Д.Эрдэнэбат: Томилгоо бүр хуулийн дагуу явагдах ёстой

Хуучирсан мэдээ: 2019.03.18-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбат: Томилгоо бүр хуулийн дагуу явагдах ёстой

Д.Эрдэнэбат: Томилгоо бүр хуулийн дагуу явагдах ёстой

УИХ-ын ээлжит бус чуулган эхэлж, хуваарийн дагуу АН-ын бүлэг хуралдаж хурлаар хэлэлцсэн асуудлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

АН-ЫН БҮЛГИЙН ДАРГА Д.ЭРДЭНЭБАТ:

-Ээлжит бус чуулганы  нээлтийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Парламент дахь ёс, төлөвшилт, шинэчлэлийн асуудлаар бодох цаг болсон” гэж хэлсэнтэй нь АН-ын бүлэг санал нэгдэж байна. Одоо урагш харж ажиллах цаг нь болсон. Гарсан алдаа дутагдлаа цэгнэж ард иргэдийнхээ төлөө урагш харж ажил хийхгүй бол улс орны нөхцөл байдал хүндэрлээ гэдэгтэй санал нэгдэж байна. Тиймээс парламентын хяналтыг тогтоох, ёс зүй, хариуцлагыг бэхжүүлэх тал дээр хамтраад ажиллана гэдгээ хэлье. Дараагийн асуудал нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт  өөрчлөлт оруулах хуулийн төсөл маш их гацлаа. Энэ хуулиас эрх баригчид өөрсдөө бултсан. Он гарсаар алт тушаалт эрс буурсан. Хуулийн тодорхойгүй байдал бий болсноос үүдэж эдийн засаг, валютын нөөцөд сөрөг нөлөөл үзүүлж байгаа. Тиймээс эрх баригч нам уг хуулийг нэн даруй нэг тийш болгох шаардлагатай. Өнөөдөр хариуцах эзэнгүй мэт байж болохгүй. Парламентын хариуцлагын асуудал өөрсдөө ярьчхаад буцаагаад  энэ хуулиа ярих болохоор хариуцлагагүй байж таарахгүй. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх дараагийн нэг асуудал нь хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг томилох тухай асуудал. Уг томилгоонууд хуулийн дагуу явагдах ёстой гэдэг зарчмыг манай бүлэг баримтална. Ардчилсан улс орон мөн л бол Үндсэн хууль болон бусад дагалдах хуулийн заалтыг ягштал баримтлах ёстой.

УИХ-ЫН ГИШҮҮН З.НАРАНТУЯА:

-Татварын багц хууль шинэчлэгдэн батлагдах шаардлага зайлшгүй бий. АН засаг барьж байх үед Татварын багц хуулийг боловсруулах судалгаа шинжилгээний ажил эхэлсэн. Уг хууль батлагдсанаар хоёр зүйлд эерэг нөлөө үзүүлэх үр дагавар авчирна гэж харж байгаа. Төсвийн орлогын тогтвортой байдал хангагдсан байх ёстой. Өнөөдөр төсвийн орлогын 80 гаруй хувь зөвхөн татварын орлогоос бүрддэг. Тиймээс аж ахуй нэгжүүдэд дарамт болох бус тэдний орлогын бааз суурийг өргөтгөх илүү олон аж ахуй нэгж байгууллага татвараа төлдөг байх ийм систем рүү орох нь шударга тогтолцоо бий болно. Энэ талаас нь авч үзвэл хуулийг төслийг сайжруулах хэд хэдэн санал байгаа. Эдийн засгийн гол ачааг үүрч яваа аж ахуй нэгжүүддээ дарамт болохгүй татварын орчинг бүрдүүлэх нь уг хуулийн ач холбогдол оршино. Үндсэн хуульд  аж ахуй эрхэлдэг л бол татвар төлнө гэсэн үндсэн заалт бий.  Тэгвэл хуулийн төслөөр уг заалтыг гажуудуулсан зүйл бий. Үүнийг хэлэлцүүлгийн явцад сайжруулах ёстойг АН-ын бүлэг шаардаж байгаа.  ААН-үүдийн татварын өрийг хамаарал бүхий этгээдүүдээр нь тус өрийг төлүүлнэ гэсэн заалт орсон нь Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн. Үхэх, төрөх хоёр нь үнэн гэдэг шиг хэрэв аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг л бол татвараа улсдаа төлөх нь үнэн. Энэ үүргээ биелүүлэх ёстой. Татварын хөнгөлөлтийн асуудалд анхаарах шаардлага бий. 1.5 тэрбум хүртэлх орлоготой ААН-ийн дөрвөн том салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдийг 90 хувийн татварын хөнгөлөлтөд хамруулсан хууль гаргачихсан. Ингэлээ гээд тухайн ААН-ийн экспортын хэмжээ нь нэмэгдсэн эсэхийг нь эргэж харах хэрэгтэй. Эдийн засгийн үр өгөөжийг нь тооцоолж байж асуудалд хандах шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж