Өнөөдөр Монгол эр хүн бүрийн омогших өдөр. Шаардлага тулгарахад хэн нь ч урсах цус, алдах амиа хайрлахгүйгээр ширхэг чулуугаа хамгаалан тэмцэх эрчүүд билээ.
Түүх сөхвөл, 1921 оны гуравдугаар сарын 18-нд Монголын ардын журамт цэргийнхэн Улаан армийн тусламжтайгаар Хиагт хотыг гамин цэргээс чөлөөлж, улсынхаа бүрэн эрх, тусгаар тогтнолыг баталгаажуулах эхлэлийг тавьсан байдаг. Улмаар БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор 1946 оноос эхлэн энэ өдрийг албан ёсоор тэмдэглэх болсон бол УИХ-аас 2003 онд жил бүрийн гуравдугаар сарын 18-нийг “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ.
Орчин цагийн Монгол Улсын Зэвсэгт хүчин өнөөдөр 98 нас хүрч байна. Үе, үеийн эх орончдын халуун амиар туурга тусгаар улсыг байгуулж чадсаныг өнөөдөр хилчид нэр төртэй хамгаалж явна. “Монгол Улсын хил зөрчилгүй, тайван хонолоо” гэсэн хилчний баяртай мэдээгээр эх оронд маань үүр цайж, нар манддаг. Хилчдийн ажил хил манахаар хязгаарлагдахгүй. Шуурганд уруудсан малыг хилээсээ гаргахгүй байхаас эхлээд олон үүрэг хүлээж ажиллах нь бий. Цас бороотой тулалдан байж, хэдэн зуун саяар үнэлэгдэх Монголын баялгийг хилчид хамгаалж үлдсэн байдаг ч тэр бүрт олонд мэдээлэгдэх нь ховор. Хүний амь аварч баатарлаг үйлс байгуулсан байсан ч хийх ёстой ажлаа л хийсэн гэцгээн даруухнаар өгүүлэх нь бий.
Хэдэн жилийн өмнө УИХ-аар хилийн цэргийнхний зардлыг бууруулах асуудал орж ирэхэд тухайн үед Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдорж гишүүдэд хандан “Хөл нүцгэн цэрэг хил манах болж байна уу. Бакаль гэж юу болохыг мэдэх үү та нар” гэж ач тач үзэж байгаад зардлаа тануулалгүй авч үлдэж билээ. Ер нь эдийн засаг хүндэрлээ, төсвийн урсгал зардал хэрээс хэтэрлээ гэхээр л хууль тогтоогчид батлан хамгаалах салбарын төсвийг танах арга зам хайж эхлэх нь бий. Энэ бүгдийг цэрэг армийнхны жаргал зовлонг мэдэх хүмүүс л хэлж учирлаж байж, авч үлддэг.
Орчин цагийн Монгол Улсын Зэвсэгт хүчин өдрөөс өдөрт хүчирхэгжиж байна. Үүнд үе, үеийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Зэвсэгт хүчний ерөнхий командлагч нарын санаачилсан бодлого шийдвэртэй салшгүй холбоотой. НҮБ-ын далбаан дор олон улсад энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчин оролцох зам мөрийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гаргасан бол Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж улам төгөлдөржүүлсэн юм.
Монгол Улс 2002 онд Иракийн эрх чөлөөний ажиллагаанд 180 цэргийн алба хаагчаа илгээж үүрэг гүйцэтгэснээс хойш өнөөдрийг хүртэл давхардсан тоогоор 15 мянга гаруй алба хаагч Энхийг сахиулах ажиллагаанд амжилттай оролцоод байна. Одоогоор Сьерра-Леоне, Ирак, Этиоп, Эритрей, Баруун Сахар, Афганистан, Либери, Чад, Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагаанд оролцож байна.
НҮБ-ын далбаан дор Монгол Улсын Зэвсэгт хүчин олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцохын ач холбогдлыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүний хувьд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ гүнээ ухамсарлан, энхийг эрхэмлэгч улс гэдгээ нотлон харуулж, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйл ажиллагааг тууштай дэмжин, нэгэн үзүүрт сэтгэлээр хүчин зүтгэж ирсэн, цаашид ч энэхүү бодлого, чиглэлийг тууштай баримтлах болно. Зэвсэгт хүчний тухай Монгол Улсын хуульд зааснаар Зэвсэгт хүчний тайван цагт гүйцэтгэх үүргүүдийн нэг бол энхийг дэмжих ажиллагаанд оролцох явдал бөгөөд улс орныхоо аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах төрийн бодлогын илэрхийлэл болсон энэхүү арга хэмжээ нь манай улсын хувьд чухал ач холбогдолтой” гэдгийг тэмдэглэж байв.
Нөгөө талдаа Монгол Улсын Зэвсэгт хүчин олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцдог болсноор ур чадварын хувьд улам дээшилж, Зэвсэгт хүчин цэрэг, техникийн хувьд ч бэхжиж байгаа билээ.
Үе, үеийн Ерөнхийлөгч нараас Ц.Элбэгдоржийн Монголын батлан хамгаалах салбарт оруулсан хувь нэмэр олон юм. Тэрбээр “Оюутан цэрэг” хөтөлбөрийг санаачлан УИХ-аар батлуулснаар өнгөрсөн таван жилийн хугацаанд 5000 гаруй цэрэг богино хугацаанд бэлтгэгджээ. Хугацаа нь гурван сар боловч хамгийн богино хугацаанд хамгийн олон зүйлийг сурч, эх орны цэрэг болж төлөвшиж байгааг энэ албыг хаасан мянга, мянган цэрэг гэрчилдэг. Эцэг, эхчүүд ч ач холбогдлыг нь ойлгож, хүүгээ эх оронч хүн болгохын тулд “Оюутан цэрэг” хөтөлбөрт илүү олон залуусыг хамруулахыг хүсдэг. Зуны гурван сард 500 гаруй залуусыг уг хөтөлбөрт хамруулж байсан бол өнгөрсөн жилээс хоёр дахин нэмэгдүүлж, 1000-д хүргээд байгаа. Энэ жишгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сургуулийн мөр хөөсөн залуус үеийнхнийхээ нэгэн адил цэргийн насандаа алба хаах боломж ч давхар бүрдэж байгаа юм.
Монголынхоо нийт эрчүүддээ Монгол цэргийн баярын өдрийн мэнд хүргэе.
Эх орны минь хил мөнхөд тайван амгалан байг ээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ