог, Н.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтов.
 

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж