Севол” гатлага онгоц 2014 оны дөрөвдүгээр сарын 16-нд живжээ.
Жиндо арлын ойролцоо живсэн “Севол” гатлага онгоцыг татаж гаргах төлөвлөгөөг Өмнөд Солонгосын засгийн газар өнөөдөр /IV.22/ баталлаа. Хохирогчдын ар гэрийнхэн живсэн хөлөг дотроос цогцос нь олдоогүй есөн зорчигчийг олох найдвар тээн “Севол” онгоцыг татаж гаргахыг шаардаж байсан юм. Түүнчлэн ослын нэг жилийн ойн арга хэмжээний үеэр ерөнхийлөгч Пак Кын Хе гатлага онгоцыг тэнгисийн гүнээс гаргах амлалт өгсөн аж. Үүний зэрэгцээ өнгөрсөн амралтын өдрүүдээр Сөүл хотноо хохирогчдын ар гэрийнхэн жагсаал хийж, цагдаа нартай мөргөлдсөнөөс 140 орчим хүн баривчлагдсан билээ.
Гатлага онгоцыг тэнгисийн гүнээс гаргаж ирснээр ослын шалтгааныг илүү нарийн тодруулах боломжтой аж. Гэвч тэнгисийн гүнээс хөлөг онгоцыг татаж гаргахад дээд тал нь 18 сарын хугацаа, 91-137 сая ам.доллар зарцуулагдах тооцоо гарчээ. Хөлөг онгоцыг татаж гаргах ажил есдүгээр сард эхлэх төлөвтэй байна.
“Севол” онгоцны ослоор 304 хүн амь үрэгдсэний 295 зорчигчийн цогцосыг олж гаргасан юм. Хөлөг онгоцонд Ансан хотын ахлах сургуулийн 250 гаруй сурагч зорчиж явжээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Associated Press